З.БАТЦЭЦЭГ

 

Лхагва гарагт Цюрих хотын төвд болсон "эмэгтэйчүүдийн" жагсаалд 15,000 орчим хүн оролцсон гэж хотын цагдаагийн газраас мэдэгдэв.

Энэхүү жагсаал нь энэ жил “Цалин, цаг, хүндэтгэл” уриан дор зохион байгуулагдаж буй үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн ажил хаялтын нэг хэсэг юм.

"15,000 орчим хүн оролцсон нэгдсэн жагсаал 18.00 цагт эхэлсэн. Жагсаал тайван байсан" гэж цагдаагийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Швейцарьт эмэгтэйчүүдийн ажил хаялт жил бүрийн зургадугаар сарын 14-нд 30 гаруй жил болж байна. 1981 оны энэ өдөр тус улс үндсэн хуульд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдлыг хангах, тэр дундаа цалин хөлсний тухай нэмэлт, өөрчлөлтийг баталж, яг 10 жилийн дараа олон зуун мянган Швейцарь эмэгтэйчүүд эдгээр хууль тогтоомжийн өөрчлөлтийг дагаж мөрдөхийг шаардаж анхны ажил хаялтыг зохион байгуулжээ.

Энэ жил эмэгтэйчүүд жендэрт суурилсан, бэлгийн болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний хэмжээнд арга хэмжээ авах, үр хөндөлтийг үнэ төлбөргүй хийх эрхийг үндсэн хуульд тусгах, эцэг эхийн аль алинд нь жирэмсний амралтаа нэг жил хүртэл нэмэгдүүлэхийг шаардсан.

Эх сурвалж: www.polit.mn