Базарбямбын НЯМСҮРЭН
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан ноён Бан Ги Муныг монголчууд андахгүй. Тэрбээр өнөөдөр, маргааш хоёр өдөр Улаанбаатарт зохион байгуулагдах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцохоор манай улсад хүрэлцэн ирээд байгаа юм. Сонирхолтой нь яг энэ өдөр тэрбээр 79 нас хүрч байна.
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд түүний талаарх найман баримтыг уншигчдадаа бэлтгэлээ.
1.1944 оны зургадугаар сарын 13-нд Имсэй мужид төржээ. Зургаан хүүхэдтэй айлын том хүү тэрбээр дайны жилүүдэд боловсрол эзэмшихийн төлөө хүнд замыг туулжээ.
2.18 настайдаа дунд сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг уралдаанд түрүүлснийхээ шагналд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннидитэй уулзаж байсан нь түүнд маш том урам зориг өгч байжээ.
3.Жон Кеннидитэй 18 настайдаа уулзсан хүү хожим түүний нэрээр нэрлэгдсэн Харвардын Жон Кеннедийн нэрэмжит сургуульд суралцаж, Төрийн удирдлагаар магистрын зэргээ амжилттай хамгаалжээ.
4.Тэрбээр НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд 2007-2016 онд НҮБ-ыг тэргүүлж байсан юм. 1975 онд Сөүл дэх ГХЯ-ны НҮБ-ын хэлтсийн ажилтан болсноор НҮБ дэх ажлын гараагаа эхэлсэн. Тэрбээр “Би дайны үед өссөн. Дайны хүнд хэцүү цаг үед НҮБ манай улсад маш их тусламж, дэмжлэг үзүүлдэг байсан нь надад ирээдүйд энд ажиллах урам өгсөн” хэмээн дурссан байдаг. Тэрбээр 2007-2016 онд ажиллах хугацаандаа Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхийн эсрэг хатуу байр суурьтай байв. Бан Ги Мун НҮБ-ыг даргалсан хугацаанд хэт ядуурал, хүүхдийн эндэгдэл буурч, охидын боловсрол эзэмших боломж нэмэгдсэн гэдэг. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын тунхагийг баталсан нь хүлэмжийн хийг бууруулах тэмцэлд маш том хувь нэмэр болжээ. Тэрбээр Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагыг санаачлан байгуулж байжээ. Түүнийг НҮБ-ыг удирдаж байх хугацаанд Сирийн иргэний дайн, Арабын хавар зэрэг дэлхий нийтийг донсолгосон томоохон үйл явдлууд болж байв.
5.Бан Ги Мун нь манай улсад дөрөв дэх удаа зочилж байна. 2006 онд БНСУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа анх Монгол Улсад айлчилж байв. Түүнээс хойш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа буюу 2009, 2019 онуудад манай улсад айлчилж байв.
6.НҮБ-ын тэргүүнээр ажиллахаасаа өмнө тэрбээр БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Бодлого төлөвлөлтийн асуудал эрхэлсэн орлогч сайд, Гадаад хэргийн сайдын тусгай зөвлөх, Америкийн газрын ерөнхий захирал, НҮБ-ын Вена дахь Байнгын төлөөлөгч, Элчин сайд зэрэг албыг хашиж байв. Мөн тэрбээр 2017 оноос Олон улсын олимпийн холбооны Ёс зүйн хорооны даргаар ажиллах болжээ.
7.2017 онд тэрбээр өөрийн нэрээр нэрлэгдсэн “Бан Ги Мун” санг байгуулсан. “Дэлхийн иргэний төлөө” уриатай энэхүү байгууллага нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх зорилготой бөгөөд, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудалд онцгой анхаарал хандуулдаг.
8.Тэрбээр ахлах сургуульд байхдаа буюу 1962 онд гэргий Ю Сүнь Дэгтэй танилцжээ. 1971 онд гэрлэлтээ батлуулсан тэд нэг хүү, хоёр охинтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023.6.13 МЯГМАР № 116 (7101)