Б.БОЛОР
Арав хоногийн дараа тэтгэвэр, тэтгэмж олгогдоно. Ингэхдээ саяхан баталсан хуулийн дагуу нэмэгдэл нь орж эхэлнэ. Дийлэнхдээ цалин, тэтгэвэр хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж байсан. Тэгвэл Сүхбаатар дүүргийн иргэн Д.Зэвэг “Цалин, тэтгэвэр нэмэгдэх нь сайн хэрэг. Гэхдээ халамжийн мөнгө бага ч гэсэн нэмэгдээсэй гээд харж сууна. Асаргаа шаардлагатай ээжийгээ хардаг. Ажил хийх боломжгүй болохоор ээжийн тэтгэвэр, миний асаргааны мөнгө өрхийн маань сарын орлого болчихдог” гэж байв. Энэ мэт ажил хийхийг хүсэвч ямар ч боломжгүй хэсэг бий. Тэдэнд нийгмийн халамжийн тэтгэвэр олгодог ч хангалттай түвшинд хүрч чадахгүй байгаа нь байнга л хэл ам татуулсаар ирсэн. Харин энэ удаад халамжийн тэтгэвэр ямар хэмжээгээр нэмэгдэж буй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
Сард 288 мянган төгрөгийн халамжийн тэтгэвэр авдаг байсан бол ирэх сарын 1-нээс 325 мянган төгрөг авах бөгөөд нийт 65.615 том хүн, 12.882 хүүхэд хамрагддаг байна. Үүнд нийт 17.5 тэрбум төгрөг зарцуулагдана. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүний асаргааны тэтгэмж 84.5 мянга байсныг 275 мянган төгрөгт хүргэсэн. Үүнд нийт 72.4 тэрбум төгрөг зарцуулна. Үндсэндээ халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 89.3 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 121 (7106)