Баттулгын БЯМБАЖАРГАЛ
Технологийн салбарынхан нэгэн дор цуглаж өөрсдийн бүтээл, шинэлэг бүхнээ танилцуулдаг “ICT Expo” гурван өдөр үргэлжилж өндөрлөв. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн, нэгдсэн арга хэмжээ болох “ICT Expo” нь энэ жил “Mining to Mindgolia” уриан дор зохион байгуулагдав. 16 настай “ICT Expo” жил ирэх бүрт өргөжин чанаржсаар байгааг үзэсгэлэнд оролцогчдын тоо, технологийн хөгжил, дэвшлийг авчирсан тэдний шийдлүүд тодоос тод харуулж байлаа. Тухайлбал, энэ жилийн нэгдсэн арга хэмжээ, үзэсгэлэнд Монгол Улсын аймаг, сум, дүүргүүдийн 700 гаруй зочин, төлөөлөгчид, 150 гаруй аж ахуй нэгж өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ цагийн технологийг танилцуулж оролцсон байна.
Дугаарлаж биш утсаараа эмнэлгийн цаг авдаг болжээ
Энэ жилийн онцлох нэгэн үйл ажиллагаа нь “ICT Expo” анх удаа виртуал хэлбэрээр “GUYUK” метаверст давхар зохион байгуулагдаж буй явдал байлаа. Метаверс дэх “ICT Expo” зохиогдож буй асраар зочилж үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай виртуалаар танилцах боломжийг олгосон нь үзэсгэлэнг сонирхохоор ирсэн залуусын сонирхлыг ихээхэн татаж байв. Мөн үзэсгэлэнгийн эхний өдөр ЦХХХ-ны сайд Н.Учрал технологийн салбарт олон улсын сайд нар, дэд сайдуудтай хамтран ажиллах болсноо мэдэгдэж, МТҮП-ын захирал Ж.Золзаяа олон улсын байгууллагуудтай санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тодруулбал, Astana hub, JICA, NAVER, RM Soft, FIBO, global-тай хамтран ажиллахаар болжээ. Түүнчлэн “3D” проектор, лазер шоу болон алдарт “The Hu” хамтлагийн метаверс тоглолтоор “ICT Expo”-ийн эхний өдрийг хаасан юм. Үзэсгэлэнд үүрэн холбооны операторууд, технологийн салбарынхан, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон компани, старт-апууд оролцсон. Тэгвэл тэдний нэг болох “eClinic” аппликейшнийг онцолж байна. Үүрийн гэгээнээр эмнэлэгт үзүүлэх цаг авахаар жагсаж дугаарладаг үе ард хоцорчээ. “eClinic” аппликейшн ашиглан эмнэлгийн үйлчилгээний цагийг цахимаар авч мэргэжлийн эмч нараас цахимаар зөвлөгөө авах, багц шинжилгээг хөнгөлөлттэй өгөх боломжтой аж. “eClinic”-ийнхэн тэдний асраар зочилсон иргэдэд “eClinic” аппликейшний дансыг 5000 төгрөгөөр цэнэглэж эрдэсийн шинжилгээ үнэгүй хийж өгч зуны халуун нар ээсэн өдрийг мөстэй ундаагаар сэрүүцүүлж байлаа.
“Mobicom” дөрвөн шинэ бүтээгдэхүүнтэй оролцов
Үүрэн телефоны операторууд “ICT Expo”-д шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, өргөн цар хүрээтэй оролцдог. Тэдгээрийн дундаас онцлох асар нь “Mobicom” байлаа. Тэд “Tech is Smart” уриатайгаар оролцож байна. Энэ талаар “Mobicom” корпорацийн Маркетингийн газрын шинэ бүтээгдэхүүний хэлтсийн менежер Б.Найрамдал “Жил бүр технологийн салбарынхны нэгдсэн “ICT Expo”-д оролцож ирсэн. Энэ жил байгууллагад зориулсан хоёр бүтээгдэхүүн, дижитал суурьтай хоёр бүтээгдэхүүнийг онцлон танилцуулж байна. Дижитал бүтээгдэхүүнээр “Hyper” дижитал багц, “Monpay” финтек үйлчилгээний шинэ бүтээгдэхүүн “Clickpay”-ыг танилцууллаа. Түүнчлэн байгууллагуудад зориулсан фэйсбүүк сэтгэгдэлд анализ хийх AI, Cloud технологид суурилсан “SmartDash”, “XR” аппликейшнийг танилцуулж туршилт хийж байна. “XR” аппликейшныг үзэсгэлэнгийн үеэр танилцуулан туршилт хийж байгаа. Туршилтын үр дүн, хэрэглэгчдийн санал, сэтгэгдэлд үндэслэн дахин сайжруулалт хийснээр есдүгээр сард зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна. Хэрэглэгчид 5G сүлжээ орсон газруудад энэхүү аппликейшнийг ашиглан AR, VR төрлийн шинэ технологиудыг ашиглаж болно. Түүнчлэн цаашид аялал жуулчлал болон бусад олон салбарт энэ аппликейшнийг ашиглах боломжтой. Энэ үүднээс бид ирээдүйн боломжийг бүрдүүлэхээр хамтрагч байгууллагуудтайгаа санал, хүсэлтээ солилцож байна” гэдгийг онцоллоо.
Түүнчлэн “ICT Expo”-ийн сүүлийн өдрийн онцлох үйл ажиллагаа нь “Bug Bounty” кибер аюулгүй байдлын цахим тэмцээн байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 115 (7100)