Б.БЯМБАЖАРГАЛ
Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт уламжлал ёсоор 10:00 цагаас орон даяар нэгэн зэрэг Монголын түүх хичээлээр эхэллээ. Элсэлтийн ерөнхий шалгалтад энэ жил 34432 шалгуулагч 10 төрлийн хичээлээр өгөхөөр бүртгүүлсэн байна. Шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжилсэн. Нийт бүртгүүлсэн шалгуулагчийн 30744 нь энэ жил Ерөнхий боловсролын 12 дугаар ангиа төгссөн сурагчид байгаа бол 3688 нь давтан шалгалт өгч байгаа болон өнгөрсөн жилийн төгсөгчид байгаа аж. Нийт шалгуулагчдын ихэнх нь математик, англи хэлний шалгалтыг сонгон өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, 23000 орчим буюу 66.7 хувь нь математикийн хичээлээр 21976 шалгуулагч англи хэлний хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Харин өнөөдрийн элсэлтийн ерөнхий шалгалтын салхийг хагалсан Монголын түүхийн шалгалтад 1600 шалгуулагч улсын хэмжээнд хамрагдаж байгаа аж.
ЭЕШ-ийн дүн оноог блокчейнд байршуулснаар хөндлөнгөөс засах, устгах боломжгүй
Сүүлийн жилүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт, дүн оноог бодох аргачлал, мэдээллийн аюулгүй байдал зэрэгт олон өөрчлөлтийг хийсэн. Тэдгээрийн нэг нь өнгөрсөн жилээс шалгалтын дүн, оноог блокчейн системд байршуулдаг болсон явдал юм. Мөн “BI” системийг нэвтрүүлж улс, аймаг, сургуулийн түвшинд ашиглах боломжийг бүрдүүлжээ. Тухайлбал, багшийн бэлтгэсэн сурагчдынхаа материалд хийсэн анализаас ямар агуулгыг тааруухан ойлгосон байна, аль дасгалыг бүрэн гүйцэтгэж байна гэдгийг мэдэх боломжтой болно. Ингэснээр холбогдох боловсролын газрууд, сургуулиас сурагчдын шалгалтын материалд анализ хийгээд цаашид сургалтын хөтөлбөр, агуулгадаа нэмэлт сайжруулалт хийгээд явах боломжтой. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Д.Ганбат “Өнгөрсөн жилээс эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авдаг болсон.
Үүний дагуу энэ жил зургадугаар сард болон арванхоёрдугаар сард зохион байгуулна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авдаг болсонтой уялдуулан их, дээд сургуулиуд өвлийн нэмэлт элсэлт авдаг болсон. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын элсэлтийн ерөнхий шалгалтаас эхлэн шалгалтын дүн оноог блокчейн системд байршуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, шалгалтын байранд шалгалт өгч хариултын хуудсыг засах машинаар уншуулсан дүн оноо автоматаар блокчейн системд байршиж байгаа. Ингэж блокчейн системд байршсанаар цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүний гар арга оролцохгүйгээр автомат бодолт хийгдэн бүх дүн оноотой холбоотой процесс автоматжиж байгаа юм. Хамгийн гол нь шалгуулагчийн дүн оноо нь 100 жилийн хугацаанд устаж үгүй болохгүй найдвартай хадгалагдана. Нөгөө талаасаа блокчейнд нэгэнт бүртгэгдсэн дүн оноог хэн нэгэн хөндлөнгийн нөлөөгөөр өөрчлөх, засах боломжгүйгээрээ давуу талтай” гэсэн юм. Өнгөрсөн жилээс олон улсын шалгалтын оноог элсэлтийн ерөнхий шалгалтын оноотой дүйцүүлж эхэлсэн. Тухайн үед 1000 орчим сурагчид дүн оноогоо дүйцүүлэх хүсэлт ирүүлсний дийлэнх нь олон улсын хөтөлбөртэй хувийн сургуулийн сурагчид байжээ. Тэгвэл энэ жил олон улсын оноогоо дүйцүүлэх хүсэлтэй хувийн болон улсын сургуульд суралцагчдын тоо 4000 орчим болж нэмэгдсэн байна. Ялангуяа олон улсын шалгалт өгсөн оноогоо ЭЕШ-ын оноотой дүйцүүлэх хүсэлт илгээсэн улсын сургуулийн сурагчдын тоо эрс ихэсжээ.
Шалгалт авах байруудын ойролцоо түгжрэл үүсэхгүй байх зохицуулалт хийнэ
Элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй шалгуулагчдыг дэмжих, шалгалтаасаа хоцрохгүй байхад анхаарч нийслэлийн зүгээс нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах зохицуулалт гаргасан. Түүнчлэн шалгуулагч шалгалтаас хоцрохгүй байхад анхаарч Тээврийн цагдаагийн албанаас шалгалтын байрны ойр орчимд түгжрэл үүсгэхгүйн тулд зохицуулалт хийж ажиллаж байгаа аж. Улсын хэмжээнд шалгалтад бүртгүүлсэн 34432 шалгуулагчийг урьдчилан бэлдсэн 47 байранд хуваарилж шалгалтыг зохион байгуулж байна. Улаанбаатар хотод 23, орон нутагт 24 шалгалтын байрыг шаардлага, стандартын дагуу бэлтгэжээ. Шалгалтын байр болгонд хэв журам сахиулах цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн шалгалтын зохион байгуулалтад багийн ахлагч, сэдэв хариуцагч, шууд засагч, хянагч багшийн ахлагч, зохион байгуулагч багш нар, эмч, үйлчлэгч, цагдаа гэсэн нийт 2460 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа аж. Хөдөө орон нутагт 1269, нийслэлд 1191 хүн багийн бүрэлдэхүүнд орж бэлтгэл ажлыг бүрэн ханган ажиллаж байгааг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Шалгалтыг алдаа, дутагдалгүй зохион байгуулах зорилгоор шалгалтын комиссын бүх гишүүдэд танхимын болон онлайн сургалтуудыг зохион байгуулсан гэдгийг онцлов.
Маргааш элсэлтийн ерөнхий шалгалт хими, газар зүй, нийгэм судлалаар үргэлжилж зургадугаар сарын 17-ны өдөр биологи, математикийн шалгалт зохион байгуулагдана. Шалгалтын хамгийн сүүлийн өдөр физик, орос хэл, монгол хэлний шалгалт болох аж. Тэгвэл өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн шалгуулагчдын байр суурийг хүргэе.
Б.Мижиддорж: Брайлиар өөрсдөө хариугаа бөглөмөөр байна
\Ерөнхий боловсролын 116 дугаар тусгай сургуулийн сурагч \
-Шалгалтын агуулга тийм ч хүнд байгаагүй. Шалгалт өгөх байранд орсны дараа хөтөч багшийн тусламжтайгаар суудлаа эзэлж шалгалтаа өгсөн. Харааны бэрхшээлтэй шалгуулагчид өөрсдөө материалаа уншиж өгөөд багш нар хариуг нь цаасан дээр бөглөдөг. Шалгалт өгөх бүх процесс ойлгомжтой, цэгцтэй байлаа. Багш нар алхам бүрд тусалсан учраас шалгалт өгөхөд хүндрэл гараагүй. Гэхдээ элсэлтийн ерөнхий шалгалтын хариугаа өөрсдөө брайлаар шивж хариултаа бөглөмөөр байна. Шалгалтын хариу бөглөж байгаа багш нар шударгаар ажиллаж байгаа хэдий ч санамсаргүй алдаа гаргах магадлалтай. Тиймээс шалгалтын материалаа унших, хариултаа бөглөх үйл ажиллагааг бие даан гүйцэтгэх боломж, нөхцөлөөр хангаж өгөхийг дараа жилүүдэд шалгалтад хамрагдах тусгай сургуулийн сурагчдын өмнөөс хүсэж байна.
М.Одсэржмаа: Шалгалт өгөхөд шаардлагатай бүх мэдээллийг багш сайн өгсөн
\Нийслэлийн 111 дүгээр сургуулийн сурагч\
-Англи хэлний хичээлийг үндсэн шалгалт өгөх хичээлээр сонгоогүй. Өөрийн түвшнээ тодорхойлохын тулд бие даан бэлдсэн. Ингэхдээ “pomidor” аргыг ашиглаж 25 минут тест ажиллаж 25 минут сурах бичгийн агуулга, өмнө үзсэнээ сэргээн санах, баталгаажуулах зорилгоор давтан уншдаг. Үндсэн гурван хичээлийн шалгалтаа өөрийн хэмжээнд сайн бэлдсэн санаа зовж байна. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөд шаардлагатай бүх мэдээлэл, авч очих баримт, бичгийг ангийн багш маш сайн тайлбарлаж захисан. Гэхдээ шалгалт өгөх сургуулийн орц, гарц, хаалганы нэмэлт тэмдэглэгээ огт байршуулаагүй нь ойлгомжгүй санагдаж байна. Шалгалт өгөх ангид ус оруулахыг хориглодог. Би ус уухгүй бол зүрх дэлсэж маш их сандардаг буюу эрүүл мэндийн шалтгааны улмаас ус уух шаардлагатай байдаг. Тиймээс шалгалтын үед ус чадахгүй учраас санаа зовж байгаа.
Эх сурвалж: www.zms.mn