Н.ЖАРГАЛМАА

“Хилийн чанад дах, монголчуудын зөвлөл” ТББ, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” болон “Цахим мөртөн холбоо” –дын удирдах зөвлөлийн гишүүд хамтран Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийв. Тэд Гадаадад оршин суугаа монголчуудын дуу хоолой төрийн дээд албан тушаалтнуудад хангалттай хүрдэггүй учир үүнийг өөрчлөх шаардлагатай” хэмээн мэдэгдсэн.

Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон үл ялгаварлах зарчмын дагуу хаана оршин суугаагаас үл хамааран сонгох сонгогдох эрхээ эдлэх хэрэгжилт хангалтгүй байдаг. Хэдийгээр 2012 онд хилийн чанад дахь иргэд намын жагсаалтад санал өгөх эрх нь нээгдсэн боловч намын жагсаалтад санал өгснөөр УИХ-ын 38 хувийг сонгоход оролцож байгаа юм. Тиймээс төрийн эрх барих дээд байгууллагыг сонгох, төлөөллийн засаглалд гадаадад амьдардаг монголчууд хангалттай оролцох боломжгүй байна гэлээ.

Хуульд зааснаар сонгуулиар дамжуулан засгийн эрх ард түмний мэдэлд байж байгуулсан төлөөллийн байгууллагаар дамжуулан оролцоно гэсэн байдаг. Гадаадад суугаа 200 мянга гаруй монголчууд эх орондоо эдийн засгийн бодитой хувь нэмэр оруулдаг. Жил бүр 500 гаруй сая ам.долларыг Монгол Улсдаа авчирдаг бөгөөд энэ нь ДНБ-ий гурваас дөрвөн хувийг эзэлдэг аж.

Мөн гадаадад амьдарч буй иргэдийн асуудлыг Гадаад хэргийн яам дангаар хариуцах нь төрийн үйлчилгээг бүрэн авахад хангалтгүй байдаг гэлээ. Тиймээс УИХ-д гадаадад амьдарч буй иргэдийн төлөөлөл байснаар хилийн чанадад ажиллаж, амьдарч, сурч байгаа иргэдийн хүсэл, дуу хоолой төрийн дээд байгууллагуудад очих боломжтой болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Эх сурвалж: www.polit.mn