Баттулгын БЯМБАЖАРГАЛ
Түгжрэлд түгжигдэж халширсан манай нийслэлийнхэн ажил, гэр хоорондоо унадаг дугуй, цахилгаан скүүтерээр зорчиж давхар эрүүл мэнддээ анхаардаг болоод хэдэн жилийн нүүрийг үзлээ. Нийслэлээс ч унадаг дугуйн зам шинээр барихад анхаарч тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан. Энэ хавар “Унадаг дугуйтай Улаанбаатар” өдөрлөг зохион байгуулж 23 байршилд 55 километр унадаг дугуйн зам барина гэж Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар мэдэгдсэн.
Тэр үеэр унадаг дугуй, цахилгаан скүүтерийн хэрэглээг нэмэгдүүлэх нь иргэдийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй төдийгүй түгжрэлийг 9-13 хувиар бууруулах давхар ач холбогдолтойг онцолсон. Ер нь л түгжрэлд таг гацаж залхсан иргэд унадаг дугуй төдийгүй олон төрлийн цахилгаан дугуй, цахилгаан скүүтер унаж хэрэглэдэг соёлд суралцаж байна. Үүнийг өргөн хүрээнд дэлгэрүүлж олон нийтийн хэрэглээ болгосон нь “Jet sharing” түрээсийн скүүтерийн үйлчилгээ юм. Скүүтер түрээсийн үйлчилгээ нийслэлд хэрэгтэй юу гэвэл тун хэрэгтэй. Эрэлт, хэрэгцээ байсан учраас 13 хоногийн дотор ингэж нийтийн хэрэглээ боллоо. Нэг талдаа түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулж нөгөө талдаа орчин үеийн метрополис хотын залуустай хөл нийлүүлж соёлд нэгдсэн эерэг, том үйл явдал. Гол хэрэглэгчид нь Улаабаатар хотын залуус. Гэтэл цахилгаан скүүтер хэрэглэгчдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хэрхэн яаж хамгаалах вэ гэдэг тодорхой бус байна. Хувийн хэвшил өөрсдийн хөрөнгөөр улсынхаа түгжрэлийг бууруулахаар 3000 скүүтерийг оруулж ирээд хэрэглээнд нэвтрүүлчихлээ. Одоо харин холбогдох газруудаас иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ямар зохицуулалтаар шийдэхийг тодорхой заагаад өгөх шаардлагатай байна. Тэгвэл түрээсийн цахилгаан скүүтерийн үүсэл хөгжил, стандарт, аюулгүй ажиллагааны мөрдлөг олон улсад болон Монголд ямар байгааг харьцуулан хүргэе.
Олон улс зургаан жилийн өмнөөс скүүтерийн аюулгүй байдлаас айж байв
Цахилгаан скүүтерийг хэрэглэснээр агаарын бохирдол буурах, нүүрстөрөгчийн ялгарал багасах, түгжрэл буурах зэрэг эдийн засаг, байгаль орчинд олон талын эерэг нөлөөтэй. Гэсэн хэдий ч нөгөө талдаа аюулгүй байдал нь скүүтерийн маш том сул тал юм. Тухайлбал, АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс гаргасан судалгаагаар 2017-2021 оны хооронд цахилгаан дугуй, скүүтер унаж байхдаа осолдож 119 хүн нас барсан байна. Энэ сул талыг гадны орныхон зургаан жилийн өмнөөс мэдэрч хурдыг багасгах, тодорхой эгнээгээр явах, тод өнгийн хувцас өмсөх үүнийг зөрчвөл торгох зэргээр зохицуулж иржээ. Цахилгаан скүүтер нь АНУ, Франц улсуудад 2017 оноос эрчимтэй хөгжиж нийтийн хэрэглээнд нэвтэрсэн. АНУ-д төвтэй “Bird rides” компани 2017 оноос скүүтерийг түрээслэх үйлчилгээг Калифорниад эхлүүлж өнөөгийн эрчимтэй хэрэглээний суурийг тавьснаар Парис хотоор дамжин олон оронд тархсан. “Bird”, “Lime”, “Tier”, “Dott” зэрэг хэдэн арван сая хэрэглэгчтэй түрээсийн цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд бий. Түрээсийн цахилгаан скүүтерийн эхний хэрэглэгч орнуудын нэг болох Франц скүүтерийн аюулгүй байдлын талаар нийтийн санал, асуулга явуулж эхний удаад 700 орчим байршилд хязгаарласан хурдтайгаар зорчих зохицуулалт хийж байсан ч сүүлдээ хориглохоор болжээ.
Түүнчлэн скүүтерийн аюулыг нэмэгдүүлж байгаа гол хүчин зүйл нь зам гэдгийг олон улсад ч, скүүтер унаж туршиж үзсэн манай иргэд ч шүүмжилж байна. Тэгэхээр аюулгүй байдлыг хангахад зорчих зай өргөн чөлөөтэй, тэгш гадаргуутай байх шаардлагатай аж.
“Jet”-ийн дээд хурд 20 км\ц байгаа нь аюулгүй байдлын нэг зохицуулалт
“Jet sharing” түрээсийн скүүтерийн үйлчилгээ нь ОХУ, Украин, Беларусь, Армени, Казахстан, Киргизстан, Гүрж, Серби, Булгарь, Узбекистан зэрэг орнуудад нэвтрээд удаж байгаа аж. Тэгвэл эдгээр улсууд хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалдаг вэ? Жишээлбэл, Казахстан улсад бороо болон хүчтэй салхитай үед унахгүй байхыг зөвлөдөг юм байна. Түүнчлэн аяллаа эхлэхээс өмнө скүүтерийн бүрэн бүтэн байдал, тормозыг шалгаж хурдны хязгаарлалтыг дагаж хамгаалалтын малгай хэрэглэхийг сануулдаг аж. Мөн тэгш бус гадаргуутай замаар явахдаа хурдаа багасгаж болгоомжтой зорчихыг зөвлөдөг. Харин манай улсад цахилгаан скүүтер унах хүмүүсийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах нь тодорхой бус байгаа юм. Тухайлбал, түрээсийн үйлчилгээ үзүүлэгч “Jet sharing mongolia” нь хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах, аюулгүй байдлын зөвлөгөө, мэдээллээр хангахад дутмаг байгаад олон нийт шүүмжлэлтэй байна. Тэгвэл тэд хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хурдын хязгаарлалтаар шийджээ. Ер нь цахилгаан скүүтерүүд хүчин чадлаасаа хамаарч 40-50 км\ц хүртэл хурдалдаг аж.
Энэ нь хот дунд бол автомашинтай адил хурдлах боломжтой гэсэн үг юм. Харин “Jet sharing” түрээсийн скүүтерийн явах дээд хурд 20 км\ц байдаг. Үүнээс илүү хурдлах боломжтой ч эрсдэлийг тооцоолон хурдны дээд хэмжээг багасгажээ. Мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар 20 км\цагийн хурдтай зорчиход зорчигч ноцтой, хүнд гэмтэхгүй, боломжит хурдны хязгаар гэдгийг тайлбарлалаа. Түүнчлэн скүүтер хэрэглэгчидтэй холбоотойгоор иргэн Д.Уранчимэг “Автомашин жолоодож байх үед скүүтертэй хүмүүс автозамын эгнээ дундуур сүлжилдэн гэнэт гарч ирж байгаа нь эрсдэлтэй байна. Өглөөхөн явган хүний гарцаар скүүтертэй хүн гэнэт хурдтай гарч ирсэн. Жолооч нар замаа харахаас гадна унадаг дугуйтай, скүүтертэй хүмүүсийг давхар харах, самбаачилга гаргах шаардлага үүсчээ. Дугуйн замын хүрэлцээг сайжруулчихвал скүүтерийг эсэргүүцэх хүн байхгүй” гэсэн юм.
Автозам дундуур сүлжиж явах хориотой
Замын хөдөлгөөний дүрэмд цахилгаан дугуй, цахилгаан скүүтер гэж тусгайлан заагаагүй. Гэсэн хэдий ч Тээврийн цагдаагийн албанаас цахилгаан скүүтер болон бусад спорт төрлийн тоглоомуудыг Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар бүлэгт заасны дагуу унадаг дугуй, мопедтэй адил зохицуулах тухай тайлбар өглөө. Тухайлбал, цахилгаан скүүтер унаж замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуй, мопедын адил унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд түүгээр зорчих боломжгүй бол зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно гэж тайлбарлав. Замын хөдөлгөөний дүрмийн 25.5-т зааснаар “Зорчих хэсгийн захаар байрлан явахад хүндрэлтэй буюу боломжгүй байвал унадаг дугуй, мопед нь хөвөөгөөр, эсвэл унадаг дугуй нь явган хүний замаар явж болох бөгөөд ингэхдээ аюулгүй байдлыг хангаж, хурдыг цагт 10 километр цагаас хэтрүүлэхгүй, явган зорчигчдод саад учруулахгүй зорчино. Хэрэв явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй байвал бууж явгалан, явган зорчигчийн үүргээр хөдөлгөөнд оролцоно” гэсэн байна. Тэгэхээр цахилгаан скүүтер хэрэглэгч нь автозам эгнээ дундуур хаа, хамаагүй унаж сүлжилдэн давхих нь аюултай. Дүрмээрээ хориотой гэсэн үг.
Тэгвэл цахилгаан скүүтерийг унадаг дугуй, мопедтэй ижил зохицуулна гэж үзвэл насны заалтыг мөн тавих ёстой болж байгаа юм. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, ахмад Х.Мөнх-Эрдэнэ “Унадаг дугуй, мопед, бусад спорт төрлийн тоглоомуудыг 10 хүртэлх насны хүүхдүүд орон сууцны орчинд бол тоглоомын талбайд, гэр хороололд бол хашаан дотроо унахыг заасан. Хэрэв олон нийтийн газар, гадуур унах бол заавал эцэг эх, харгалзах хүнтэйгээр унах ёстой. Харин 10-14 настай хүүхдүүд зөвхөн явган хүний замаар хөдөлгөөнд оролцохыг дүрэмд тодорхой заасан. “Jet sharing” түрээсийн цахилгаан скүүтерийг Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар бүлэгт заасны дагуу 14-өөс дээш насныхан унаж хэрэглэнэ. Тэгэхээр 14-өөс доош насны хүүхэд тоглоомын талбай, хашаанаасаа гадуур харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцох нь дүрмээрээ хориотой. Хэрвээ дүрэм зөрчиж унаж байхдаа хүүхэд ямар нэг байдлаар гэмтэж бэртсэн тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч нь хуулийн хариуцлага хүлээнэ. Цахилгаан скүүтертэй холбоотой Замын хөдөлгөөний дүрэмд зөвлөмжийн чанартай заалтууд бий. Тухайлбал, үзэгдэх орчин хангалтгүй буюу харанхуй үед автомашины гэрэл тусахад хажуу талдаа улбар шар, ардаа улаан өнгийн гэрэл цацруулагчтай, урдаа цагаан гэрэлтэй байх ёстойг зөвлөсөн байдаг. Мөн иргэд шөнийн цагаар цахилгаан скүүтер унаж хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд аюулгүй байдлаа бодолцож бусад жолооч нарт анхааруулах зорилгоор тод өнгөтэй, гэрэл ойлгогч тууз, хэрэглэлтэй хувцас өмсөх зэрэг зөвлөмжийн шинжтэй заалт байдаг” гэв.
Замын хөдөлгөөний дүрэм танилцуулах шинэ цонхтой болно
Цахилгаан скүүтерийн хэрэглээ ихсэж байгаа тул Тээврийн цагдаагийн албанаас унадаг дугуй, явган хүний замаар зөвхөн ганцаараа зорчих, зориулалтын зогсоолд байршуулж хамгаалалтын малгай өмсөж хөдөлгөөнд оролцох зөвлөмжийг гаргажээ. Мөн цахилгаан скүүтерээр зорчих үедээ утсаар ярихгүй, согтуугаар жолоодохгүй байхыг анхааруулав. Мөн цахилгаан скүүтерийг түрээслэхэд QR кодыг уншуулсны дараа Замын хөдөлгөөний дүрэмд заасан аюулгүй байдлын зөвлөмж харагддаг шинэ хэсгийг нэмэхээр Тээврийн цагдаагийн албанаас түрээсийн үйлчилгээ үзүүлэгч компанитай ярилцаж байгаа аж. Түүнчлэн унадаг дугуй, цахилгаан скүүтертэй зорчигч нь явган хүний гарцаар гарахдаа унадаг дугуй, скүүтерээсээ бууж түрж гарах ёстой төдийгүй уулзвараар автомашинтай хамт дагаж эргэхгүй байхыг анхаарууллаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023.6.13 МЯГМАР № 116 (7101)