Рагчаагийн ОЮУН

 

Багануур дүүргийн Д.Нацагдоржийн талбай хөл хөдөлгөөн ихтэй, эцэг эх, хүүхэд багачууд жагсан алхах хүү, ахаараа бахархаж буй нь илт. Талбайн голд усан оргилуур ажиллаж, хүүхдүүд гүйлдэнэ. Тэдний дунд цэнхэр цамцтай П.Хүрэлбаатар хүү зогсоно. Тэрбээр энэ жил Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургуулийн тавдугаар ангийг дүүргэсэн. Ирэх намар “Тэмүүжин өрлөг”-т сурахаар болсон. Сая элсэлтийн шалгалтаа өгөөд тэнцсэн. Ах нь өнөөдөр цэргийн тангараг өргөж буй. “Ахыгаа цэргийн хувцастай харахад гоё байна. Эвсэлтэй, өндөр болсон байна. Уг нь шар царайтай ч зөндөө борлосон байна” хэмээн ярьж байсан юм.

Энэ бол Багануур дүүрэг дэх Хилийн цэргийн 0252 дугаар ангийн 2023 оны нэгдүгээр ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдан ирсэн шинэ дайчдын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа байв. Тус анги их зохиолч Д.Нацагдоржийн төв талбайд анх удаа цэргийн тангараг өргөх үйл ажиллагаа зохион байгуулав. Энэ удаагийн цэргийн тангараг өргөх ёслол их онцлогтой. Учир нь энэ жил хил хамгаалах байгууллагын 90, Хилийн цэргийн 0252 дугаар ангийн 50 жилийн ой тохиож буй. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Багануур дүүргийн Зэвсэгт хүчин, ШШГГ, ОБГ, Цагдаа, Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал холбогдох албаны хүмүүс, ахмад хилчин, бэлтгэл дэд хурандаа Ж.Доржготов нар ирсэн байлаа. Тус ангид Орхон аймгаас 20 гаруй залуус цэргийн жинхэнэ алба хааж байна.

Нээлтийн үеэр Хилийн цэргийн 0252 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Хатанбаатар “Хүний амьдралд тэр дундаа эр хүн болж төрсний хувьд ховорхон тохиолдох, хэзээ ч давтагдашгүй, мартагдахгүй баярт мөчүүдийн нэг эх орондоо үнэнчийн баталгаа болсон цэргийн тангараг өргөх торгон мөч, уйдах завгүй цэргийн албаны цаг хугацаа байдаг. 50 жилийн намтар, түүхтэй хилчдийнхээ дунд инженер, техникийн гэх тодотголтой Хилийн цэргийн 0252 дугаар ангийн хилчин байлдагчдын эгнээнд албан ёсоор орж байна. Цэргийн алба тэр дундаа хилчний алба эр зориг, тэсвэр хатуужил олгож, эр биед ид хавыг цогцлоон эх оронч, үндэсний үзлийг төлөвшүүлж авьяас чадварыг нээн хөгжүүлдэг нь эх орондоо эрдэм мэдлэгтэй, зөв үзэл бодол, хандлага төлөвшилтэй иргэдийг бэлтгэх амьдралын их сургууль юм.

Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн өлгий нутаг, амгалан мяралзах Хэрлэн голын хөвөө, эх орны гал голомтын дөлийг бадраагч уурхайчин, хөдөлмөрчин зон олноороо алдартай Багануур дүүрэгт орших анги маань 1973 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл улсын хилийн инженерийн хангалтыг тасралтгүй зохион байгуулж байна.

Дархан хилийг манах хүү төрүүлж өсгөн эргэх дөрвөн улиралд эх орныхоо дархан хилийн аюулгүй байдлыг хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай албанд өөрийн хүүгээ итгэл хүлээлгэн илгээсэнд эрхэм хүндэт эцэг эхчүүддээ гүн талархал илэрхийлье. Тангараг өргөсөн цэрэг эрсдээ эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе. Хилчин инженерүүдийн яруу алдар бадартугай” гэсэн юм.

Мөн энэ үеэр Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, ахмад хилчин, бэлтгэл хурандаа Ж.Доржготов, эцэг эхийн төлөөлөл н.Ганцолмон нар үг хэлснийг хүргэж байна.

 

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал: Цэргийн алба хаана гэдэг эр хүн болж төрсний бахархал

 

-Монгол айл хүүгээр бүл нэмэхэд эх орноо манах цэрэг эртэй боллоо хэмээн билэгшээдэг. Цэргийн алба хаана гэдэг эр хүн болж төрсний бахархал юм. Цэргийн албыг хааснаар эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшиж аливаа саад бэрхшээлийг даван гарах тэсвэр хатуужилтай болно. Нэг сарын өмнө цэргийн албанд татагдаж байсан залуус сургалтын хугацаанд ёс зүй, сахилга бат, сэтгэл зүйн тэвчээртэй дайчид болсонд бахархаж байна. Түүхэн ой давхацсан жил татагдаж алба хаана гэдэг цэргийн хүнд тохиох бас нэг бахархал, завшаан юм. Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд манлайлах боловсон хүчин, эх орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалж, залгамж халааг түүчээлсэн хилчин эрс төрнө гэдэг итгэл төгс байна. Энэ цагаас эхлэн дайчин эрс маань эх орны хөвгүүд болж эргэх дөрвөн улиралд Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах хүндтэй албанд мордлоо. Хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээсэн хилчин дайчиддаа халуун баяр хүргэе. Хилийн тэнгэр цэлмэг байж, хилчдийн хийморь өөдөө байг ээ гэв.

 

Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн: Цаашид энэ үйл ажиллагааг уламжлал болгож зохион байгуулна

 

-Монгол хүн болж төрсний хамгийн том бахархал бол цэргийн тангараг өргөх. Зөвхөн цэргийн тангараг гэхээс илүү Монгол Улсынхаа тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө, халдашгүй дархан байдал болон хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө өргөж байгаа монгол хүн бүрийн тангараг гэж хувьдаа ойлгодог. Энэ үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцож байгаадаа баяртай байна. Манай хилийн цэргийн инженер техникийн 0252 дугаар анги энэ жил түүхэн 50 жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Энэ анги Монгол Улсын хилийн дагуух бүх инженерийн байгууламж болон түүний бүтээн байгуулалт бүрэн бүтэн байдлын төлөө цаг наргүй ажилладаг Монголдоо цорын ганц гэж хэлж болох инженерийн байгууллага. Инженерийн байгууллагын нэгэн бүрэлдэхүүн болж төрийн албанд татагдаж ирсэн, цэргийн тангаргаа өргөж байгаа байлдагч нартаа халуун талархал илэрхийлье. Энэ жил Багануур дүүрэгт анх удаа их зохиолч Д.Нацагдоржийн нэрээр овоглосон төв талбайд цэргийн тангараг өргөх ёслол болж байна. Энэ зөвхөн энэ ангийн тангараг биш багануурчуудын тангараг өргөх бахархлын өдөр байгаасай гэж зориуд энэ өдрийг, энэ талбайгаа сонгосон гэдгийг хэлэх нь зүйтэй. Цаашид энэ үйл ажиллагааг уламжлал болгон төв талбайдаа зохион байгуулна.

 

Ахмад хилчин, бэлтгэл дэд хурандаа Ж.Доржготов: Монгол Улсынхаа дархан хилийн төлөө олон үйл бүтээгээрэй

 

-Хилийн цэргийн 0252 дугаар анги буюу инженерийн гэх тодотголтой энэ ангид цэргийн алба хаахаар ирсэн залуучууд маань өнөөдөр цэргийн анхан шатны мэдэгдэхүүнтэй боллоо. Цаашид манай залуучууд Монгол Улсынхаа дархан хил дээр очиж ажиллана. Манай хилийн инженерийн анги ой хээрийн бүс, элсэн манхан шаргалтсан халуу дүүгсэн говь, хангай, тал хээр, уул, устай газраар явж хилийн инженерийн байгууламжуудыг барьдаг чухал үүрэгтэй анги. Та бүхэн маань Монгол Улсынхаа дархан хилийн төлөө олон үйл бүтээсэн залуучууд болж халагдах тэр мөчдөө аав ээждээ явж очихын ерөөлийг өргөн дэвшүүлье. Залуустаа амжилт хүсье.

 

Эцэг эхийн төлөөлөл н.Ганцолмон: Түүхэн цаг хугацаанд миний хүү алба хаахаар ирсэнд билэгшээж, бахархаж байна

 

-Хилийн цэргийн 0252 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүндээ түүхт 50 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Эх орныхоо дархан хилийг манах хүү төрүүлж өсгөөд энд хүрэлцэн ирсэн аав ээжүүддээ, хилчин хэмээх нэр төрийг эрхэмлэн хамгаалж, хадгалах хүндтэй үүргийг хүлээн тангараг өргөн зогсож байгаа эр цэргүүддээ баярын мэндийг хүргэе. Эр цэргийн бахархалт албаа нэр төртэй хааж, жинхэнэ хат суусан монгол эрчүүд болно гэдэгт итгэлтэй байна. Эх орныхоо дархан хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалах хүндтэй албанд нь өндөр амжилт хүсье. Энэ түүхэн цаг хугацаанд миний хүү алба хаахаар ирсэнд билэгшээж, бахархаж байна.

 

Байлдагч Б.Энх-Амар:  Хугацаат цэргийн албаа нэр төртэй хаахыг уриалж байна

 

-Эцэг эхчүүд болон сургалтын төвөө амжилттай төгсөж байгаа үе тэнгийн найз нартаа энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Их зохиолч Д.Нацагдоржийн өлгий нутаг Багануур дүүрэг дэх 50 жилийн түүхтэй Хилийн цэргийн 0252 дугаар ангид хугацаат цэргийн алба хаах болсондоо баяртай байна. Би Сэлэнгэ аймгаас цэргийн албанд татагдаж ирсэн. Эр хүн болж төрсний хувьд эх орныхоо торгон хилийг хамгаалах ховор завшаан тохиосон учраас бид энэ албыг итгэл төгс хаана гэдгээ та бүхэндээ амлаж байна. Цэргийн анхан шатны мэдлэгийг зааж сургасан Сургалтын төвийн ахлагч, салаан дарга, орлогч нартаа баярлаж талархсанаа илэрхийлье. Бид дарга нарынхаа зааж сургасан бүхнийг албандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж, илүү ихийг сурч мэдэх болно. Халуунд халж, хүйтэнд халшрахгүйгээр улсын хилээ найдвартай хамгаалж, хугацаат цэргийн албаа нэр төртэй хаахыг уриалж байна. 

Цэргийн алба хаагч нь алба хаах хугацаандаа бие бялдрын шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж, хил зөрчигчтэй тулгарах үед өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор тусгай хэрэгсэл ашиглан гардан тулалдах, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх, галт зэвсэг хэрэглэх эрхтэй. Үүнийг Монгол Улсын Хилийн тухай хуульд заасан байдаг. Тиймээс эх орондоо үнэнчийн баталгаа болсон цэргийн тангараг өргөх ажиллагаанд шинэ дайчид сарын хугацаанд сурч мэдсэн цэргийн хэргийн мэдлэг болон гардан тулаан, урлаг уран сайхны тоглолтоо хүрэлцэн ирсэн аав ээж, ах дүү, найз нөхөддөө үзүүлж сонирхууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 117 (7102)