Тун удахгүй ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтаар ОХУ, Монгол Улс болон бусад улс орнууд эдийн засгийн янз бүрийн салбарын ирээдүй, тэр дундаа түүхий эдийн баазыг хөгжүүлэх талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

Монгол Улс экспортын бүтээгдэхүүний хэмжээгээ нэмэгдүүлж байгаа бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлснээр нүүрсний экспорт 19 сая тонныг давсан байна. Энэ оны дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-ний хооронд нийт 590.9 мянган тонн эрчим хүчний нүүрсийг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 60 хувиар өссөн үзүүлэлт юм.

Гэвч экспортын гол нэрийн бүтээгдэхүүний нөөцөө шавхахгүйн тулд Монгол Улс экспорттой дүйцэхүйц хэмжээний түүхий эдийн баазаа нэмэгдүүлэх шаардлагатай билээ. Энэ хүрээнд 2019 оноос хойш Оросын хамгийн том геологийн холдинг болох "Росгеология" ХК-тай геологи хайгуулын чиглэлээр хамтран ажиллаж байна.

"Монгол Улсын өмнөд хэсэгт газрын тос, байгалийн хийн нөөц бий гэхдээ тэр бүс нутагт нүүрсустөрөгчийн томоохон орд байхгүй бололтой, дунд, жижиг нь бол бий. 2020 оноос хойш бид Монголд ажиллаж, газрын тосны нөөц илрүүлэх төслүүдийн талаар ярилцаж байна...” гэж “Росгеология” компанийн тэргүүн Сергей Горков “Российская газета” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Одоогоор ОХУ-аас Монгол Улсад газрын тос нийлүүлж байгаа бөгөөд 2018 оны Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр энэхүү хэлэлцээрийг байгуулсан. Түүнчлэн хойд хөрш “Союз Восток” хийн хоолойн зураг төслийн ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд удахгүй дуусгах төлөвлөгөөтэй байна. 2024 онд барилгын ажил эхлэх магадлалтай байгаа.

Үүний сацуу ЗХУ-ын үед баригдсан Улаанбаатарын дулааны цахилгаан станцыг шинэчлэх ажил олон жил үргэлжилж байна. Тухайлбал Улаанбаатар ДЦС-3-ын шинэчлэл хийгдэж байгаа. Энэ нь хоёр улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хоёр дахь томоохон төсөл болох юм. Оросын талаас Засгийн газар хоорондын зохих бүх гэрээ хэлэлцээрүүдийг зөвшилцсөн болно.

 Монгол Улс ойрын хугацаанд бүх талууд баримт бичгүүдийг эцэслэн баталгаажуулахыг хүлээж байна. ДЦС-ын шинэчлэлийн төсөл нь нийт 250 МВт хүчин чадалтай хоёр шинэ эрчим хүчний блок барих зорилготой юм. Санхүүжилтийг ОХУ-ын нийт 100 тэрбум рублийн экспортын зээлээр шийдвэрлэхээр төлөвлөж байна.

 Зургадугаар сарын 14-17-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтанд Монголын төлөөлөгчид оролцохоор бэлдэж байна. Энэ жилийн чуулга уулзалтын гол сэдэв нь “Хараат бус хөгжил нь шударга ертөнцийн үндэс. Хойч үеийнхээ төлөө хүчээ нэгтгэцгээе". ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Антон Кобяков "Чуулга уулзалтын үндсэн хэсэг нь монголын төлөөлөгчдийн сонирхлыг ихэд татаж, шинэ түнш олоход тусална гэдэгт итгэлтэй байна" гэв.

Эх сурвалж:www.zms.mn