Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Хэл, соёл гэдэг нь тухайн улс, ард түмний язгуур мөн чанарыг хадгалдаг үндсэн дархлаа юм. Эх хэлээ хамгаалах, зөв ярьж, бичих нь иргэн болгоны анхаарах асуудал. Бид өөрийн үндэсний бичиг соёлтой байсан учраас монгол хэл эртнээс тогтвортой, удаан хугацаанд өөрчлөгдөлгүй хадгалагдаж ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд эх хэлний дархлаа суларч, монгол үгийн санд харь үг давамгайлах байдал түгээмэл болжээ. Үүнээс гадна бага ангийн хүүхдүүдэд гуравдугаар ангиас нь англи хэл заах тухай асуудал нийгмийн сүлжээнд хүмүүсийг талцуулсаар байна. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Асуудал-Шийдэл: Өв соёл” буландаа монгол хэлний үнэ цэн болоод гадаад хэлийг хэддүгээр ангиас нь заавал тохиромжтой тухай албаны эх сурвалжийн байр суурьтай цуврал нийтлэлүүдийг хүргэж байгаа билээ.

 

ЦАХИМ ОРЧИНД МОНГОЛ ХЭЛНИЙ САН БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

 

Түүхэндээ Монголчууд хамгийн олон бичиг үсэгтэй ард түмний нэг ажээ. Бид энэ хугацаанд  10 гаруй бичиг үсэг хэрэглэж байсан гэдэг. Харин  цаг хугацааны эргүүлэгт  монгол хэлэнд харь үгс орж, монгол үг болтлоо нутагшсан явдал бий. XX зууны үед ихэвчлэн орос үг, хэллэгүүд орж ирдэг байсан бол XXI зуунд англи хэлний үгс давамгайлах болжээ. Өдгөө ч бид өдөр тутмын яриандаа “Hi, ok, bye, babу, honey” зэрэг олон үгийг монгол үг шигээ түгээмэл хэрэглэх болсон. Бага насны хүүхдүүд ч монгол хэлтэйгээ англи үгсийг хольж, гадаад дуу сонсох нь энгийн үзэгдэл болжээ. Тэгвэл монгол хэлний үнэ цэнийн талаар судлаач  Т.Загарпэрэнлэй "Залуус эх хэлээ эрхэмлэн дээдлэх, үнэ цэнийг нь ойлгох, хэл шинжлэлийн судалгаанд төрөөс анхаарах, дэмжих зэргийг бодлогын түвшинд ярих ёстой. Судлаачдын бүтээлийг нийтээрээ уншдаггүй, цөөнх нь л мэддэг үед бид амьдарч байна.Тиймээс хэл шинжлэлийн судлаачдын судалгаа, бүтээлийг төр засгаас дэмжих, олон нийтэд таниулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах чухал. Түүнчлэн монгол хэлний цахим хөгжилд түлхүү анхаарах шаардлага бий болсон. Цахим орчинд монгол хэлний сан бүрдүүлэх шаардлагатай байгаа” гэв. Үнэхээр өнөөдөр монгол хэлний дархлааг унагаж буй нэг хүчин зүйл нь цахим хэрэглээ юм. Бид хэн нэгэнтэй цахим захидлаар харилцахдаа монгол бус латин галигаар, дуудлагаараа бичиж байгаа нь монгол хэлний дүрэм болоод дархлаанд сөргөөр нөлөөлж байна.  Хэл шинжлэлийн ухааны доктор Б.Саруулбуян  “Хүүхдүүдэд гуравдугаар ангиас нь англи хэл заахыг эсэргүүцэж буй төлөөллийн нэг нь би. Учир нь найман настай хүүхэд гэдэг хэл сурахад бэлтгэгдээгүй, балчир үе. Харин тухайн хүүхдэд тавдугаар анги хүртэл нь монгол хэлээ сайн заачихаад хоёр дахь хэлийг санал болгох нь зөв болов уу. Өнөөдөр Монгол Улсын хөгжилд англи хэлтэй хүн бус зөв монгол иргэн л чухал. Энэ нь эх оронч үзэл, монгол сэтгэлгээг хөгжүүлэхэд тустай. Ер нь дэлхийд хүчирхэгжиж буй улс орны бодлогыг харахад эх хэл, урлаг соёлоо унаган хэвээр нь авч үлдсэн байдаг. Үүний хамгийн том жишээ нь манай хөрш Хятад улс шүү дээ. Тэд эх хэлний дархлаандаа онцгой анхаарал хандуулж, хуульчилсан. Харь үг хэрэглэх хориотой. Дунд ангийн сурагчдыг англи хэл сур гэж шахдаггүй. Бага ангид нь бүр англи  хэл заадаггүй юм билээ” гэсэн юм.

 

НОМ УНШИХ НЬ ЭХ ХЭЛНИЙ ДАРХЛААНД ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ

 

Монгол Улс кирилл үсгийг 1946 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс одоог хүртэл хэрэглэж байна. Харин сүүлийн үед харь хэлийг шүтэх хандлага ихсэж, ялангуяа даяаршиж буй хэл руу хуйларч, эх хэлээ сурч, судлах хандлага харьцангуй багасч байгаа нь ажиглагддаг. Энэ тухай сэтгүүлзүйн ухааны доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид “Англи хэл дэлхийн хэл учир  хүн бүр сурах хэрэгтэй. Гэхдээ энэ бол эх хэл биш. Тиймээс монгол хэлээ нэгдүгээрт тавиад дараа нь гадаадын ямар хэлийг сонирхоно, түүнийгээ үзэж болно. Монголчууд хэл сурах авьяастай. Гэхдээ хүүхдүүдэд тавдугаар ангиа төгстөл нь монгол хэл, бичгийг нь заагаад, Монголын уран зохиолтой нь танилцуулсны дараа гадаад хэлийг сургадаг  хэлбэр рүү шилжээсэй гэж боддог” гэж байр сууриа илэрхийлжээ. Эх хэлнийхээ тансаг байдлыг хадгалах, баялаг чанарыг хадгалж үлдээхэд аман ба бичгийн хэлээр хадгалагдаж ирсэн уран сайхны эхийг унших, ном уншиж гүнд нь нэвтрэх нь хамгийн үр дүнтэй арга гэж доктор, профессор Ц.Өнөрбаян онцолж байсан билээ.

Үнэхээр зарим хэл найруулгыг харахад монгол үг боловч өгүүлбэрийн бүтэц нь харь хэлний найруулгаар бичигдсэн тал анзаарагддаг. Мөн төрийн хэлний хууль ч төдийлэн хэрэгжихгүй байгааг энд дурдъя. Тиймээс хэл шинжлэлийн судлаачдын судалгаа, бүтээлийг төр засгаас дэмжих, олон нийтэд таниулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах нь чухал байна. Их Монголын ирээдүй нь зөв монгол хүн билээ. Тиймээс бид англи хэлний хичээлийг заах тухай талцахаасаа өмнө эх хэлнийхээ дархлааг сайжруулж, төрөлх хэлний үнэ цэнийг мэдрүүлэх, хэл соёлоо энэ хэвээр нь авч үлдэхийн ач тусыг ирээдүй хойч болсон хүүхэд багачууддаа ойлгуулж, үлгэрлэхэд анхаарах цаг иржээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 117 (7102)