Сэтгүүлч Сүрэнгийн Зэвсэг
Бид хэдхээн жилд аугаа их Лодонгийн Түдэв, Бавуугийн Лхагвасүрэн, яруу найрагч Шаравын Сүрэнжав, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав, гавж Шагдарсүрэнгийн Сонинбаяр, сэтгүүлч Гэндэнгийн Бямбажал, Галсангийн Жамъян, удирдаач Цэндийн Батчулуун, эрдэмтэн Бямбажавын Пүрэв-Очир гээд утга зохиол, урлаг соёл, сэтгүүл зүй, шинжлэх ухаан, шашин номын олон мэргэдээ цувуулан алдлаа. Алаг хорвоогийн хатуу жам явдал, догшин ааш аягийг яалтай билээ. Харин ойр дөт явж, нэг дор ажиллаж, нэгэн үйл хэргийн төлөө хамт зүтгэж, багш шавиар барилдаж, найзалж нөхөрлөж явсан нөхдүүд нь, тэдгээр сайхан хүмүүсийг амархан мартамгүй санагддаг. Би энд жирийн сайхан харилцаатай, ажил хэрэг, үзэл бодол, сонирхол уран бүтээл гээд олон сэжүүрт үйлийн буянаар уулзан учирч, бас гэр орноороо хааяа орж гарч, ойр зуурыг ярьж хөөрч явсан нэгэн эрхэм хүнийг өнгөцхөн дурсмаар байна. Тэр бол гайхамшигтай яруу найрагч, том зохиолч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн абугай болой.
* * *
Миний бие Лхагвасүрэн найрагчийг нэлээн эртнээс бүр оюутан ахуй цагтаа холоос харж, зүс царай дүр төрхөөр нь таньдаг болсон. Үлгэрийн танхимын жүжигчин, сахал үс болсон жаахан пээдгэр залуу байхаас нь гадарладаг уншигчдын нэг. Чухам тэр үеэс эхлэн гүнзгий агуулга, өвөрмөц сонин зүйрлэл, хурц тод хэллэгтэй хэрнээ аядуу намбалаг уянгалаг сайхан шүлэг зохиолыг нь сонин хэвлэлээс бараг алгасалгүй уншиж шүтэн биширч явсан. Наяад оны дундуур “Уянгын тойрог”, “Цагаан тэнхлэг” зэрэг анхных нь номууд гарсан. Шил шилээ даран гарч ирсэн давжаадуухан чац мөчтэй, царай зүсээр гойдгүй нимгэвтэр түүврүүд Монголын яруу найргийн тэнгэрт цахилгаан цахилуулж, өвөрмөц хурц тод од болон гялалзаж дуулиан болж, шуугиан тарьж мандсан юм. Тэр нь Бавуугийн Лхагвасүрэн хэмээх их яруу найрагчийн амжилт бүтээл яруу алдрын оргилд хүрч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналтны өндөр сэнтийд залрах алтан шар замын гараа байсан буй заа.
* * *
Олон жилийн тэртээ “Утга зохиол, урлаг” сонины 1974 оны долоодугаар сарын 5-ны өдрийн дугаарт миний нэг мэдээж ядмагхан шүлэг, яруу найрагч Б.Лхагвасүрэн, эрдэмтэн судлаач Х.Сампилдэндэв нарын шүлгүүдтэй нэгэн боолтод “Яруу найраг” гэсэн хөмсөгтэйгөөр нийтлэгдэж билээ. Би вээр маш их баярлаж нэг хэсэгтээ хөл газар хүрэхгүй явсан байх. Гэхдээ ний нуугүй хэлэхэд тэднээс төдийгүй уншигчдаас сүрдэн далдирч, бишүүрхэн санаа зовж байв. Тэр цагаас хойш яг арван жилийн дараа намайг Дундговь аймгийн Намын хороонд ажиллаж байх үе буюу 1984 оны намар Б.Лхагвасүрэн манай аймагт томилолтоор ирэв. Их яруу найрагчийг аймгийн төвийн “Мандал” зочид буудалд байрлаж байхад нь анх нүүр учран танилцаж ахархан цаг зуур ярилцах завшаан тохиосон юм. Мань хүн “Гайгүй аятайхан нийтлэл, сурвалжилга, тэмдэглэлүүд чинь “Үнэн”, “Залуучуудын үнэн” зэрэг төвийн сонинуудад гараад л байх юм. Одоо шүлэг зохиолоо сонин хэвлэлд өг. Одоо өгөхгүй бол хэзээ өгөх юм” гэв. Би хариуд нь “Надад шүлэг зохиол гэхээр гавьтай юм байхгүй. Амьтны инээд хүрэм ганц нэг юм бий” гэвэл “Ингэж өөрөө өөрийгөө чамлаж, цаг алдаж болохгүй. Уйгагүй бич, сонин хэвлэлд зоригтой өгч бай. Хот орохоороо Зохиолчдын хороо болон төвийн сонинуудаар орж сэтгүүлч зохиолч нөхөдтэй танилцаж зохиол бүтээлээ тэдэнд үзүүлж зөвлөгөө авч бай” гэж зөвлөсөн нь санаанаас гардаггүй юм.
Хожим Улаанбаатарт хааяа тааралдана. Харин манай хоёрыг “Өнөр” хороололд хөрш ойролцоо буусны дараахан Б.Лхагвасүрэн УИХ-ын гишүүнээр сонгогдож төрийн түшээ болсон. Тэр үед УИХ-ын гишүүдийг өглөө ажилдаа явахад нь тусгай автобусаар авч, орой хүргэж өгдөг байв. Тэгэхэд миний бие Төр, Засгийн төв хэвлэл хэмээх мундаг нэр хаягтай “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонинуудад ажилладгийн хувьд эрхэм гишүүдийн автобусанд хааяа дайгдана. Энэ нь бид хоёр ойр ойрхон тааралдаж энэ тэр яриа хөөрөө өрнүүлэх нэг боломж гарсан юм. Сурвалжилга хийх, мэдээ хайх далимаар ажлын өрөөгөөр нь хааяа орно. Нэг удаа Эрдэнэдалай сумын Булагуудын Хэцээр ороод буцах замдаа Их Хайрханы (Зоргол хайрхан уулыг манай нутгийнхан ийнхүү нэрлэж ярьцгаадаг) баруун урд өвөрт байх рашаан булаг дээр очвол эрхэм гишүүн Лхагвасүрэн “Өнжүүлээр ороод буцаж явна” гээд хэдэн нөхдийн хамт байж байв. Тэгэхэд Лхагвасүрэн гишүүн надтай тун дотносуу яриа өрнүүлж бид хоёр Зоргал хайрхан, Баянгийн уул, Өнжүүлийн уул, Булагуудын хэц, Адаацагийн уул, Борын хөндий, Цээл Бөзөнхий, Шархайн тал гэхчлэн хил залгаа хоёр аймаг сумынхаа нутаг ус, газар орны онцлог, хүмүүсийн аж амьдрал, зан заншлыг цаг хайрангүй ярьж хөөрсөөр бүр нар хүүшилсэн хойно мордоцгоосон. Хамгийн гол нь мань хүн, намайг голохгүй уран бүтээл, улс төр зэрэг нэлээн өргөн сэдвээр яриа өрнүүлэхдээ “Монголын уран зохиол, ялангуяа яруу найраг, улс орны маань явж байгаа зам, хувь заяа, ард иргэдийн аж амьдрал гээд олон асуудал сэтгэл их зовоох боллоо. Ухаан богино, шунал их дарга нар, уран зохиолын ур дүй даржин хэр нь үг яриа, сэтгэлийн хөөрөл нь хэтэрсэн ойворгон сүржин шүлэгчид, мэдлэг авьяас дульхан сэтгүүлчид энэ салбарт огцом олшрох янзтай байна” гэх зэргээр улс орон ард түмнийхээ ирээдүй хойчид санаа зовж байгаагаа илэн далангүй ярьж билээ. Ажигч гярхай, гүнзгий сэтгэгч тэр хүн Монголын ирээдүй хойчийг тэртээ олон жилийн өмнөөс тод харж халаглаж байсан нь өнөөгийн өнгө төрх, ард түмний аж амьдралын доройтол бэлээхэн харуулж баталж байна. Б.Лхагвасүрэн чухам л голыг нь олж харж онож хэлж байж дээ гэсэн бодол өнөө цаг дор намайг ээрч эргэлддэг. Хамгийн гол нь тэр их хүн өчүүхэн намайг голохгүй ярьж хөөрсөнд би олзуурхан омогшиж суусан сан.
* * *
Хүн бол сэтгэлийн амьтан. Урам сэтгэл хоёр хаана байна тэнд аливаа юм урган цэцэглэж өсөж өндийж, бүтээн байгуулж, бичиж туурвиж байдаг хойно доо. Ухаант өвөг дээдсийн минь “Бурмаар тэжээхээр урмаар тэжээ...” гэх мэргэн үг бий. Энэ үг эрдэм ном, авьяас билгээр хомсхон ч уншиж бичихийн донд хөтлөгдөж явдаг эхлэн бичигч мань мэтэд ус агаар лугаа хэрэгтэй, оносон таарсан сургаал юм. Бичгийн их мэргэн Лхагвасүрэн абугай доордыг өөд татах, хэнд боловч урам хайрлах, сэтгэлийн дэм өгөх тал дээр гар татдаггүй нэгэн байсан. Ялангуяа мань мэтэд урам, сэтгэлийн дэмийг элбэг бийлэгжүү хайрлана. Түүнд нь би баярлаж, урам орж, амин дэм, эрч хүч авч хэрдээ таарсан ном бүтээлээ оролдож тэрлэж л явна. Бавуугийн Лхагвасүрэн шилдэг бүтээлийнхээ гурван ботийг 2006 оны арван хоёрдугаар сарын 26-нд бэлэглэхдээ:
Уул залгаа нутгийн
Сэтгэл уяатай чамдаа
Нүгэл баяраар дүүрэн номоо
Нүдээр чинь илүүлье... хэмээн дурсгав гэж бичсэн нь “Чи бидэн хоёр нутаг ус залгаа, ажил үйлс, уран бүтээлийн төлөө мөр зэрэгцэн зүтгэж яваа нөхөд юм шүү” гэсэн санааг уран гоё хэрнээ утга төгөлдөр илэрхийлж намайгаа өөд татан омогшуулсан бол 2015 оны гуравдугаар сарын 18-ны өдөр надад зориулж “Эр хүний баярын өдөр” гэж тэмдэглээд:
Уран бүтээлийн замд
Бодож явдаг Зэвсэг минь
Уугуул нутаг хаяалсан
Санаж явдаг “Дэвсэг” минь
Биднийг сайн явбал
Баярлах цэнхэр тал буй...
Биднийг хол явбал санаж
Өндөлзөн хүлээх хөх уулс минь буй... гэж бичсэнийг миний бие хүндлэн дээдэлж нандигнан залбирч явдаг. Их найрагч Б.Лхагвасүрэнгээс ийм үг сонссон би баярлан хөөрч, шүтэн бишрэхээс өөр яахсан билээ, та минь. Мөн 2017 оны гуравдугаар сарын 5-ны өдөр “Хүнд манан” ном дээрээ:
Үгнээс чинь говь үнэртсэн
Үйлийн үргүй дотно дүү минь
Нутгаа санахад уулзах хүн минь
Нуураа санахад цай хуваах дотно минь
гэхчилэн түүний дотносуу нөхөрсөг цөөнгүй үг мөрүүд надад хадгалагдаж байдаг.
Бавуугийн Лхагвасүрэн найрагч, хэнд ч ийм л уяруу эерүү, дотносуу үг өгүүлбэр хайрладаг хүн байсан юм билээ. Хүнд урам хайрлах, хүн баярлуулахад юм багадна, жижигдэнэ гэж байхгүй. Лхагвасүрэнгийн надад зориулсан энэ хэдэн мөр өчүүхэн бичээч миний хувьд цаглашгүй их хүндэтгэл, томоохон өглөг юм. Энэ бол элдвийг бичиж оролддог хүн бүрт, тэр бүр олдоод байх хишиг буян биш. Энэ бол хүнийг өлгийдөж өндийлгөх санаа, өсгөж хөгжүүлэх бодол, чин сэтгэлийн дэмжлэг хүндэтгэл хэмээн би олзуурхан баярлаж огшиж явдаг даа. Б.Лхагвасүрэн миний “Хүйн чулуу” номд бичсэн өмнөтгөлдөө “Элэг татуу нутгийн нөхөр, үйлс сэтгэл нэг анд С.Зэвсэг минь “Хүйн чулуу” хэмээх шинэ номоо өргөн барьж байна. Номыг уншиж суухад тэмээний хөлөөр бургисан хужир мараа, таанын толгой цавцайсан холхи хөндий, намрын талд дэрсэн дунд тааваараа хөрвөөх адууны үнэр ханхийж, мөр нь гандсан дээлтэй малчин эртэй уулзах шиг болж миний сэтгэлд эгэл үнэний гэгээ татуулан орж ирсэн юм. Энэхүү номдоо нүүдэлчдийн эгэл бор амьдрал, хөдөөгийн уул тал, цаг улирлын ааш араншин, хүмүүний амьдралын жам явдал, энгийн хэр нь гүн агуулга бүхий бодол бясалгал, эгээрэл гэгээрэл шингээсэн, эгэл даруу атлаа бодол санаагаа эвтэйхэн тайлсан эсээ, өгүүллэгүүд багтжээ. Амьдралын үнэнийг элдэв будаг гоёл чимэглэлгүй, энгийн цагаан, бас бодож тунгаагууштай санаа, эрэлхийллээр хөглөж хөтөлсөн чин сэтгэлийн яриа хөөрөө, багагүй зүйлийг бодож эргэцүүлсэн, эрж хайсан, таггүй санаа асуудал хөндсөн, шаггүй судалгаа баримт түшсэн шүүмж зэрэг цогцлон байгаа нь “Хүйн чулуу” номын ая донж, жор найрлагыг тун аятайхан тааруулсан мэт санагдав. Эгэлхэн хэрнээ гар, нүд салгалгүй унших чамбай ном ажээ” гэж бичсэн бий. Хэдийгээр надад арай ахдаж хэтийдсэн үнэлэлт боловч уг үндсээрээ урам хайрласан, чин сэтгэл шингэсэн, бодол санаагаа харамгүй илэрхийлсэнд энэ үг өгүүлбэрийн үнэ цэн оршино. Энэ нь надад төдийгүй миний зиндааныханд “Уйгагүй хөдөлмөрлөж, улам ихийг хийж бүтээ, хүний ярьж зөвлөснийг бодол сэтгэлдээ тээж болгоож яв, бичсэн тэрлэснийхээ чанар чансааг байнга анхаар” гэж аядуу зөөлөн үгээр учирласан, утга агуулга гүнзгий, нөхөр ёсны хүндэтгэл дүүрэн, мэргэн санаа үг сургаалаа айлдсаныг дахин онцолъё.
* * *
Б.Лхагвасүрэн найрагчийнхаар хааяа орно. Баасан тэр хоёртой элдвийг ярьж хууч хөөрнө. Тэднийхийг Улсын их дэлгүүрийн хажуугийн “Гандирс” өргөөнд нүүж орсны дараахан нэг орлоо. Том өрөөндөө хаа сайгүй янз бүрийн ном судар, элдэв бэлэг дурсгалын зүйл, гоё ганган хайрцаг савтай эд юмсыг энд тэндгүй өрж бараг хөл тавих зайгүй эгнүүлсэн. Хоол ундны том ширээ ч янз бүрийн аяга, дүрдэг найруулдаг цай кофе өрөөтэй байж билээ. Баасан өтгөн сайхан цай чанаад л, их найрагч бид хоёр элдвийг ярьж хөөрч суув. Тэгэхэд мань хүн, хоёр цаг гаруйн хугацаанд хоёр хайрцаг тамхи татах шиг болсон. Гэхдээ нэг янжуурыг бүрэн татаж дуусгадаггүй, тэхий дунд нь оруулаад бяцлан орхиж дахиад нэгийг залгуулан асаадаг нь анзаарагдсан. Тамхи их татах хүний биед сайнгүй л болов уу. Гэтэл манай төр засаг тамхийг хоол хүнсний бүтээгдэхүүнээс ч чухалд үздэг болохоор хэн дуртай нь чөлөөтэй импортлодог. Томчуулд унац сайтай, ашиг ихтэй бизнес байдаг биз.
Тэднийхийг Зайсангийн аманд буусан хойно нь ч олон очсон. Мань хүн нэг удаа аанайхан ном зохиол, шүлэг найраглал, зохиолчдын элдэв онигоо энээ тэрээг ярьж сууснаа “Чи шүлэг бичдэг байж таарна. Шүлгийг чинь үзэх юм сан” гэхэд нь “Миний шүлэг гэж юу байхав. Хүүхэд ахуй цаг, залуудаа оролдож цаг үрж цаас цоохорлож явсан ганц хоёр юм бий. Тэнд олигтой юм байхгүй” гэвэл “Чи олон жилийн өмнө бас өөрийгөө голж нэг иймэрхүү юм ярьж байсан. Ингэж болохгүй. Үр хүүхэд нь эцэг эхдээ сайн муу, муухай сайхан гэж байдаггүй шиг хүний уран бүтээл өөртөө зөв, өөртөө сайхан. Хүн бүгд заавал мундаг шүлэг зохиол бичих албагүй. Тийм боломж ч байхгүй. Манай сэтгүүлчид бүгд зохиолч яруу найрагч байдаг. Тэгэхээр чиний хэрийн сэтгүүлч нийтлэлч хүнд шүлэг зохиол байж л таарна. Манай Базарын Цэдэндамба нэгэнтээ “Сэтгүүлч хүний бичсэн болгон нь зохиол. Сэтгүүлч хүн бол зохиолч мөн. Хүнтэй хийсэн ярилцлага нь хүртэл зохиол” гэж ярьсан удаатай. Сүрхий оносон үг. Чи шүлгийн номоо гаргаарай. Би редакторлаж өмнөх үг бичиж өгнө. “Хүйн чулуу” шигээ хөөрхөн ном гаргаарай” гэж билээ. Би ч урам зориг орж хэдэн халтар шүлэг бас бус юмсаа ухаж цуглуулан хавтаслуулах ажилд шуудран орсон. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч нэг мэдэхэд Лхагвасүрэн маань аймшигт өвчинд нэрвэгдэж хол ойргүй эмчилгээ хөөцөлдөх болсон. Хөөрхий. Очиж уулзлаа. “Их Хайрханыхаа (Зоргал Хайрханыг хэлж байгаа нь тэр. Солонгос руу анх явахынхаа өмнө энэ үгийг олон удаа хэлж байсан) бараа, нутгийнхаа барааг нэг хараад явах юм сан” гэж хэд хэд хэлсэн. Бие нь зовуурьтай ч ухаан саруул ярьж хөөрч сууснаа “Чиний нөгөө шүлгийн ном юу болж байна” гэдэг байгаа. “Танд удахгүй үзүүлнэ” гэлээ. Би тэр хүний надад тус болох гэсэн сайхан сэтгэлийг дээдлэн бодсон ч эрүүл мэндийн байдлыг харсаар нэлээд хугацаа өнгөрч халгаж хулгасаар номынхоо эхийг аваачиж өгөв. Бие нь тун тааруухан нэлээн ядарсан байдалтай байв. Мань хүн номын нэрийг хараад “Ширээ хадны хаваржаа”. Сэтгэлд нийлэмжтэй уянгатай хөөрхөн нэр байна. Болно болно. Танай Булагуудын Хэцийн нэг хаваржаа биз. Аягүй бол чи тэнд төрөө болов уу” гэж байна. “Тийм ээ. Манай Булагуудын Хэцийн өвөр хавийн нэг хаваржаа. Миний төрсөн дэнж” гэв. Хэд хоногийн дараа “Номоо ав” гэлээ. Очлоо жаахан ярьж суулаа. Бие нь тааруухан байсан болохоор надад хэлэх ярих үг олдохгүй байв. Дэмий л өөрт нь зориулж бичсэн, өөрийг нь зөвшөөрвөл номдоо оруулчих санаатай ур дүй тааруу, утга санаа ядуу, эв хав муухан хэдэн мөрөө үзүүллээ. Амьхандаа сэнсэрсэн сэтгэл, хямарсан бодол, алжааж зовуурилсан биеийг нь жаахан ч атугай сатааруулах гэсэн санаа минь тэр. Мань хүн, муухан инээмсэглээд “Чи, Ширээ хадны хаваржаандаа оруулах гэж байгаа юм уу. Надад хэлэх үг алга” хэмээн ядрангуй дуугаар хэлэв. Би, олон юм ярьж чадаагүй. Чимээгүйхэн сууж байснаа тэгсгээд гарсан.
Жирийн идэвхтэн бичигч надаас авьяас билэг, эрдэм чадал, уран бүтээлээрээ дэндүү тасархай тэр эрхэм бид хоёрын хооронд нялх балчир насны он жилүүд, нутаг ус, шүтэж биширдэг хайрхан уулс, тал хөндий, аж амьдрал, туулсан зам мөр, үзэл бодол үг яриа гээд ижил төстэй зүйл багагүй байсан нь биднийг уулзуулан холбож, цөөнгүй жил нөхөрлүүлсэн байх. Хөөрхий, муу Хасартай ч ахмад болон дүү хүмүүсийн ёсоор мэнд устай эгэл харилцаатай явсан. Эцгийнхээ биеийг тааруухан байхад нэг тааралдаад “Цаадах чинь та нарыг их ярьж харах юм. Уулзах хүмүүс бол одоо л уулзаж жаахан ярьж суумаар байна шүү” гэж билээ. Төдхөн очиж уулзсан. Бид хоёрын сүүлчийн уулзалт байлаа.
* * *
Бүтээж туурвихын онгод, одонд төрсөн Б.Лхагвасүрэнгийн шүлэг найраглал, тайз дэлгэцийн болон дурсамж тэмдэглэл, дууль туурь, ярилцлага хөөрөлдөөн гээд олны хүлээн зөвшөөрсөн, түүхэнд давтагдашгүй алдартай бүтээлүүдийг тоолж нэрлэж баршгүй. Тэр бүхнийг мань мэт тоочин тэмдэглэх, магтан сайшаах, шинжлэн судлах, үнэлж дүгнэхээр оролдох аваас алдас болно. Харин энд Б.Лхагвасүрэнгийн гар бие сэтгэл зүрх, эрдэм ухаан, ур чадвар, авьяас билгээ зориулж тулгуур багана, ноён нуруу нь болж бүтээлцсэн сүүлчийн нэгэн бүтээлийн талаар өнгөцхөн дурсъя. Тэр бол “Херо энтертайнмент” студийн хамт олны бүтээж олны хүртээл болгосон “Монгол тулгатны зуун эрхэм” хэмээх сайхан нэвтрүүлэг. Өнөө цаг дор зарим үзэгчид мартаж байгаа ч ихэнх нь дурсан санаж шинэ шинэ дугаарыг хүсэн хүлээж л байгаа даа.
“Монгол тулгатны зуун эрхэм” (2012 оноос гараагаа эхэлсэн байх) нэвтрүүлэг бол Монгол Улсын, сүүлийн зуу орчим жилд туулсан зам чухамдаа улс төр, нийгэм эдийн засаг, боловсрол шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй гээд улс орны амин судас болсон салбаруудын хувьсгалт өөрчлөн байгуулалтын ололт амжилтыг тоймлон тодорхойлсон. Тэгэхдээ нэвтрүүлгийг бүтээх үед сэрүүн тунгалаг аж төрж байсан, Монгол орны хөгжил дэвшлийн дал наян жилийн их үйлсэд гар бие оролцсон, болсон явдлыг нүдээр үзсэн, буурал түүхийг бүтээгч жинхэнэ эзэд-амьд гэрч эгэл баатруудын ажил амьдралын зам, бодол сэтгэгдэл, дурсамж ярианд тулгуурлан баримтаар нотолж мөнхөлсөн. Мөн тэдний үйл ажил, социалист бүтээн байгуулалтын ололт амжилтын амар хялбар бус урт зам, алдаа оноо, туйлшрал гажуудлын, хамгийн гол нь түүх хийгээд хүн чанарын шарласан хуудсыг сөхөж, бүдгэрч мартагдаж яваа үй олон баримтыг дэлгэж сануулсан. Түүнчлэн нэвтрүүлэгт оролцогсдын яруу алдарт зам, домог мэт амьдрал, гайхамшигт бүтээл туурвилыг сонсож уншаагүй мэддэггүйд нь мэдүүлж, үзсэн дуулсан мэдэж гадарладаг хүмүүст бол бахархал омогшлыг сэргээж өгсөн. Бас Монгол орны, монголчуудын сүүлийн дал наян жилд олсон амжилт, бүтээсэн сайн сайхан бүхнийг мэддэг ч мэдээгүй царай гаргагчид бүр үгүйсгэн гутааж харлуулахыг санаархагч гүтгэн гүжирдэгчдэд том сануулга, хатуу анхааруулга болсонд уг нэвтрүүлгийн түүхэн ач холбогдол оршино. Үнэнийг хэлэхэд “Монгол тулгатны зуун эрхэм”-ийн хэмжээний өргөн цар хүрээтэй өндөр ач холбогдол бүхий том нэвтрүүлгийг Монгол Улсын түүхийн сүүлийн дөчөөд жилд хараахан хийж амжаагүй, чадахгүй байгаа.
“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг зохион байгуулалт, хэлэх санаа өгүүлэмж, найруулга тавилт, баримтын шигтгээ, зураг авалт, дуу оруулалт, түүхэн ач холбогдлын уялдаа холбоо гээд бүх талаараа үзэгчдийн таашаалд нийцсэн өөрийн өвөрмөц өнгө аястай чамбай бүтээл болсон юм. Нэвтрүүлгийн ноён нуруу, өнгө төрх, гол тулгуур нь яруу найрагч, зохиолч, найруулагч, зураач, төр нийгмийн зүтгэлтэн Б.Лхагвасүрэн, хөтлөгч П.Анужин нар байсан гэхэд хилсдэхгүй байх. Энд Б.Лхагвасүрэнгийн арвин туршлага, амьдралыг бээлийгүй гараар барьж, шилний цаанаас бус, язгуур үндсээр нь бодитой харж бодол санаагаа илэрхийлдэг, өргөн мэдлэг, зураач найруулагчийн ур ухаан, өндөр чадвар, чөлөөт сэтгэлгээ, юмс үзэгдлийн зүй тогтол мөн чанарыг олон талаас нь онож харах мэлмий, өөрийн өвөрмөц үзэл бодол нь, нэвтрүүлгийг чамбай болоход гол үүрэг гүйцэтгэж жинтэй хувь нэмэр оруулсан байх. Өнөөгийн үй олон телевизүүдийн ганц нэг гайгүй гэхээр нэвтрүүлэгтэй жишиж харахад “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг бол үнэндээ “Төрийн шагнал” хүртэх хэмжээний бүтээл. Бавуугийн Лхагвасүрэн гэж ийм л хөтөлгөө олон морьдтой, хүрч гүйцэх аргагүй хурдтай, эгнэж жишиж дийлшгүй бяр тэнхээтэй том уран бүтээлч байв. Гэвч өнөө цаг дор Б.Лхагвасүрэн, П.Анужин, Б.Баатар нарын уран бүтээлчдийн түмний хүртээл болгосон тэрхүү сайхан нэвтрүүлэг бараг мартагдаж байгаа нь харамсалтай. Ямар ч гэсэн нэвтрүүлгийн шил шилээ даран гардаг шинэ шинэ цувралуудын сураг тасарсан. Өөгүй, өндөг шиг зүйл гэж хаана байхав. Нэвтрүүлгийн хөтлөгч нар, оролцож байгаа хүмүүстэй ярилцахдаа үндсэн сэдвээсээ хааяа хальж ач холбогдол багатай асуудлыг шалгаах, мөн найруулга эвлүүлгийн хувьд бодууштай аар саар зүйл ажиглагдаж байсныг бас үгүйсгэхгүй.
Хамгийн гол нь сэтгүүлчийн ажил мэргэжлийн анхны мэдэгдэхүүнгүй, нийтлэл нэвтрүүлгийн төрөл жанрын тухай ойлголт хомсхон нөхөд ялангуяа манай урлаг соёл спортын томчуул, төрийн өндөр дээд алдар цол гуншиндаа эрдэж бардсан зарим хүн, түүгээр ч барахгүй төр улсын томчуул, мэдэмхийрдэг бүхнийг мэднэ чадначуудын төлөөлөл нэвтрүүлгийг хөтлөх бүр зааж залах гэсэн оролдлого оролцоо тэр сайхан бүтээлийн “Бодийг хөтөлж амар сайханд нь жаргаасан...” байж магадгүй. “Монгол тулгатны зуун эрхэм”-ийн хэмжээний нэвтрүүлэг хийх нь бүү хэл телевизийн нэг аятайхан мэдээ тэрлэх чадвар, ур ухаан, мэдлэг мэдрэмж, санаачилга сэтгэлгээ хомсууд бас атаархаж нэр төр хөөцөлдөгсөд нэвтрүүлгийг замхрахад хувь нэмрээ оруулсан байх. Өөр нэг шалтгаан нь сүүлдээ уг нэвтрүүлэгт хэн хамаагүй, гавьяагүй гавьяатнууд ордог, эсвэл сонгуульд нэр дэвших, дарга болохыг мөрөөдөгсөд өөрсдийгөө магтах индэр болгон ашигладаг болсонтой холбоотой ч байж мэднэ. Ер нь сайн нэвтрүүлэг нийтлэлийг авьяастай, мэдлэг чадвартай, нарийн мэргэжлийн сэтгүүлчид хийдэг болохоос том дарга, сайн жүжигчин хөгжимчин бас мундаг бөхчүүдийн шүүрч аваад хийчихдэг ажил биш гэдгийг “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хувь заяа харуулж байх шиг санагдана.
Сайхан хүмүүсээ холын холд одсон хойно нь сайнаар дурсаж, тэдэнд сул тал байсан байх аваас сургамж авч буян хийцгээе. Их яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн алдарт хоньчин Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуугийн тухай нэгэн (2014 он) нэвтрүүлгийн өмнөтгөлд “Хүн гэдэг амьтан өнгөрснөө их амархан мартаж, харин амьд яваа нь голдуу дарга даамал, баячуудыг даган далдганаж бүр бөгсийг нь долоож амьдрах юм даа” хэмээн халаглан ярьж байсан хатуу боловч үнэн үгээр энэхүү дурсамжаа өндөрлөе.
БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭНД
Ухаан авъяас нь багтаж ядан
Бялхаж цалгисан элбэг дэлбэг
Урт үс, саарал сахалтай
Бөгтөр бор өвгөн-миний анд
Зоргал хайрхан шиг их эрдэм нь
Зон олондоо өглөг хишигтэй
Этгээд чамин өмсгөл нь таарч зохисон
Эв донжтой гангамсуу өвгөн-миний анд
Сумных нь цэц, цаглашгүй мэргэн
Задгай галын утаа тоосонд дарагдаж
Танигдахын аргагүй харласан
Хадаг самбай гоёлтой халтар нум-миний ах
Хавь ойртоо нөмөр бараатай
Халж нөхөрлөвөл ач буянтай
Халамж урамд гар татдаггүй
Хат зоригийн хаялагатай найрагч-миний ах
Үр ачдаа ноолуулж ханьдаа эрхэлэхдээ номхон
Шүлгээ уншихаараа омголон сүртэй
Онгод нь орохоороо оргио цалгиатай
Одтой оюунлаг бор өвгөн-миний багш
Яруу найраг нь тансаг болоод гүнзгий
Ян сарьдаг оргил мэт гайхалтай
Зоргол, Баян, Бөтөөрийн унаган хүү
Зоргоороо танхай найрагч-миний багш
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 117 (7102)