Баттулгын БЯМБАЖАРГАЛ

Монгол Улс НҮБ-ын цэрэг хандивлагч орнуудын дунд энхийг сахиулагчдын тоогоор 24, энхийг сахиулагч эмэгтэйчүүдийнхээ тоогоор 20 дугаар байрт эрэмбэлэгдэж дэлхийн дахины нэр хүндийг хүлээсэн. Тэгвэл энхийг сахиулагчдыг чадавхжуулах “Хааны эрэлд-2023” олон улсын сургууль "Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв"-д эхэллээ. Сургуулийг Монгол Улсын Зэвсэгт хүчин, Америкийн Нэгдсэн Улсын Номхон далай дахь Хуурай замын командлал хамтран жил бүр зохион байгуулдаг. Энэ жил “Хааны эрэлд-2023” энхийн сахиулагчдын сургуулийг зохион байгуулж эхэлсний 20 жилийн ой тохиож байна. Тодруулбал, “Хааны эрэлд” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуулийг 2003 оноос зохион байгуулж эхлэн 2006 оноос олон улсын хамтарсан сургууль болгосон юм. Энэ хугацаанд ганцхан жил өнжиж байсан нь цар тахлын жил байв.

“Хааны эрэлд-2023” олон улсын сургуульд оролцох олон улсын энхийг сахиулагчдын тоо жил бүр өсөн нэмэгдэж сургуулийн үйл ажиллагаа өргөжин тэлж байгааг нээлтийн үеэр онцоллоо. Улс орнууд жил ирэх тусам оролцох салаа, бүрэлдэхүүнээ өргөжүүлж байгаа төдийгүй шинээр оролцох орны тоо нэмэгджээ. Энэ жил Бүгд Найрамдах Лаос Ард улс хоёр ажиглагчаа илгээж Турк улс анх удаа салаа бүрэлдэхүүнтэй оролцож байна. Сургуульд оролцож буй 26 орны 1100 гаруй алба хаагчид команд штабын сургууль, салаадын хээрийн сургууль, чадавхыг нэмэгдүүлэх сургалтад хоёр долоо хоногийн турш хамрагдах юм.

“Хааны эрэлд-2023” сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг нар болон бусад холбогдох хүмүүс оролцлоо. Түүнчлэн гадаад улсаас Монгол Улсад суугаа элчин сайдууд, батлан хамгаалахын атташе нар, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлагчийн орлогч хошууч генерал Крис Смит болон сургуульд оролцогч зарим улсын зочид, цэргийн төлөөлөгч нар оролцов.

Хоёр долоо хоногийн турш “Таван толгой” сургалтын төвд үргэлжлэх сургуулийг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн өнцөг булан бүрээс “Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцохоор хүрэлцэн ирсэн цэнхэр дуулгатан энхийн сахиулагч та бүхнийг нүүдэлчдийн өлгий нутаг Монгол Улсад тавтай морилохыг хүсье. Манай орны эрс тэс уур амьсгал, говь хангай хосолсон газар зүйн өвөрмөц тогтоцтой нутагт АНУ-тай хамтран 2003 оноос хойш зохион байгуулж буй “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль нь оролцогч улсуудын энхийг дэмжих үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ.  Өнгөрсөн хугацаанд дэлхийн 67 орны 18 мянга гаруй цэргийн албан хаагчид “Хааны эрэлд” сургуульд оролцож Ази, Номхон далайн бүс нутаг дахь энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх таван том сургуулийн нэг болсон нь энэ сургуулийн цар хүрээг харуулж байгаа юм. Түүнчлэн энхийг сахиулагчдын чадавхыг сайжруулах цэргийн сургуульд Бүгд Найрамдах Лаос Ард улс, БНТУ анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Энэ удаагийн сургууль нь цар тахлаас хойш хамгийн олон улс орон, цэргийн алба хаагчдыг хамруулсан сургууль болж байгаагаараа онцлогтой. Эдүгээ Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж НҮБ, дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлсээр байна. Манай улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж 2002 оноос хойш 21 мянган гаруй албан хаагчаа дэлхийн гурван тивд энхийг дэмжих 20 гаруй ажиллагаанд оролцуулаад байна. Бүс нутагтаа томоохонд тооцогдох “Хааны эрэлд” сургууль нь мянга мянган энхийг сахиулагчдыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Түүнчлэн “Хааны эрэлд” олон улсын сургуулийн талаар Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр “Энэ жилийн “Хааны эрэлд” энхийг дэмжих олон улсын сургууль уламжлал ёсоор өргөн хүрээтэй эхэллээ. Есөн орны 10 салаа оролцож байна. Энэхүү сургуулийн зорилго дэлхийн энх тайвныг сахиулахад энхийг сахиулагчдын үүрэг, оролцоо, чадавхийг нэмэгдүүлэхэд оршино. Монгол Улс Тавантолгой дахь энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвд 19 дэх удаагаа буюу давхардсан тоогоор 18 мянган алба хаагч оролцсон сургалтыг зохион байгуулжээ. Цар тахлын жилүүдэд сургуульд оролцох улс орон, алба хаагчдын тоо буурсан байсан боловч энэ жилээс өсөн нэмэгдэж цар хүрээ тэлж байна. Сургалт гурван үндсэн хэсгээс бүрдэнэ. Түүний нэг нь төлөвлөлт, команд штабын сургууль юм. Үүнд стратеги, тактик боловсруулах түвшний цэргийн мэргэжлийн офицерүүд, энхийн сахиулах ажиллагаанд оролцсон туршлагатай алба хаагчдын багаас бүрдсэн бүлгүүд хамтран ажиллаж онолын түвшинд төлөвлөлт хийнэ. Түүнчлэн үлдсэн 10 хоногийн хугацаанд үндсэн бүрэлдэхүүн Тавантолгойн сургалтын төвд нэгдсэн сургалт, дадлагыг практикт хийх юм. “Хааны эрэлд” сургуулийг олон улсын хамтын ажиллагаа болон дэлхийн энх тайвны үйл хэрэгт цэрэг нэг бүрийн үүрэг оролцоог тодотгож өгөх, эмэгтэй энхийг сахиулагчдын оролцоо, чадавхыг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд бэлтгэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар зохион байгуулахаар зорьж байна” гэдгийг онцолсон юм.

Энэ жилийн тухайд “Хааны эрэлд-2023” олон улсын хамтарсан сургуулиар эмэгтэй энхийг сахиулагчдын чадавх, оролцоог дэмжих “Эмэгтэйчүүд-энх тайван, аюулгүй байдал” хурлыг зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Энэ талаар Сургуулийн удирдагч, хурандаа Б.Мөнх-Ирээдүй “Хааны эрэлд” нь 20 жилийн түүхтэй олон улсын хамтарсан сургууль юм. Манай орны энхийг сахиулагчид ажиллагааны газар оронд нэр төртэйгөөр үүргээ биелүүлж ирсэн. Энэ бол “Хааны эрэлд” сургуулийн ач холбогдол, үр дүнгийн илрэл юм. Энхийг сахиулах ажиллагааны хүрээнд хуулийн, хөдөлгөөнт эмнэлгийн бүлгийн, барилга инженерийн зэрэг сургалтыг зохион байгуулна. Мөн “Эмэгтэйчүүд-энх тайван, аюулгүй байдал сургалт, зөвлөгөөнийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөсөн. Сургууль зургадугаар сарын 19-нд эхэлж долдугаар сарын 2-ны өдөр хаалтаа хийнэ. “Хааны эрэлд” сургуульд чадавхийг нэмэгдүүлэх сургалт болон “Эмэгтэйчүүд-энх тайван, аюулгүй байдал” сургалтуудыг нэмэгдүүлснээр чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх өндөр ач холбогдолтой” гэсэн юм.

Энэ жил “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургуулийг зохион байгуулж эхэлсний 20 жил, мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг илгээж Ирак болон Афганистаны дайны дараах сэргээн босголт, аюулгүй байдлын төлөө хувь нэмрээ оруулсны 20 жилийн ой давхцаж байгаагаараа онцлогтой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 121 (7106)