Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Дэлхий даяаршихын хэрээр бид гарал угсаа, түүх соёлоо мартсаар байгаа нь гашуун болов ч үнэн. Нэг л мэдэхэд  дэлхийн найман тэрбум хүн нэг далбаан дор нэгдэж, нэг хэлээр ярьж, нэг үндэстэн мэт амьдрах үе ойрхон ирж байж ч мэдэх юм. Ялангуяа гуравхан сая хүн амтай монголчуудын хувьд хэл соёлоо л хайрлахгүй бол хоёр том гүрний дунд уусах нь цаг хугацааны асуудал болоод байна. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Асуудал-Шийдэл: Өв соёл” буландаа эх хэлээ хайрлан хамгаалахын үнэ цэнийн тухай сэдэв хөндсөөр байна. Өмнөх дугаартаа бид цахим орчинд өрнөөд буй англи хэлийг бага ангиас нь заах нь зөв үү гэсэн сэдвийн дор албаны хүмүүсийн байр суурийг хүргэсэн. Тэгвэл энэ удаагийн дугаартаа монгол хэлний үнэ цэн болоод эх хэлээ хайрлан хамгаалахын ач холбогдлын тухай хөндөж байна.

 

“Тавдугаар анги хүртэл эх хэлийг нь заах зөв”

 

Их соён гэгээрүүлэгч Бямбын Ренчин гуай нэгэн  цагт

“Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл

Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ” .... хэмээн шүлэглэсэн нь бий. Өвөг дээдсээс уламжилж ирсэн энэ их өвийг бид хайрлан хамгаалж чадаж байгаа бил үү. Өнөөдөр бидний ирээдүй болсон бяцхан багачууд англиар хэлд орж, англи дуу шүлэг сонсож, өсч байгаа нь үнэн. Гудамж талбайгаар дүүрэн харь хэлээр ярьсан залуус. Гэхдээ түүнийг буруу гэж тодотгохыг хүссэнгүй. Мэдээж өсвөр насны хүүхдүүдийн хувьд боловсролдоо хөрөнгө оруулж, хоёр дахь, гурав дахь хэлийг сурч байгаа нь зөв. Гэвч боловсрол гэдгийг бид юу гэж ойлгож байгаа нь чухал. Оюуны боловсролдоо хөрөнгө оруулахынхаа өмнө сэтгэлийн боловсролоо хэрхэн бэлтгэх ёстой вэ гэсэн асуулт гарч ирнэ. Энэ бол эх оронч үзэл, эх орноо хайрлах, хэл соёлоо хамгаалах, зөв боловсон төлөвшил олох юм болов уу. Энэ боловсрол хүүхэд насанд чихрийн цаасаа газар хаяхгүй байхаас эхэлдэг бол өсч томрохын цагт эх орон элгэн саднаа хайрлах, гарал угсаа, хэл соёлоороо бахархах сэтгэл гэж томъёолж болмоор ч юм шиг. Энэ тухай нийслэлийн ерөнхий боловсролын “Ирээдүй” цогцолборын бага ангийн багш Ө.Алтанцэцэг “Өнөөдрийн XXI  зууны хүүхдүүд бидний бага байх үеэс тэс ондоо сэтгэхүй, үзэл бодолтой болчихсон. Багш хүний хувьд хүүхдүүдтэйгээ зэрэг сурч, хөгжөөд л явж байна. Би бага ангийн багшаар ажиллаад 18 жил болж байна. Энэ жил гуравдугаар анги төгсгөсөн. Бага ангийн боловсрол гэдэг тухайн хүүхдийн ирээдүйн суурь мэдлэгийг олгохоос гадна бие хүн болж төвөлшихөд нь чухал үүрэгтэй. Миний хувьд шавь нараа онц сайн сураасай гэхээс илүү зөв төвшин суудаг, том хүний хэлсэн үгийг ойлгож хүлээж авдаг, ахмад хүнийг хүндэлдэг, түрүүлж мэндэлдэг, бие биетэйгээ эвтэй нөхөрлөж, уучлалт гуйж чаддаг болоосой л гэж хүсдэг. Энэ бол насан туршид нь дагаж явах хамгийн том боловсрол юм. Харин англи хэл сурахын тухайд гуравдугаар анги гэдэг чинь бас балчир нас шүү дээ. Одоо л хүүхдүүд маань хичээл сургууль гэдгийн учрыг олж, монгол хэлээрээ зөв бичиж сурч байна. Тиймээс ядахдаа тавдугаар анги хүртэл нь эх хэлийг нь заах нь зөв болов уу. Харин есөн наснаас дээшхи хүүхэд хоёр дахь хэл сурахад илүү тохиромжтой гэсэн олон улсын судалгаа ч бий. Ер нь эхлээд төрөлх хэлээрээ сайн ярьж, эх хэлнийхээ гайхамшгийг мэдэрч, төрөлх хэлээ хайрлан хамгаалахын ач тусыг ойлгох нь чухал” гэв. 

 

Монгол хэл ямар түвшинд байна вэ гэдгийг тунгаах цаг болсон

 

Монгол хэл бол яруу тансаг аялгуу, баялаг түүхтэй. Тиймээс бид энэ баялгийг авч үлдэх, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарал хандуулах учиртай. Эх хэлээрээ алдаагүй бичдэг, ярьдаг байх нь монгол хүн бүрийн үүрэг билээ. Дэлхийн бусад орнууд ч төрөлх хэлнийхээ дархлаанд онцгой анхаарч, эх хэлээ хайрлан хамгаалах хууль болоод хөдөлгөөнийг тогтмол зохион байгуулж буйгийн нэг нь Хятад улс юм. Тус улсын хувьд эх хэлэндээ харь үг оруулахгүй байхыг хуульчилж чадсан цөөн орны нэг. Заавал хэрэглэх шаардлага тулгарвал галигаар нь дуудахыг зөвшөөрсөн байдаг аж. Тиймээс ч бага ангийн хичээлийн хөтөлбөрт нь Англи хэлний хичээлийг тусгадаггүй. Хүүхэд эх хэлээрээ ярьж, бичиж ойлголцдог болсны дараагаар нь буюу тавдугаар ангиас нь гадаад хэл заах тогтолцоотой ажээ. Харин зарим сургууль нь зөвхөн эцэг эхийн зөвшөөрлийн дагуу хэл сонголт хийж, долоо хоногийн хоёр өдөр гадаад хэлний хоёр цагийн сонгонд явахыг зөвшөөрдөг байна. Энэ мэт дэлхийн улсууд өөрийн хэл соёлыг хайрлан хамгаалж, төрөлх хэвээр нь авч үлдэх нь цаашлаад тусгаар тогтносон орон байхад хамгийн их нөлөөтэй гэдгийг нэгэн дуугаар зөвшөөрч, дуу хоолойгоо хүргэсээр байна. Мөн эх хэлнийхээ дархлааны төлөө ширүүн тэмцэл өрнүүлсээр байгаа орны нэг нь Буриад зон олон билээ. Дэлхий дээр цор ганц буриад хэлээр жүжиг тавьдаг театр тэнд л бий. Тус театрын ерөнххий найруулагч Олег Юмов “Бид эх хэлнийхээ дархлаанд оруулж буй хамгийн том хувь нэмэр, тэмцэл нь төрөлх хэлээрээ жүжгээ тавьж буй явдал юм” хэмээн онцолж байв. Англи хэлийг бага ангиас нь заах уу, үгүй юу гэж талцсан энэ үед хоёрдогч хэлээс илүү эх болсон монгол хэл минь ямар түвшинд байна вэ гэдгийг тунгааж бодох цаг болсон гэж Шинжлэх ухааны доктор Ц.Өнөрбаян ч өмнөх нийтлэлд ярьж байсныг энд дахин сануулъя.

 

Эх хэлээрээ ярьдаг, эх орноо гэсэн сэтгэлтэй залуус хамгийн том баялаг

 

Монгол хэл уран зохиолын багш Б.Батчимэг “Багш хүний хувьд монгол хэлээ устах хэмжээнд очсон гэж бодохгүй байна. Цаашид бид эх хэлээ хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэх ёстой. Монгол хэл, уран зохиол, монгол бичгийн хичээл хүүхдийн сэтгэхүйг монгол хүн болгон төлөвшүүлдэг. Монгол хүн болж төлөвшсөн залуус улс орноо авч явах болно гэж боддог. Харин англи хэлний тухайд дунд ангиас нь заавал илүү үр дүнтэй болов уу. Хэдийгээр хэл сурах ёстой ч хэдэн наснаас нь эхэлж заах вэ гэдэг их чухал. Ер нь хүүхдийн зөв төлөвшил гэдэг есөн наснаас л суурь нь тавигдаж эхэлдэг юм шүү. Үүнээс бага насны хүүхэд анхаарал төвлөрлөөс эхлээд тогтворгүй үе” гэсэн юм. Үнэхээр энэ багшийн хэлдгээр монгол хүн болж төлөвшсөн залуус бол эх орны ирээдүй билээ. Төрөлх хэлээрээ зөв сайхан ярьдаг, эх орноо гэсэн чин сэтгэлтэй залуус бидний хамгийн том баялаг. Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор дэд профессор Г.Гэрэлмаа “ЮНЕСКО-оос хэл мөхөж байна уу гэдгийг дөрвөн шалгуураар дүгнэдэг. Хүмүүс гэртээ үндэснийхээ хэлээр ярьдаггүй, гадаад хэлийг хэрэглэдэг нь үндсэн шалгуур болдог. Өндөр настнууд ярьдаг, дунд насныхан бага зэрэг ярьдаг, залуучууд нь мартчихсан хэлийг мөхөж буй хэл гэнэ. Харин тусгаар тогтносон Монгол Улсын хувьд хэл мөхлөө гэж ярьж болохгүй. Монгол Улс бол аль нэг улсын эрхшээлд ороогүй учраас хэл соёл, эх хэлээ хайрлан хамгаалж яваа” гэж ярьжээ.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор профессор Г.Билгүүдэй: Хэлний баялаг санг хадгалж үлдэх өв уурхай нь уран зохиол

-Эртний уламжлалтай эх хэлний маань үгийн сан шавхагдашгүй баялаг. Үгийн сангийн бүрэлдэхүүнд байдаг үгсээс өргөн дэлгэр хэрэглээнд 4000-5000 үг эргэлддэг гэж үздэг бол идэвхтэй хэрэглэгддэг нь 1000 үгэнд багтдаг. Ямар ч хэлэнд 1000 үгийг ашиглаад  харилцааны хэрэглээгээ хангаж болдог. Хэлний баялаг санг хадгалж үлдэх өв уурхай нь уран зохиол юм. Урлаг соёл, ёс уламжлал, зан заншилдаа өвөг дээдсийнхээ өвлүүлж үлдээсэн аялгуу сайхан монгол хэлээ хадгалж үлдэхийн төлөө бид хичээх үүрэгтэй. Хэлний дархлаа гэдэг монгол хүн бүрийн үүрэг болохоос ганц мэргэжлийн хүмүүсийн үүрэг биш юм шүү.

 

 

Бага ангийн багш Ц.Бямбасүрэн:Зөв бичих дүрмээ сурсан хүүхэд англи хэлийг төвөггүй сурна

-Монгол хэл их баялаг. Сонсох,  ярих бүрт яруу тансаг нь илүү мэдрэгддэг. Би хичээл заах бүртээ хүүхдүүддээ эх хэлээрээ ярих нь ямар ач холбогдолтой вэ гэдгийг ойлгуулахыг хичээдэг. Мөн монгол ахуй, ёс уламжлалыг шингээсэн шүлэг цээжлүүлж, утгыг нь яриулдаг. Ангийнхандаа “Би монгол хүн” шүлгийг уншиж өгөхөд хүүхдүүд их сонирхож хүлээж авсан. Дараа нь надаас аргал гэж юу болох, малчин түмний амьдралын тухай асууж байсан нь өхөөрдөм. Ер нь эхлээд монгол хэл, зөв бичих дүрмээ сурсан хүүхэд дунд  ангид ороод англи хэлийг төвөггүй сурна. Өнөөдөр бид гадаад хэлний боловсрол гэж маргалдаж байгаа ч эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт нь зөв монгол хүнийг бэлтгэх юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 114 (7099)