Дуламын ЦЭРЭННАДМИД
Хөдөө хээр эхийнхээ хэвлийгээс унаж нутгийнхаа торго шиг зөөлөн хөрсөнд өлгийдүүлж хорвоод мэндлэхдээ эхийнхээ цагаан сүүг амсаагүй ч азаар хүн болж эдүгээ олон түмэндээ ухааныхаа хайр хишиг, ач тусыг хүртээж явна гэхэд үлгэр мэт санагдаж мэдэх юм. Тэгвэл энэ бол үнэн түүх юм л даа. Яагаад гэвэл тэр түүхийг бүтээгч Б.Баасансүрэн гэдэг эрхэм өөрөө ярьж байналээ.
Тэр Биологийн болон анагаахын шинжлэх ухааны доктор мөнхүү Монголын шинжлэх ухааны гавъяат ажилтан юм.
Тэгэхдээ зүгээр нэг жирийн эрдэмтэн биш дэлхийн хамгийн хүйтэн цэгийн нэг хойд туйл буюу тундрт 30-аад жил өөрийгөө “цөлж” урьд нь хаанахын хэн ч хийж бүтээгээгүй шинжлэх ухааны судалгаа шинжилгээгээ үр дүнд хүргэсэн нь олон газар орны хүмүүсийг эрүүл энх, аз жаргалтай амьдруулж чадсан содон хүмүүн юмсан билээ.
Эрдэмтэн Б.Баасансүрэн саяхан Монголдоо түр буудаллахдаа шинжлэх ухаанд оруулсан 30 жилийн хөдөлмөрийнхөө тухай тайлан үзэсгэлэнгээ “Чингис хаан” музейн саруул танхимд дэлгэн үзүүлсэн юм.
Уг үзэсгэлэнг үзсэн бүхэнд түүний эгнэшгүй хөдөлмөрч энгүй ухаалаг хүн юм гэсэн сэтгэгдэл төрүүлсэн бизээ. Сэтгүүлч миний хувьд урьд нь уулзаж тав, гурван үг сольж явсан танилын ёсоор уулзаж ярилцсанаа энд толилуулж байна.
-Таны тухай тун багахан зүйл мэдэх төдий л юм даа. Тэр дотор бага насны чинь тухай бол сураг ч сонсоогүй ээ. Тиймээс энэ тухай ярилцвал сонин болов уу?
-Би гадаад, дотоодын олон хүнтэй ярилцаж, яриа сурвалжлага өгч байсан.Тэгэхдээ зөвхөн эрдмийн хүний бүтээл, ололт амжилт гэж л ярьж байснаас өөрийн амьдралын намтар нарийн ширийнийг тэгж их дэлгэж байсангүй ээ. Харин өөрт чинь итгээд хүн болсон нууцхан бас нандин түүхээсээ дурсъя гэж бодлоо. Миний аав Буджавын уугуул нутаг нь Баянхонгор аймаг. Ламын гэгээний удмын хүн. Далай ламын шадар нэгэн байсан юм гэдэг. Ижий маань болохоор Архангай аймгийн Их тамирт нутаглаж байсан. 32 зарцтай хур баян айлын ганц охин нь байсан юм гэдэг. Тийм болохоор эрх дураараа бэлэн юман дээр хөлбөрч өсч л дээ. Байсан юм гэж хэлж байгаа маань учиртай л даа. Малдаа ч явж байсан юмуу хээр гадаа намайг төрүүлээд л өөрөө бурхан болсон нэгэн. Өнөөгийн Их тамир сумаас зүүхэн урьд Эрдэнэтолгой гэж содон овоо бий дээ. Тэндхийн ариун хөрсөн дээр би унасан гэдэг. Тэр газарт би хожим нь маанийн үсэг сийлүүлсэн. Эхийнхээ цагаан сүүг амсаагүй өнчин хүү хүн болсон нь азтай сайхан явдал байлаа.
-Тэгвэл аавынхаа тухай илүү сайн мэдэх байх даа?
-Манай өвөө Ламын гэгээний хийдэд ном хурдаг лам хүн байсан юм билээ. Аав ч бас номтой нэгэн байв. Тиймээс баригдаж тавигдаж ч үзэж. Дараа нь баян айлд зарагдаж жин тээж яваад Түвдэд үлдэж тэндээ ном үзсэн. Далай ламын дэргэд байдаг хүн байжээ. Энэ тухай Баянхонгорын түүхийг бичсэн хүмүүсийн тэмдэглэлд багтсан байдаг юм. Тухайн үед би ямар замаар ч юм Түвдэд очиж аавынхаа дэргэд Чойрын ном эхлэн үзсэн. Оточ маарамбуудын юмруу өнгийн үзсэн ч бий. Зарим судар бичигт тэмдэглэснээр эх хүний ач хариулах тус хүргэх тухай сэтгэл санааны сайхныг олж мэдэрсэн. Тэгснээр амьдралыг танин мэдэх ухаан суух эхлэлээ тэндээс олж авсан гэж боддог.
-За тэгээд Түвдээс хэзээ буцаж ирсэн юм бэ?
-Миний буцаж ирсэн түүх их сонин л доо. Түвдэд үймээн болж лам нарыг толгой дараалан барьж хэлмэгдүүлж байсан үед сайн санаат хүмүүс намайг нууж авч үлдсэн. Тэгээд Монгол руу очуулах арга сэдсэн нь тэмээний хээлэнд намайг нууж л дээ. Өмнөговь аймгийн нутгийн хилээр 1966 онд шуурганаар хэсэг тэмээ орж ирэхэд хэрэг илэрч би Оросын хилчдэд баригддаг юм. Тэгээд тагнуул, туршуул нэртэйгээр жил шахам хоригдсон. Тэгж байгаад хоёр улсын хилийн хэлэлцээрээр ч юмуу намайг НАХЯ, Батлан хамгаалах яамны мэдэлд шилжүүлж өгсөн байдаг. Нөгөө л тагнуул байж магадгүй гэсэн нэрийн дор хяналтад өгсөн хэрэг л дээ. Ингээд нэг их илүү гишгэх эрхгүй амьтан цэргийн госпитальд аль л хүнд хэцүү хэсэгт нь ажиллаж зургаан жил болсон. Бас хүн эмнэх талын жаал жуул мэдлэгтэй болсноо ил гаргах санаа их байлаа. Нууцаар ганц нэг удаа хүн барьж эм тан өгөөд байнгын ажиглалт хяналтад байдаг хүн чинь буруудаж ч үзсэн удаатай. Цэргийн госпиталийн бүх л ажилд гар бие оролцож удирдах хүмүүсийнх нь итгэлийг олж авч байлаа. Түргэний эмчтэй хамт явж өвчтөнд тусална. Гэмтсэн цэргүүдэд уламжлалт аргаар тус үзүүлнэ. Нэг удаа цэргийн марафон гүйлтэд оролцож түрүүлээд Алдар нийгэмлэгийнхэнд талтай болсон. Надад гэр өглөө. Нөгөө хараа хяналт ч суларлаа. Намайг жанжин штаб дээр дуудаж "Чамайг ЗХУ-д эмнэлгийн сургуульд явуулна" гэлээ. Би зөвшөөрөөгүй ээ. Яагаад гэхээр хилийн будлиан гаргасан нэртэй хүн гэтэл цэргийн том погон зүүгээд ханхалзаж явж таарахгүй. Монголын батлан хамгаалах байгууллагын нэр хүндэд ч муу юм. Харин намайг ард олны дунд чөлөөтэй ажиллах, амьдрах эрх л өгчих гэж би хэлсэн. Энэ нь ёсоор болж Үйлдвэрийн нэгдүгээр хороололд /Хятад хороолол гэж байсан/ нэг жижиг шавар байшинд амьдардаг болсон. Энэ бүхнийгээ би зовлон зүдгүүр гэж санаж явсангүй. Хүнд тохиолддог л зүйл гэж бодож явлаа. Нэг их гуньж гутраад ч байсангүй. Харин цаашид сурч мэдэх юмсан, мэдсэн сурснаараа бусдад тус хүргэхсэн гэж л хичээж явж дээ.
-Та чинь нэг хэсэгтээ багш байсан гэдэг билүү дээ?
-Тиймээ УБДС-ийг онц төгсгөөд багш болсон. Сүрхий нэр хүндтэй багш явсан. Хот, районы шилдэг багш болж үзлээ. Нийслэлийн 83 дугаар дунд сургуульд багшилж байхдаа спортод сонирхолтой учир хүүхдүүдээ гадаад, дотоодын уралдаан тэмцээнд авч явж дасгалжуулж байлаа. Бас нэг тэмдэглэж хэлэх юм гэвэл Монголд анхны хувийн дээд сургууль байгуулалцаж биеийн тамирын үндэсний дээд сургуульд хичээлийн эрхлэгчээр ажилласан үе бий. Х.Баянмөнх аварга ч надад их нөлөөлж байлаа. Би чинь санасан бодсоноо гүйцэлдүүлэх, хийе бүтээе гэснээ хийхийн төлөө цөхрөлтгүй явдаг хүн. Энэ нь хамт ажиллагсад, удирдах хүмүүстээ дандаа сайнаар үнэлэгдэж ирсэн юм шүү. Хүн ер нь зовж явж л юм сурдаг юм гэж боддог. Энэ нь өөрийн амьдралаас ухаарсан олж авсан зүйл байх. Тэгээд ч ямар ч ажил албатай байсан ч мэддэг чаддагаараа хүнд туслахсан гэж бодож явлаа. Нэг удаа Увсын Хяргаст Х.Баянаа аваргатай явж байхдаа нэг төрж чадахгүй байсан залуу эмэгтэйг барьж илж эсэн мэнд төрүүлсэн юм. Тэгтэл маргаашнаас нь над дээр хүмүүс очерлоод л сүйд болж байв. Урамшиж ч байлаа. “Эх хүнд тус хүргэж яваарай гэсэн Далай багш болох аавын минь захиас ч надад их эрч хүч өгдөг. Миний хөдөлмөрийн гол үр дүн гэвэл уламжлалт анагаах ухааны ид шидийг олж таньсан явдал. Тэр дотроо цаа буга судлах ажлыг онцгойлон авч үзсэн нь өнөөгийн зэрэгт хүрэхэд нөлөөлсөн юм шүү.
* * *
-Таны туулж өнгөрүүлсэн амьдралын түүхийг чинь сонсож байхад өнчирч зовсон, өөлүүлж шоолуулж явсан алаг булаг үе нэлээд байжээ. Гэтэл тэр бүхэнд нугаршгүй байж чаджээ дээ өөрөө?
-Тэр эрээн бараан тохиолдлуудад бууж өгөөгүй би сөрж амьдарсан. Суръя бүтээе гэснээ хийсээр л явна. Нэг зүйлийг хэлэхэд хүн зовлон дунд амьдралыг таньж мэддэг, улмаар юм сурдаг юм шүү дээ. Хүний ухаан суух аливаад эргэцүүлж бодох үе бол 50-60 нас юм билээ. Би хүүхэд байхдаа хүн, нохой, цаа буга гурав амьтны анхдагч нь бөгөөд тэд нэгэн үед бий болсон гэж уншсан. Тэгээд л алсдаа сонирхолдоо хөтлөгдөн цаа бугын талаар судалж эхэлсэн. Ан амьтныг сонгон авч \тэр амьтан хүний биед хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг хосолмол аргаар судалсан даа. Ер нь Оросын эрдэмтэн Владимерцовын ан амьтны эрхтнүүдийн бүтэц, үүргийг тодорхойлсон бүтээлээс өөр дорвитой бүтээл байхгүй. Энэ нь надад тэр дутууг гүйцээх санаа төрүүлсэн. Миний эхний зорилго юу байсан бэ гэвэл Хөвсгөлийн цаа бугын цусыг сайжруулах, эрүүлжүүлэх бодол байсан. Даанч манай орны цаа элдэв өвчлөлтэй, судалгаа шинжилгээ хийх боломж, тоног төхөөрөмж ч дутагдаж байлаа. Харин 1993 оноос Саха Якутад очиж тэндхийн зэрлэг цааны биеийн бүтэц зарим эрхтнийг судалснаар зорилгоо биелүүлж эхэлсэн дээ.
-Тийшээ явах санаа өөрийнх чинь байсан уу?
-Би санаачилсан юм биш л дээ. 1990 онд Саха Якутын ерөнхийлөгч Николай манай улсад айлчилж ирсэн. Тэр хүн манай Шинжлэх ухааны академийнхантай уулзаад уламжлалт анагаах ухааны талын нэг боломжийн хүн авч ажиллуулъя гэсэн байгаа юм. Тэгээд академийн ерөнхийлөгч Б.Чадраа гуай, Л.Хайдав, Балдандорж багш нар маань намайг сонгож явуулсан юм шүү дээ. Ингээд л би сүүлийн гучаад жил ОХУ-ын Саха Якутад Монголын ШУА-ын төлөөлөгчөөр ажиллаж хоёр улсын хамтын ажиллагааны гэрээний дагуу хойд туйлын зэрлэг цааны биеийн бүтэц, бүх эрхтний талаар бүрэн судалгаа хийж түүндээ түшиглэн шинэ эм, эмчилгээний бэлдмэл гарган авч хүн зоны өвчин эмгэгийг эмчилж эдгэрүүлсэн. Ер нь цаа бугыг судалсан гэдэг маань маш өргөн хүрээтэй ажил юм шүү дээ. Түүх, хими, физик, биологийн гээд шинжлэх ухааны багц ажил хийнэ гэсэн үг. Тухайлбал XIII зууны үед цаачин түмэн одоогийн Буриад орчмоор нүүдэллэн амьдарч явсаар хойд туйлд очин суурьшсан байгаа юм. Түүхийн судалгааны үр дүнд тиймийг мэдсэн. Манайд үлдсэн нь цөөхөн цаатан түмэн. Өнөөдөр Якутад амьдарч, эрдэм шинжилгээний ажил хийсэн тухай тайлан үзэсгэлэнгээ гаргаж байна. Эндээс монгол хүн ямар тэвчээр хатуужилтай хийгээд зорилготой байхын ашиг тус юу юм бэ? гэдгийг хүмүүс ойлгох байх. Мөн эцэг, эхийнхээ, сайн багш нарынхаа ачийг хариулахын төлөө миний хэрхэн зүтгэж яваа маань ч харагдах бизээ.
-Якут ер нь ямархуу нутаг орон юм бэ?
-Саха Якутын хойд нутагт би 30-аад жил амьдарлаа. Тэндхийн байгаль орчин, ус, ургамал их өвөрмөц. Эхлээд энэ бүхнийг нь судалсан. Дараа нь зэрлэг цаа бугын талаар судалгаагаа хийсэн. Энэ нутгийн асар хүйтэнд өөрийгөө дасгаж чадсан. Хүйтний хэм тогтмол хасах 50-60 гээд боддоо. Өвөлдөө хасах 70 хэм хүрэх ч бий. Тиймээс тундр гэж нэрлэгддэг. Манайд жилийн дөрвөн улиралтай байдаг бол Якутад зургаан улиралтай гэж болно. Өвөл, хавар нь хоёр хоёр. Өвөл нь бүтэн хоёр сар гаруй тас харанхуй байдаг. Энэ үе миний хувьд хамгийн чөлөө завтай цаг санагддаг. Судалгаа шинжилгээнийхээ тухай номоо бичнэ, зургаа зурна. За тэгээд хүйтэн сэрүүнд даарч хөрөхгүй байхын тулд хувцас хунар, гутлаа хүртэл оёж өмсөнө. Бугын арьсаар дулаалсан урцанд бугын арьсан хөнжилтэй унтахад даарна гэж байхгүй дээ. Хойд туйлд зундаа цас мөс нь дээрээсээ 5-6 метр нь жаахан уядаж гэсдэг. Бусад нь тэс хөлдүү. Якутын өвөлд хүн галын дөл, цаа, нохойгоо бараадаж амьдардаг гэсэн үг. Тэр цас мөсөн дээр ургадаг ургамал хүртэл байдаг онцлогтой. Тэнд байхдаа би дэлхийн аль ч ном судалгаанд байхгүй олон арван ургамал байдгийг олж мэдсэн, нээж олсон. Ургамлын дийлэнх цасан дор байдаг. Цаа буга л түүнийг малтаж байгаад иддэг. Тэндхийн цаачдыг Эвенкүүд гэдэг. Өөрийн хэлтэй үндэстэн. Өргөн уудам нутаг болохоор тун зэлүүд. 300-гаад км явж байж нэг суурин тааралдах жишээтэй. Унаа хөсөг гэвэл цааны чарга. Машин тэрэг явах боломжгүй. Хүн амын хувьд 800-гаадхан Якутууд, бусад нь Оросууд байдаг. Зам харилцаа муу. Саха гэдэг чинь захын гэр гэсэн үг юм билээ.
-Таны судалгаа шинжилгээний гол объект нь цаа буга гэдэг. Ямар онцлогтой амьтан юм бэ?
-Ямар нэг амьтны тухай судалгаа хийнэ гэдэг тэр амьтнаасаа суралцана гэсэн үг юм. Цаа буганаас надад судлахгүй юм ер нь үлдээгүй дээ. Юу судалсан бэ? гэх юм бол түүний таван цул эрхтэн, зургаан сав гээд л. Арьс үс нь гэхэд улирал бүртээ зохицсон байдаг. Якутад дөрвөн төрлийн 7-10 мянган цаа байдаг. Түүний 70 хувь нь зэрлэг цаа, үлдсэн хувь нь бэлчээрийн цаа. Эвенкүүдийн малладаг цаа гэсэн үг. Цааны нас нь 13-17 жил байдаг. Цаа маш ухаалаг амьтан. Идэш тэжээлээ цасан дороос эрүүл цэвэр ургамлыг туурайныхаа хүчээр ухаж иднэ. Мөн маш шим тэжээлтэй гэгддэг старган гэдэг загасыг нэг гол хоолоо болгодог. Цаа загас иддэг гэхээр хүмүүс гайхдаг байх. Нэг гоц онцлог нь тэр л дээ. Бас цаа хэдий үед ямар ургамал идэхээ өөрөө сонгох чадвартай гэдэг бол инстикт чанар нь. Хавар гэхэд хамгийн тамир тэнхээнд тустайг нь олж иддэг. Цаа бас их ухаалаг. Сүрэг дотроо маш нарийн зохион байгуулалттай. Хөтөч цаа гэж байна. Тэр цаа сүргээ аюулаас хамгаалах үүрэгтэй. Хэрэв аюул тохиолдлоо гэхэд тэр хөтөч цаа өөрийгөө золионд гаргаад бусдыгаа авардаг. Бас эмч цаа гэж бий. Тэр нь өвчтэй цаагаа сүргээсээ таслан авч дагуулж яваад эмийн чанартай ургамалтай газар аваачдаг. Цааг дурлалдаа үнэнч гэдэг. Эр эм хоёр цаа бие биеэ хайрлаж явсаар дуусдаг юм. Эм цаагаа хээлтэй үед нь эр нь цас малтаж хэвтэр гаргаж өгдөг. Тийм болохоор хүнлэг сэтгэлтэй гайхамшигтай амьтан гэх нь ч бий. Тундрт цааны гол дайсан бол чоно. Хамгийн том чоно гэхэд хоёр метр өндөр, 120-иод кг жинтэй байдаг, сүртэй дээ. Чоно дайрах үед цаанууд эм цаагаа дундаа хийгээд яг усны эргүүлэг шиг тойроод эргэчихдэг. Тийм зай завсаргүй эргүүлэгт нь 10 чоно байсан ч нэвтэрч орж чаддаггүй. Бас цаа эзнээ хөдөө хээр орхидоггүй. Яг монгол морь ямар билээ тийм үнэнч нөхөр нь байдаг. Эзэн хүн даарах аястай үед хороолж зогсоод дулаацуулна. Сайхан амьтан даа. Цаа буга төлөө дөнгөж гаргаад нэг долоочихоод яваад өгнө. Төл нь өөрийн инстиктээр эхийнхээ хойноос тэмүүлж таарна. Унаж тусах ч гэлээ түргэн явж сурна. Энэ нь төлөө багаас нь байгальд дасгаж бас хатуужилтай болгож байгаа хэрэг юм. Цааны нүд улирал бүрт өөр өнгөтэй болдог. Цааны сүү гэхэд эх хүний сүүний дараа орох шим тэжээлтэй байдаг. Мах сүү болоод эд эрхтэн нь аливаа өвчнийг анагаах эрдэмтэй юм. Тэгэхээр би судлаачийн хувьд цаа буга бол байгалийн оточ бөгөөд бурханлаг амьтан гэж хэлнэ. Миний эрдэм судалгааны ажлын гол цэг нь ч цаа.
-Таны эрдмийн зэрэг доктор цол хамгаалсан сэдэв чинь чухам ямар нэртэй вэ?
-Миний эрдмийн ажил уламжлалт анагаах ухааны эмгүй эмчилгээний тухай түлхүү судалгааны хүчээр амжилт олсон. Тэр дотор цаа буга гэдэг амьтны амьдрал, экологийн гүн гүнзгий судалгаа гол байр эзэлдэг. Тиймээс миний докторын зэрэг хамгаалсан сэдэв “Цаа бугын эврийг монгол шар тостой хольж төөнүүр эмчилгээ хийх ШУ-ны үндэслэл, цусан эврийн ургалтыг орооных нь булчирхайн бүтэц үүрэгтэй холбон судалсан нь” гэсэн нэртэй. Энэ сэдвээ задалж хэлэх юм бол олон жилийн судалгааныхаа үр дүнд олж авсан мэдлэгээ дорно дахины анагаах ухааны аргатай хослуулж тэндээсээ өөрийн гэсэн арга боловсруулж олон мянган хүн эмчилсэн. Хамгийн гол нэг үр дүн бол янз бүрийн шалтгаанаас болж ялангуяа хүйтэн нөхцөлд даарч хөрснөөс хий бадгана цаашлаад чөмөг хөрөх, бөөр сав, таван цул эрхтний өвчлөлөөс болж үргүйдэж үр хүүхэд төрүүлэх чадваргүй эх хүнийг эмчилж 300 гаруй хүүхэд төрүүлж олон зуун гэр бүлд үрийн заяа хайрласан юм. Энэ нь хүний хүйснээс доош байрлалтай хэсэгт бий болсон хий хүйтнээс угшилтай өвчнийг эмчлэхэд онцгой үр дүн гаргасан гэсэн үг юм. (Тэрбээр нэг том цомог үзүүллээ. Тэрэнд нь эхийг нь эмчилж эдгэрүүлснээр төрсөн хүүхдүүдийн зурагтай танилцуулга байна. Монгол, Якут, Буриадаар зогсохгүй Орос, Хятад, Канад, Австри, Герман орныхон байх юм. Энэ нь Б.Баасансүрэн гэдэг монгол эрдэмтний бүтээл дэлхийд тархжээ гэж болно) Би цааны иж бүрэн судалгаандаа түшиглэж Якутын дунд сургуульд заадаг хичээлийн программыг нь хийж өгсөн.
-Та өнгөрсөн хугацаанд Монголд төдийгүй ОХУ-ын шинжлэх ухаанд их гавъяатай хүн юм байна л даа. Харин энэ удаагийн үзэсгэлэнд тавигдсан шагнал урамшил голдуу гадаад орных харагдаж байна.
-Тиймээ миний эрдэм судлалын бүтээл дэлхийн чанартай юм л даа. Гол шагналууд гадаад орных байгааг харж байгаа биз. Үүнд бас учир бий. Миний бүтээлийн 60 хувийн ашиг тусыг гадаадынхан хүртсэн юм. 2014 онд Олон улсын Хүний эрхийг хамгаалах холбооны шагнал “Оны хүн” гэдэг том шагнал хүртсэн. Энэ шагналыг олгохдоо XIII зуунаас уламжилж ирсэн анагаах ухааны аргыг хөгжүүлэн үр хүүхэд төрүүлэх боломжгүй хүмүүсийг эмчлэн эдгэрүүлсэн их ажил үйлсийг чинь үнэлж байна гэсэн бий. Мөн Европын эрүүлийг хамгаалах байгууллагын хүндэт тэмдэг, XXI зууны шилдэг эрдэмтэн шагнал хүртсэн. Дэлхийн шилдэг эрдэмтний бүртгэлд нэр маань бичигдсэн. Энэ нь зөвхөн Б.Баасансүрэн гэдэг нэг доктор алдаршиж байгаа юм биш монгол эрдэмтний нэр тэнд байгаа нь гол юм шүү дээ. ОХУ-ын Хөдөө аж ахуйн академийн доктор, профессор цолтой. Бас уламжлалт анагаах ухааны хөгжилд их хувь нэмэр оруулсан эрдэмтэн гэдэг шагналыг ОХУ-аас өгсөн. Монгол төр маань шинжлэх ухааны Гавъяат ажилтан цол хүртээсэнд баярлаж л явдаг даа.
-Та Якутад олон жил амьдарч нэлээд нутагшсан байх. Бараг таньж мэдэхгүй хүнгүй болоо байлгүй дээ.
-Танихгүй хүнгүй гэдэг ч хаашаа юм. Монголын нэг ач тустай эрдэмтэн байдаг гэдгийг Эвенкүүдийн олонх нь мэдэх байх. Энүүхэндээ гэж ярихад би тэндээ сүрхий нэр хүндтэй болсон юм шүү. Миний баримлыг хийсэн баримал ч бий. Нэг хөгжмийн хүн миний тухай дуу зохиосон байгаа. Сонин хэвлэлд нь зөндөө бичигдсээн. Якутын эрдэмтэн эмэгтэй Дариня гэгч миний тухай ном бичсэн. Өөрийнхөө хэлээр. Би Якутад очсон эхний долоон жилдээ Эвенкүүдийн аж амьдралтай бүрэн танилцаж хэлийг нь сурсан. Би нэг чадалтай бөө хүнтэй танилцсан. Тэр намайг Якутад тун хэрэгтэй хүн ирсэн байна гэж бусдад ярьсан байналээ. Цаашлаад эрдэм мэдлэгтэй олон хүнтэй танилцсан, нөхөрлөсөн. ОХУ-аас ч надад их анхаарал хандуулсан даа. Хоёр ч удаа манай иргэн болооч гэсэн санал хэлсэн. Би зөвшөөрөөгүй л дээ. Уг нь ОХУ-ын иргэн эрдэмтэн гэх юм бол орон сууцанд үнэгүй сууна. Эрүүл мэнд, ахуйн үйлчилгээ үнэ хөлсгүй гээд их давуу талтай юм билээ. Даанч би чинь дэлхийд хосгүй Монгол гэдэг сайхан эх оронтой хүн. Энд нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч боломгүй санагдлаа. Тэр чинь юу вэ? гэвэл сүүлийн 2-3 жил дэлхийг айлгасан корона гэдэг өвчин Якутад гараагүй ээ. Энэ нь цааны хүч байх гэж би бодсон. Эвенкүүд цааны элэг дэлүүг эм болгож иддэг нь эрүүл байхын эхлэл байх.
-Хойд туйлын зэрлэг цааны биеийн бүтэц эврээс эхлээд эрхтэн бүрийг судалж шинэ эм бэлдмэл гаргасан нь таны гол бүтээл. Үүнд монгол шар тос орсон. Тиймээс монгол шар тосны тухай жаахан тодруулна уу?
-Жинхэнэ монгол шар тос бол юугаар ч орлуулшгүй бүтээгдэхүүн. Төмөр, калигаас эхлээд 32 төрлийн аминдэм түүнд бий. Шар тосыг монгол уламжлалын дагуу хэрэглэж чадвал хүний эрүүл мэндэд туйлын тустай юм. Шар тос хүний бүдүүн гэдэсний дулааныг хадгалуулна. Бас чийг бамд сайн. Улаанхоолой зэрэг залгиур эрхтнийг зөөллөж гэмтэл, өвчлөлөөс сэргийлнэ.
-Шар тосыг ямар цаг, улиралд хэрэглэвэл сайн бэ?
-Намрын сэрүүн орох үеэс эхэлж хавар гуравдугаар сар хэвийх үе хүртэлх хугацаанд хүнсэндээ хэрэглэх нь зохимжтой гэдгийг хэлье. Ер нь Монголын өв уламжлал гэдэг чинь тэр чигээрээ шинжлэх ухаан юм. Монгол шиг тийм баялаг өв уламжлалтай шинжлэх ухааны үндэслэлтэй улс орон дэлхийд ховор гэж хэлэхэд ч буруудахгүй байхаа.
-Эрдмийн хүнд алив орны хэл сурах гэдэг онцгой хэрэг байдаг байх. Таны хувьд хэр олон хэлээр ярьдаг, бичдэг вэ?
-Алив хэлийг бүрэн сурна гэж хэзээ ч байдаггүй байхаа. Миний хувьд түвдээр ярьчихна. Бичнэ. Хятад хэл жаахан мэднэ. Англи хэлийг нэлээд оролдсон. Энэ хэл, латин бичиг эмч хүнд онцгой хэрэгтэй. Орос хэл тэр дотор Якутын Эвенкүүдийн хэлийг гайгүй мэднэ гэж хэлж болох юм шиг санагдана. Ингэж хэлэхээр Баасансүрэн онгирч байна гэж хэлэх хүн гарч магадгүй. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх шаардлагаар л хэл хэлийг гадарладаг болсон юм. Судалгаа шинжилгээнийхээ үр дүнг багтаасан 50 гаруй ном гаргалаа даа.
-Та Монголдоо ирэлгүй наад зах нь 5-6 жил болдог гэсэн. Сая ирэх үедээ юу харж үзэв. Бараг л гадаадын хүний нүдээр хардаг болов уу?
-Нээрээ тиймэрхүү санагдсан. Намайг анх Якут явах үеийн Монгол их өөр болчихож. Би тэр зэлүүд нутагт дасчихсан болоод их зожигдуу болсон байна. Улаанбаатарын энэ их дуу чимээ шуугианд дасах янзгүй. Даралт ч хэвийн биш болох шиг. Нүдний хараа ч нэг л биш. Энэ нь бушуу буц гэж Баасансүрэнгийн бие эрхтэн хэлээд байгаа юм болов уу. Хүмүүсийн зан ааш, авир ч сүрхий болчихож. Наад зах нь “Чингис хаан” музейд орж ирж буй хүмүүсийн байдлыг ажиглахад хаа хамаагүй хашгирч гуугласан, хэрэлдсэн хүн ч харагдана. Уг нь их хааны музейдээ орж ирж байгаа монгол хүн босго тотгоноос нь адис авах нь юу юм. Арай л хүндэтгэлтэй хандмаар даа. Гэтэл тийм хандлага огт алга. Намайг Якут явах үед Монголын төр нь төр шиг байж, шинжлэх ухааны байгууллага ч, соёлын газрууд нь ч нэр төрөө хадгалж байж дээ гэж санагдсан шүү. Манай хэлэнд Монголоо алдсан гэсэн үг бий. Тэр үг биелэлээ олсныг би сая Баянхонгор, Архангайгаар явахдаа харлаа. Малчид нь мотоциклээр малаа хуйлруулаад элдэж байх юм. Тэгэхээр яаж зөв тарга тэвээрэг авах вэ дээ. Малын махны чанар ч итгэхийн аргагүй болсон бололтой. Бүхнийг мөнгө гэж хардаг болсноос хүмүүс бусдыг бодохыг байчихаж. Зам дээр дайрагдаж үхсэн адууг бүхээгтэй машинтай нөхөд аваад явчих юм. Лав л холдуулж хаях зайлуулах гэсэн биш байх. Хэн нэгэнд махлаад зарж ч магадгүй гэсэн бодол төрсөн. Арга ч үгүй байх. Төр, засгийнхан нь хүртэл хулгай, луйвар хийдэг болсон цагт жирийн иргэдийг юу ч гэхэв гэмээр ч юм шиг. Ийм бодол төрж байлаа шүү.
-Эцэст нь асуухад Та хэдийгээр Якутаас ирэх вэ?
-Тун удахгүй наашлах санаа бий. Гэхдээ тэр газрын байгаль, уур амьсгалд өөриймссөн бие хаагаа аажим дасгахгүй бол болохгүй санагдаж байна. Наашлана гэдэг нь Чита, Буриад ч юм уу Сибирийн хүйтэн сэрүүнийг биедээ жаахан хадгалах нь зөв байх. Тэгж дасгаж байж нутагтаа ирнэ.
Ярилцлагаас онцлох эшлэл
-Өнөөгийн Их тамир сумаас зүүхэн урьд Эрдэнэтолгой гэж содон овоо бий дээ. Тэндхийн ариун хөрсөн дээр би унасан гэдэг.
* * *
-Зарим судар бичигт тэмдэглэснээр эх хүний ач хариулах тус хүргэх тухай сэтгэл санааны сайхныг олж мэдэрсэн. Тэгснээр амьдралыг танин мэдэх ухаан суух эхлэлээ тэндээс олж авсан гэж боддог.
* * *
-Цэргийн госпиталийн бүх л ажилд гар бие оролцож удирдах хүмүүсийнх нь итгэлийг олж авч байлаа. Түргэний эмчтэй хамт явж өвчтөнд тусална. Гэмтсэн цэргүүдэд уламжлалт аргаар тус үзүүлнэ.
* * *
-Би хүүхэд байхдаа хүн, нохой, цаа буга гурав амьтны анхдагч нь бөгөөд тэд нэгэн үед бий болсон гэж уншсан. Тэгээд л алсдаа сонирхолдоо хөтлөгдөн цаа бугын талаар судалж эхэлсэн.
* * *
-Якутад дөрвөн төрлийн 7-10 мянган цаа байдаг. Түүний 70 хувь нь зэрлэг цаа, үлдсэн хувь нь бэлчээрийн цаа. Эвенкүүдийн малладаг цаа гэсэн үг. Цааны нас нь 13-17 жил байдаг. Цаа маш ухаалаг амьтан. Идэш тэжээлээ цасан дороос эрүүл цэвэр ургамлыг туурайныхаа хүчээр ухаж иднэ. Мөн маш шим тэжээлтэй гэгддэг старган гэдэг загасыг нэг гол хоолоо болгодог. Цаа загас иддэг гэхээр хүмүүс гайхдаг байх. Нэг гоц онцлог нь тэр л дээ.
* * *
-Цаа бас их ухаалаг. Сүрэг дотроо маш нарийн зохион байгуулалттай. Хөтөч цаа гэж байна. Тэр цаа сүргээ аюулаас хамгаалах үүрэгтэй. Хэрэв аюул тохиолдлоо гэхэд тэр хөтөч цаа өөрийгөө золионд гаргаад бусдыгаа авардаг.
* * *
-Тундрт цааны гол дайсан бол чоно. Хамгийн том чоно гэхэд хоёр метр өндөр, 120-иод кг жинтэй байдаг, сүртэй дээ. Чоно дайрах үед цаанууд эм цаагаа дундаа хийгээд яг усны эргүүлэг шиг тойроод эргэчихдэг. Тийм зай завсаргүй эргүүлэгт нь 10 чоно байсан ч нэвтэрч орж чаддаггүй.
* * *
-Миний эрдмийн ажил уламжлалт анагаах ухааны эмгүй эмчилгээний тухай түлхүү судалгааны хүчээр амжилт олсон. Тэр дотор цаа буга гэдэг амьтны амьдрал, экологийн гүн гүнзгий судалгаа гол байр эзэлдэг.
* * *
-Жинхэнэ монгол шар тос бол юугаар ч орлуулшгүй бүтээгдэхүүн. Төмөр, калигаас эхлээд 32 төрлийн аминдэм түүнд бий.
* * *
-Наад зах нь “Чингис хаан” музейд орж ирж буй хүмүүсийн байдлыг ажиглахад хаа хамаагүй хашгирч гуугласан, хэрэлдсэн хүн ч харагдана. Уг нь их хааны музейдээ орж ирж байгаа монгол хүн босго тотгоноос нь адис авах нь юу юм. Арай л хүндэтгэлтэй хандмаар даа. Гэтэл тийм хандлага огт алга.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 117 (7102)