Б.НАНДИН
Католик шашны тэргүүн хамба Францис өнгөрсөн лхагва гаригт Ром хотын эмнэлэгт ивэрхийн хагалгаанд орсон бөгөөд гурван цаг үргэлжилсэн хагалгаа амжилттай болжээ. 86 настай Ватиканы тэргүүн 2021 онд анх хэвлийн хагалгаанд орсон боловч үүнээс шалтгаалсан сорвижилт ивэрхий үүсгэсэн учир дахин мэс засал хийхээс аргагүй болжээ. Түүний хагалгааг гүйцэтгэсэн тус эмнэлгийн Ерөнхий эмч Сержио Алферио хамба ламын биеийн байдал маш сайн байгааг батлаад “Пап лам гурав дахь удаагийн хагалгаа хэзээ болох тухай хүртэл хошигнож байсан шүү” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Хамба лам Францис хагалгааны дараах эмчилгээ хийлгэж эмнэлэгт байх учир зургадугаар сарын 18-ныг хүртэлх олон нийтийн арга хэмжээгээ цуцалжээ. Харин эмч нар ирэх сараас эхлэн аяллаар явах боломжтой гэж дүгнэжээ.
Дашрамд дурдахад, Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүн ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилна. Ватиканы төрийн тэргүүний ажлын албанаас гаргасан мэдэгдэлд наймдугаар сард Португал болон Монгол руу хийх айлчлалд өөрчлөлт ороогүйг дурджээ.
Эх сурвалж: www.polit.mn