Ц.МЯГМАРБАЯР
Татварын ерөнхий газар ухаалаг цахим системийг хөгжүүлснээр татвар төлөгчдөд бизнес скоринг нэвтрүүлж эхэлсэн байна. Бизнес скоринг гэдэг нь тухайн компани татварын хууль тогтоомжийг жигд мөрддөг, тайлангаа цаг хугацаанд нь үнэн зөв ямар ч засваргүйгээр илгээдэг байх. Мөн татвараа цагт нь барагдуулж улмаар ирүүлсэн тайландаа засвар оруулъя гэсэн хүсэлтийг нэг ч удаа ирүүлээгүй тохиолдолд хамгийн өндөр буюу “А” үнэлгээг авна. Ингэснээр тухайн компанийн бизнесийн нэр хүнд өсөж улмаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татахад хамгийн том баталгаа болох юм. Өөрөөр хэлбэл, “А” үнэлгээтэй л бол татварын алба байсан байгаагүйгээс үл хамаарч ухаалгаар татвараа бүрдүүлдэг ухамсартай татвар бүрдүүлэгчид бий болох систем аж. Бизнес скорингийн дээд оноо 105. “А” үнэлгээг авахыг зорих компаниуд нэгдүгээрт, бүртгэлээ үнэн зөв байлгах. Хоёрдугаарт, тайлангаа дахин засварлах хүсэлт ирүүлэхгүй байвал оноо хасагдахгүй гэсэн үг. Оноо хасагдахгүй яваад байх тусам үнэлгээ өндөр байсаар л байх аж. “А” үнэлгээ 90-105, “В” 60-90, “С” 70-60 оноотой бол “D” нь 00 байх аж. Хэрэв “D” үнэлгээг авбал дараагийн гурван жилдээ “А” үнэлгээ авахгүй юм байна. Харин зөв тайлагналтай байх тусам сайжирсаар дараагийн сайн үнэлгээ рүү шилжих ухаалаг систем. Өөрөөр хэлбэл, өмнө “эксел” программ дээр тайлан хүлээн авдаг шиг утгын томьёог өөрчилж засах боломжгүй болсноор татварын тайланг засварлах нөхцөл үгүй болж байгаа аж.
Бизнес скоринг болон эрсдэлийн үнэлгээг нэвтрүүлж буй систем нь “neol4j” гэх программ юм. Манай улс “neol4j” хэмээх өгөгдлийн шижилгээ бүхий албан ёсны лиценз бүхий программыг ийнхүү Татварын албандаа нэвтрүүлэх эрхийг авсан байна. Энэ нь 10 сая бичлэг буюу тайлан, судалгаа, шинжилгээг долоон секунтэд уншиж боловсруулалт хийж таамаглал дэвшүүлдэг олон улсад хэрэглэгдэж буй ухаалаг өгөгдлийн систем. Өмнө нь татварын өгөгдлийн сан дахь судалгаа шинжилгээнд анализ, боловсруулалт хийхэд 72 цаг зарцуулдаг байсан бол энэ систем нэвтэрснээр даруй хурд долоон секунт болж хүний гараар хийх ажиллагаа эрс багасаж байгаагаар давуу талтай. Түүнчлэн “А”болон “В” үнэлгээтэй компанитай хэрхэн харьцах мөн “С”,”D” компанитай хэрхэн харьцах нь ялгаатай байх нь. Тухайлбал, бага үнэлгээтэй компанид хяналт, зөвлөн туслах, сайжруулах улмаар шалгалт оруулах, торгох, алданги оногдуулах, гээд ялгаатай хандаж татварын үйл ажиллагаа үүнд илүү чиглэж ажиллана гэсэн үг. Энэ тухай Татварын ерөнхий газарт татвар төлөгчдөд эрсдэлийн үнэлгээ, бизнес скорингийн танилцуулах сургалтын үеэр ТЕГ-ын дарга Б.Заяабал тайлбарласан юм. Мэдээж бизнес скоринг үнэлгээг өгөхдөө том татвар төлөгч, бага болон бичил бизнес эрхлэгч аж ахуйн нэгж зэргээр ангилж сигментийн хүрээнд үнэлгээг өгнө.
Үүний зэрэгцээ эрсдэлийн үнэлгээнд өөрчлөлт орсон байна. Өмнө нь тухайн компани их, бага болон хэр зэрэг эрсдэлтэй байгаагаа мэдэхгүйгээс олон мянган төгрөгийн татварын өр болон алдангийн торгууль төлдөг байсан. Тэгвэл системийн шинэчлэлийн хүрээнд тухайн компанийн эрсдэлийн үнэлгээг сануулж, улмаар засах, сайжруулах боломж олгодог болжээ. Ингэснээр хүү, торгууль, алданги үүсэхээс урьдчилан сэргийлдэг болж байгаа нь татвар төлөгчдөд таатай нөхцөл бүрджээ. Одоогоор өндөр орлоготой төсвийн нөлөөлөл өндөр 9000 том аж ахуйн нэгж байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн нэг удаагийн доголдол төсөвт нөлөөлөх нөлөөлөл өндөр байдаг учраас эрсдэл өндөртэй гэсэн үг. Харин бага зардалтай ашиг өндөртэй 5000 аж ахуйн нэгж байгаа нь эрсдэлгүй сигментэд багтаж байгаа юм байна. Харин 31 мянган аж ахуйн нэгж бага эрсдэлтэйд багтаж байгаа бол 200-300 аж ахуйн нэгж эрсдэлгүй ангилал руу шилжих шатанд байгаа бол дунд эрсдэлтэй 9000 орчим аж ахуй нэгж байна. Ер нь хувийн жин эзэлж буй эрсдэл зэргээр зургаан дэд үнэлгээтэй. Үүнд материаллаг зөрүүгийн эрсдэл, санхүүгийн шинжилгээний харьцааны алдагдал, салбарын дундаж үзүүлэлтийг тооцоолсон үнэлгээ эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, мөн ДНБ-нд нөлөөлөх харьцааны үнэлгээ орно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 120 (7105)