Д.ОЮУНЧИМЭГ
Монгол, ОХУ, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн XVI чуулган өнгөрсөн баасан гаригт өндөрлөлөө. Чуулганаар гурван улсын танхимууд бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн хамтарсан хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллахаар тохиролцжээ. Энэ удаагийн чуулганаар улс хоорондын эдийн засгийн харилцааг дэмжихэд танхимуудын оролцоо, гурван улсын хөрөнгө оруулалтын боломж, хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм. Мөн гурван улсын чөлөөт бүсүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж, гарц, шийдлийн талаар ярилцав.
Түүнчлэн гурван улсын бизнес эрхлэгчид төслөө танилцуулан бизнес уулзалтуудыг зохион байгуулжээ. Энэ хүрээнд Монгол, Хятадын гурван компани гэрээ байгуулж, хамтран ажиллахаар болсон байна. Гурван улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаанд тулгамдаж буй асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхийн тулд худалдаа аж үйлдвэрийн танхимууд хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ шатанд гаргах нь чухал гэдгийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин чуулганыг хааж хэлсэн үгэндээ онцлов.
Чуулганы хүрээнд ЗТХЯ, МҮХАҮТ “Шинэ сэргэлтийн бодлого-Зам тээврийн сэргэлт” сэдвээр тээвэр-ложистикийн хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулсан юм. Сэдэвчилсэн уулзалтын үеэр Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт “Монгол Улс Шинэ сэргэлтийн бодлогоо тодорхойлж, боомтын сэргэлтийг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэв. Тэрбээр, экспортыг нэмэгдүүлэх, ачаа тээврийн урсгалыг эрчимжүүлэх зөв алхам нь тээвэр ложистикийн төвийг олноор байгуулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх гэдгийг онцолсон. "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд зам тээврийн салбарт олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласны хүрээнд агаарын тээврийн салбарын либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлж, олон улсын зорчигч болон ачаа тээврийн зангилаас бий болгохыг зорьж буйгаа тэрбээр дуулгасан юм.
Оны эхний таван сарын байдлаар Монголд 600 мянга орчим зорчигч агаарын тээврээр зорчжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Агаарын тээврийн либералчлал, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх шаардлага бий. Энэ хүрээнд энэ жил 10 улстай "Агаарын харилцааны хэлэлцээр" байгуулахаар төлөвлөн Катар улстай амжилттай хэлэлцээр хийсэн нь эхлэл юм байна. Тиймээс хоёр хөршийн хөрөнгө оруулагчидтай агаарын тээвэр болоод дэд бүтцийн салбарт хамтран ажиллах сонирхол байгааг чуулганд оролцогч бизнесийнхэн болоод албаныхан хэлж байв. Мэдээж хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, харилцан ашигтай ажиллах нь Монгол Улсын тэр дундаа зам тээврийн салбарын гол бодлого гэдгийг сануулж байв.
Энэ удаагийн чуулганы тунхаг бичигт танхимуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхээ илэрхийлж, гурван улс хоорондын эдийн засаг, худалдааны харилцааг харилцан үр ашигтай, тогтвортой хөгжүүлэх, худалдаа дахь саад тотгорыг бууруулах, бизнес хөрөнгө оруулалтыг дэмжих, танхимуудын чадавхийг хөгжүүлэхийг зорьжээ. Тодруулбал, бизнесийн томоохон төслүүдийг хөрөнгө оруулагчдад сурталчлах, бизнес хөрөнгө оруулалтыг дэмжих хоёр ба гурван талт уулзалт арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар тусгасан байна. Түүнчлэн баруун, зүүн босоо тэнхлэгийн авто зам ба төмөр зам, хуурай, усан, хилийн боомт, эрчим хүч зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн хамтарсан хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллахаар болжээ. Мөн энэ удаад гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрт тусгасан төслүүд болон эдийн засгийн коридорын дагуух чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах, үйл ажиллагаа явуулахад хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдэд тал бүрийн дэмжлэг үзүүлэх санаачилга гарсан байна.
Энэ мэтчилэн олон улсын транзит тээврийг хөгжүүлэх, гурван улсын худалдаан дахь тарифын болон тарифын бус саад тотгор, хязгаарлалтыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, чөлөөтэй болгох зэрэг асуудлаар хамтран ажиллахаар Тунхаг бичигт тусгажээ.
Гурван улсын худалдаа, эдийн засгийн XVI чуулган хоёр өдөр үргэлжилж дараах саналуудыг дэвшүүлжээ. Тухайлбал, Замын-Үүд, Эрээн хотын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд биотехнологи, эрчим хүч, олон улсын боловсрол, эрүүл мэнд зэрэг өндөр инноваци нэвтрүүлсэн чиглэлүүдээр хамтран ажиллах. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтран ажиллах механизмаа бий болгох. Замын үүдийн чөлөөт бүс рүү нарийн цариг, эрээний ложистикийн төв рүү өргөн цариг нэвтрэх боломжийг эрэлхийлэх зэрэг олон асуудлыг тусгасан байна.
Дашрамд дурьдахад, гурван улсын ХАҮТ-уудын Худалдаа, эдийн засгийн XVII чуулга уулзалтыг ирэх онд БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо зохион байгуулах аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 115 (7100)