Доржийн ОЮУНЧИМЭГ
Төрийн 225 мянган албан хаагчийн цалинг ирэх сарын 1-нээс нэмж байгаа. Ингэхдээ орон нутгийн албан хаагчдын үндсэн цалин дунджаар 50 хувь, нийслэлийн албан хаагчдын үндсэн цалин дунджаар 24 хувь, агентлагийн албан хаагчдын үндсэн цалин дунджаар 53 хувиар нэмэгдэх юм. Харин төрийн тусгай албан хаагч буюу цагдаа, дотоодын цэргийн албан хаагчид долоон хувь, цагдаа, дотоодын цэргээс бусад албан хаагчид 22 хувиар нэмэгдэнэ. Мөн төрийн мэргэжлийн үйлчилгээний буюу шинжлэх ухааны салбар 42 хувь, эрүүл мэндийн салбар 52 хувь, боловсролын салбар 30 хувь, соёл урлагийн салбар 60 хувь, спортын салбар 56 хувиар нэмэгдэхээр тооцоолсон байна. Үүн дээр төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалин дунджаар 30 хувиар нэмэгдэж буй юм. Эдгээр нэмэгдлийг өгөхийн тулд ирэх сарын 1-нээс 991.5 тэрбум төгрөг шаардлагатай.
Үндсэндээ цалингийн нэмэгдэл үнийн өсөлтөд нөлөөлөх боловч төрийн албан хаагчийн 14 сүлжээний 566 шатлалтай цалингийн сүлжээг нягтаршуулна гэдгийг албаныхан тайлбарлаж байгаа. Түүнчлэн Төрийн албан хаагчдын үндсэн цалингийн хэт зөрүүтэй байдал арилах аж. Мөн албан тушаалын зэрэглэл хоорондийн зөрүү ч зохистой хэмжээнд хүрнэ гэдгийг ХНХ-ийн сайд Х.Булгантуяа онцолж байсан. Мөн төрийн албан хаагчдын үндсэн цалинийн доод хэмжээг 750 мянгаас нэг сая төгрөг хүргэх юм.
Засгийн газраас УИХ-ын чуулганд 2023 оны улсын төсвийн тодотголыг өргөн барьсан бөгөөд өдгөө байнгын хороод хэлэлцэж байгаа. Ингэхдээ цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгө, зорилтот халамжийн тэтгэмж, нийслэлийн түгжрэл гэсэн таван асуудалд нийтдээ 1.9 орчим тэрбум төгрөгийн тодотгол хийхээр төслөө боловсруулсан юм.
Төсвийн тухай хуульд өөрчлөлт орохтой зэрэгцэн долоон хууль, хоёр тогтоолд өөрчлөлт оруулна хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэв. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хурлаар 2009 оноос өнөөг хүртэлх хугацаанд манай улсын хүн ам 52 хувиар нэмэгдээгүй. Гэтэл төрийн албан хаагчдын тоо 2009 онд 148 мянга байсан бол 2021 онд 225 мянга болж, 52 хувиар өссөн талаар зарим гишүүд асууж байв. Учир нь энэ тоонд төрийн өмчит компанийн 75.5 мянган хүн ороогүй аж. Түүнчлэн энэ хугацаанд хүн амын өсөлт дээрх хэмжээнд хүрч өсөөгүй гэдгийг тодотгов.
Түүнчлэн Төсвийн тухай хуулийг дагаж орж ирсэн Төрийн албаны тухай хуульд 2025 он гэхэд Монгол Улсын нийт ажиллах хүчний 15-аас ихгүй хувийг төрийн албанд ажиллуулна гэж тусгажээ. Тиймээс төрийн албан хаагчийг 25 мянгаар бууруулах бололтой. Харин ХНХЯ-ны Харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа “Төрийн албан хаагчдын тоо харьцангуй өсөж байгаа. Засгийн газраас өргөн барьсан уг хуулийн төслийг дагаж орж ирсэн Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн тоог ажиллах хүчний 15 хувьд хүргэнэ гэсэн чиглэл бий. Гэхдээ үүнийг 2025 оноос хойш хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” хэмээн тайлбарлав. Ямартай ч ирэх сарын 1-нээс эхлэх цалингийн нэмэгдэлд хамрагдах төрийн албан хаагчийн тоо буурахгүй.
Гэхдээ дээрх бодлогын хүрээнд үе шаттай ажлууд зохион байгуулахыг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас санаачилсан тухай тэрбээр мөн хэлсэн. Тухайлбал тодорхой салбарууд дээр ажлын байрны чиг үүргийн шинжилгээг холбогдох байгууллагууд хийгээд эхэлсэн байгаа аж. Ингэснээр ажлын байрны давхардал зэрэг нарийн мэдээлэлтэй болно. Энэ нь үе шаттайгаар хэрэгжүүлэх хуулийн биелэлтийн үндэслэл болох юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 117 (7102)