Баатарын НЯМСҮРЭН
“Монгол Улсын Хичээнгүй баатар, Зоригт бэйс Н.Дугаржав-140 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Тус хурлыг Батлан хамгаалахын сайдын дэргэдэх “Иргэний зөвлөл” ҮБХИС-ийн, АБДС-ийн Нийгмийн ухааны тэнхим санаачилсан юм. Н.Дугаржав нь Богд хаант монгол улс болон төрийн хоёр түүхэн цаг үед улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, батлан хамгаалах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж байжээ. Тэрбээр монголын цэрэг улс төрийн томоохон төлөөллийн нэг юм. Судлаач, профессоруудын бэлтгэсэн найман илтгэл тус арга хэмжээнд багтсан байлаа. Тиймээс эрдэм шинжилгээний хурлаар хичээнгүй баатар Н.Дугаржавын намтар түүх, байгуулсан гавьяа, цэргийн түүхэнд оруулсан хувь нэмэр, туулж өнгөрүүлсэн амьдрал замналын талаар өгүүлэв.
Нээлтийн үеэр Н.Дугаржавын ач хүү, “Бид мартахгүй” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Д.Араажав “Миний өвөг эцэг Н.Дугаржавын 140 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болж байна. Өнгөрсөн жилээс эхэлж энэхүү эрдэм шинжилгээний хурлаа хийхээр төлөвлөж, бэлтгэсэн. Том цар хүрээтэй эрдэм шинжилгээний хурал болж байна. Хойч үед маань дурсгалтай үйл явдал болж байгааг онцлоё. Мөн Магсархурцын Дугаржавын хувьсгалын үйл ажлыг ялгаж байгаа юм” гэв.
Тус хурлын үндсэн илтгэлийг “Хичээнгүй баатар, зоригт Бэйс Н.Дугаржавын цэрэг, улс төрийн намтар түүхийн асуудал” сэдвээр ҮБХИС, АБДС-ийн Нийгмийн ухааны танхимийн дарга, доктор, дэд профессор И.Чинбат хийсэн юм. Тэр илтгэлдээ хичээнгүй баатар зоригт бэйс Н.Дугаржав нь Элдэн бэйсийн хошуунаас гаралтай нэгэн бөгөөд 1911 онд 28 настайдаа цэрэгт дайчлагдаж их хүрээнд ирээд Хужир булангийн цэргийн сургуульд суралцаж цэргийн эрдэмд шамдсанаар хувьсгалын үйл хэрэгт оролцох эхлэлээ тавьсан байдаг. Тэгээд Ховдын хязгаарыг товхинуулах цэргийн жанжин Хатанбаатар Магсаржавын удирдлагад Захчин нутгийн Цагаан түнх хэмээх газар Хятад цэрэгтэй хийсэн байлдаанд гарамгай оролцож гавьяа байгуулсан учир “Гутгаар зэрэг” “Тогосын отго” шагнал хүртэж байжээ. Тэгээд цэргийн гурван жилийн хугацаагаа дуусган ард болж амьдарсан ч удалгүй хувьсгалын үйл хэрэгт татагдан оролцож 1921-1924 онд Монгол ардын журамт цэргийн морьт бригадын дарга, өмнөд болон зүүн өмнөд хязгаарыг сэргийлэн захирах сайдаар томилогдон хувьсгалын үйл хэрэгт чин үнэнчээр зүтгэж байсан хэмээн Н.Дугаржавын үйл хэргийг гурван үе шатанд хуваасан байдаг. Үүнд Нэгт 1911-1920 он буюу Богд хаант Монгол улс болон тухайн цагийн эрхээр Барон Унгерний Монгол цэрэгт нэг үе хүчин зүтгэж, цэрэг улс төрийн үзэл бодлыг байр суурийн хувьд төлөвшсөн эхэн үе. Хоёрт 1920-1925 он буюу ардын төр засгийн тэргүүлэх зүтгэлтний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж цэрэг улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа хэрэгжүүлсэн дунд үе. Гуравт 1925 оноос хойш ардын төр цэргийн удирдлага албан тушаалаас үндсэндээ холдож ар гэр ахуй амьдралын үе гэж ангилж болно гэсэн юм. Илтгэгч цааш хэлэхдээ ардын төрийн удирдагч их жанжин Сүхбаатар, Хатан баатар Магсаржав нарын итгэл найдварыг зүй ёсоор хүлээж улс орны тусгаар тогтнол” Батлан хамгаалах үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэх үедээ Н.Дугаржав нь тэдгээр хувьсгалчдын улс төрийн үзэл, баялаг туршлагаас суралцсан томоохон зүтгэлтэн байсан юм гээд эцэст хэлэхэд түүний цэрэг улс төрийн амьдрал тэмцлийн гол зорилго үндэсний ардчилсан үзэл санааг тууштай баримталж ирсэн намтар болон түүхийн судалгааг улам гүнзгийрүүлэн авч үзэж зарим тодорхойгүй байгаа асуудлын үнэн мөнийг олж судалгааны эргэлтэнд оруулах шаардлагатай байна гэдгийг тодотгосон юм. Ингээд Н.Дугаржавын улс төрийн амьдралын тухай хавсралт илтгэлүүдийн талаар хуралд оролцогчидтой санал бодлоо хуваалцсан юм.
ТЕГ-ын Тусгай архивын дэд дарга, доктор Б.Эрдэнэбилэг “Төр нийгмийн зүтгэлтэн Н.Дугаржав баатар нь улсын аюулгүй байдлыг хангах тагнуулын арга хэмжээнд оролцож байсан. Дамбийжанцанг устгах нь сөрөг тагнуулын анхны арга хэмжээ юм. Үүнийг төлөвлөхөд Сүхбаатар жанжин Н.Дугаржав, Нанзадбаатар дотоодыг хамгаалах хэлтэсийн дарга Д.Балдандорж нар үүрэг болгосон байдаг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд төлөвлөгөө баталсан. Тус төлөвлөгөөг батлахад Н.Дугаржав оролцсон байсан юм билээ. Кинонд гардагтай адил Жа лам Дамбийжанцан бэхлэлт газар очиж Нанзадбаатар, Н.Дугаржав бэйсийг засгийн газрын халхавчаар гурван цэргийн хамт очсон. Жа лам Дамбийжанцантай удаа дараа бараалхаж сэжгийг нь арилгасаны дараа манай нэг цэрэг өвчтэй байгаа гэсэн шалтгаанаар зочдын гэрт уриад даалгаварыг биелүүлсэн. Тиймээс “Ичээндээ” киног хийхдээ түүхийн мэргэжлийн хүмүүсээс заавар зөвөлгөө авч бүтээсэн” гэсэн юм.
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн ЭШТА, доктор, профессор Г.Мягмарсамбуу Н.Дугаржав 1921-1922 оны үед гурван удаа хязгаарын цэргийг захирах сайдаар сонгогдож ажиллаж байжээ. 1921 оны тавдугаар сарын 7-ны өдрийн тушаалаар өмнө хязгаарын цэргийг дайчлан захирах сайдаар томилогдсон. Харин Богдын засгийн газар Н.Дугаржавт 600 цэрэг дайчлан татаж Түшээт хан аймгийн мэргэн вангийн хошууны зүүн өмнөд хэсэг, Өвөр монголын Сөнөд, Дөрвөд зэрэг гурван газартай хиллэх хязгаарыг сахин хамгаалахыг тушаасан байна. Тушаалын дагуу хичээнгүй баатар Н.Дугаржав 1921 оны тавдугаар сарын 7-нд сайдын туг тамгаа хүлээн авчээ. Харин тавдугаар сарын 9-нд туушаасан газар нь очсон түүхтэй. Тухайн үед цэргийн сайдын яам тусдаа байжээ. Тухайлбал, сайд, сайдын туслах, бичээч зэрэг 10 хүний орон тоотой байв. Ингээд тавдугаар сарын 17-ноос ажил үүргээ гүйцэтгэж байжээ. Энэ үед хийж буй ажлын үйл явцын талаар засгийн газарт мэдэгддэг, их хариуцлагатай албан тушаал хашиж байсан нь энэ. Үүнээс долоо хоногийн дараа шилдэг 200 цэргээ авч Сүлэн хээрийн зүг мордсон гэнэ. Энэ нь одоогийн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг юм. Тэрбээр энэ талаар “Сүлэн хээрийн нутагт нэгэн хороо цэргийг суулгаад Чулуут, Төгрөгийн цэргийн хороог ирэхэд манай хорооны 200 цэрэг өмнө нь ирсэн байв” хэмээн бичиг хүргүүлж байжээ. Мөн энэ үед Н.Дугаржавын цэрэг Хятадын цэрэгтэй хэд хэдэн удаа байлдсан. Хамгийн том байлдаан нь 1921 оны тавдугаар сарын 28-ны өдөр юм. Энэ нь Уушгин чулуу хэмээх газар болсон. Энэ байлдаан нь бүтэн өдөр үргэлжилсэн ба Н.Дугаржав цэргээ гэдэргэ татаж дахин байлдах бэлтгэл хийж байтал тагнуулын цэрэг цугтсан хэмээн түүхэнд бичигдэж үлджээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 121 (7106)