С.САРУУЛ
МАН-ын бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл өгөв. Тэрбээр “Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд жил бүр итгэлцүүрийг батлах, тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмэх асуудлыг тусгасан. Саяхан Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголд бараг 10 жилийн дараа үнийн өсөлттэй уялдуулж, итгэлцүүрийг шинэчлэн баталлаа. Тэтгэврийн 200 орчим тэрбум төгрөгийн зөрүүг арилгасан. Бид жил бүр итгэлцүүрээ батлаад, жил бүр инфляцитай уялдуулж тэтгэврээ нэмэгдүүлээд явбал тэтгэврийн зөрүү гэдэг асуудал үүсэхгүй. Нийгмийн даатгалын багц хууль дээрээ тусгаж өгсөн том өөрчлөлт, шинэчлэл нь энэ болж байна. Жил бүр итгэлцүүрийг Засгийн газар тогтоож, мөн УИХ төсвийг хэлэлцэхдээ тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмж батална гэж тусгасан. Мөн нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлэхээр тусгасан. Тэтгэврийн шимтгэлийн 17 хувиас 2 хувийг нь одоо төлж байгаа хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлээс буцаагаад шууд тэтгэвэр олгоод явж байна. Иргэд дансандаа хэдэн төгрөгтэй байна вэ гэдгийг нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүн асуудаг. Ирэх оноос нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүсийн тэтгэврийн шимтгэлийн хоёр хувь нь бодит байдлаар мөнгөжнө. Энэ нь эдийн засаг, төсвийн орлого нэмэгдэх тусам хоёр хувь нь өсч бодитоор мөнгөтэй байх тогтолцоо руу шилжиж байна. Үүнтэй холбоотой Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог хийхээр хуулийн төслийг боловсруулж байна. Баялгийн сангийн хуультай хамт оруулж ирэхээр төлөвлөж байна. Иргэдийн тэтгэврийн шимтгэл, дээр нь баялгийн хуваарилалтаас хуримтлал үүсээд ипотекийн зээл зэрэг өөрт хэрэгтэй үйлчилгээнд зарцуулах бүрэн эрхийг нь нээж өгнө.
Мөн мөнгөжүүлсэн нэрийн дансныхаа орлогын тодорхой хувийг өвлүүлэх эрх зүйн орчныг Нийгмийн даатгалын багц хуулиар бий болгож байна. Даатгуулагч олон эх үүсвэрээр тэтгэвэр авах боломжийг бүрдүүлж байгаа. Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоонд тусгаж өгөөд, татварын тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж, санхүүгийн зах зээлд оролцох боломжийг нь нээж өгсөн” гэв.
Эх сурвалж: www.polit.mn