Г.АНУЖИН

 

Хүүхдүүд хамгийн багадаа 13 наснаасаа цахим орчны хэрэглэгч болох олон улсын стандарт бий. Гэтэл өнөөдөр үүнээс ч бага насны хүүхдүүд ухаалаг утас, зурагтыг ямар ч хяналтгүй үзэж байна. Энэ бүхэн эцэг эхчүүдээр хязгаарлагдахгүйгээр улс орны өмнө хүндхэн сорилт болж байгаа юм. Тиймээс хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагууд цахим орчин дахь хүүхдийн эрхийг үндэсний хэмжээнд хэлэлцлээ.

Хүүхдүүдэд “итгэлцлийн тойрог” хамгийн чухал. Энэ тойрогт зөвхөн гэр бүл, дотны хүмүүс багтаж байх учиртай. Гэтэл цахим орчноор дамжуулан таньж мэдэхгүй хүмүүс хүүхдийг бага багаар дасгасаар “итгэлцлийн тойрог”-т нь орсноор гэмт хэрэгт өртөж байна. Ингэхдээ нэг хүүхдээр дамжуулж таван найзыг нь оролцуулдаг гэсэн судалгааг олон улсын байгууллагууд онцоллоо. Энэ шинэ сорилт, аюулаас сэргийлэхийн тулд үүрэг хүлээгчид хүүхдээ хүчирхэг болгож өсгөх хэрэгтэй. Нэг хүн эргэн тойрны таван хүнээ эрсдлээс хамгаалах чадавхид суралцах шаардлагатай байгаа. Үүний хамгийн наад захын зүйл бол хүүхдээ цахим аюулаас хамгаалах 4А аргад суралцахыг бүх насныханд уриаллаа. 4А арга нь, Анзааръя буюу бүх мэдээлэлд шүүлтүүртэй хандах, биеийн хэлэмжийг  анзаарч тэмдэглэх, Ажиглалтын дүрэм буюу олон удаагийн уулзалтын үед өөрийнхөө сэтгэлзүйн тэнцвэртэй байдлыг ажиглаж байх. Дараагийнх нь айлгах буюу эмзэглүүлэх, айлгахгүй байхаас сэргийлж хуулийн заалтуудыг дурдах нь сэтгэл хөдлөлдөө авталгүй мэргэжлийн хандахад тусалдаг, сүүлийнх нь амлая буюу үйлчлүүлэгчийн найз, ээж, эгч, гудамжны хүн зэргээр олон янзын дүрд орох шаардлагатай болдог ч ямагт ёс зүйтэй байх хэрэгтэй гэсэн дүрмийг  ЭКПАТ Монгол үндэсний сүлжээний Ажлын албаны зохицуулагч Б.Ихтамир танилцууллаа.

Хүүхдүүдийн асуудлыг хэлэл­цэхдээ өөрсдийг нь оролцуулдаг, саналыг нь сонсдог байя гэдэгт олонх санал нэгдлээ. Зарим илтгэгчдийн байр суурийг хүргэе.

ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа:

-Цахим орчны хүүхэд хамгааллын асуудлаар Хүүхэд хамгаалах тухай хуульд заасан зургаан үйлчилгээг үзүүлж байна. Хүүхэд хамгааллын тухай хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, нэр төрлийг нь тодорхой зааж шинэчилж УИХ-аар хэлэлцэхэд бэлэн болсон. Яамнаас хүүхэд хамгааллын талаарх олон нийттэй харилцах, урьдчилан сэргийлэх стратеги хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.

ЦХХХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Л.Нямдорж:

-Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8.2-д заасныг үндэслэн “Найз байя” аяны зохион байгуулсан. Энэ хүрээнд “Мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээс үүдэн цахим орчны хүүхэд хамгаалалд нөлөөлөхүйц  контентуудыг хийхээр төлөвлөж байна. Эрх зүйн орчны хувьд Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хуулийг шинэчлэх, цахим гэмт хэргийн нэр томъёог олон нийтэд ойлгомжтой болгох, эцэг эхийн хяналтыг сайжруулах зорилгоор эцэг эх, асран хамгаалагчийн цахим орчны хэрэглээг сайжруулах, сургалт зохион байгуулах хэрэгтэй. 

БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын удирдлагын зохицуулалтын газрын дарга Б.Гантулга:

-Олон улсын судалгаанаас үзвэл хүн өдөрт 6-11 цагийг цахим орчинд өнгөрөөж байна. Үүнд тулгуурлан манай улсын сургууль, цэцэрлэгийн насны 900 мянга гаруй хүүхдэд цахим орчны ойлголтыг сургалтын хүрээнд олгож байна.  Боловсролын цахим шинэчлэлийн хүрээнд цахим платформуудыг туршиж байгаа бөгөөд өнгөрсөн онд анхны цахим сургуулийг бий болгосноор багшаар дамжуулж суралцах боломж бүрдсэн юм. Мөн интернетэд өдөрт хоёроос дээш цагийг зарцуулж буй хүүхэд сэтгэл гутралд орох нь нэмэгдэж байна гэсэн судалгаа гарсан.

Гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл:

-Зөвхөн цахим орчин дахь хүүхэд хамгаалал гэлтгүй, хүний эрхийн талаар ярих  хэрэгтэй. Бүх нийтээрээ цахим бичиг үсэгтэн болохын тулд насанд хүрсэн хүмүүст энэ талаарх ойлголтыг өгөх нь чухал байна. Олон салбарыг хамарсан нэгдсэн өргөн хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй бөгөөд хүүхдээ эрсдэлээс хамгаалахын тулд эцэг эхчүүд өөрсдөө мэдлэгтэй байх шаардлага тулгарч байна.

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Б.Батзориг:

-Сүүлийн гурван жилийн байдлаар цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад 15000 бүртгэгджээ. Мөн сүүлийн таван жилийн байдлаар цахим орчинд хүүхэд хохирсон гэмт хэрэг зүйлчлэлээрээ 173 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ оны эхний таван сарын байдлаар 17 орчим бүртгэгдсэн байна. Үүний эсрэг цагдаагийн байгууллагаас Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, хүүхэдтэй харьцах албан хаагчийн орон тоо зэргийг шинээр байгуулсан. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 118 (7103)