Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал хилийн манаатай салшгүй холбоотой. Хилийн зурвас аюулгүй байж, түүгээр хортон дайсан орж ирээгүй цагт бид хэдэн үеэрээ амар тайван амьдарч болох юм. Хүн ардынхаа энх тайвны төлөө хилээ хамгаалж, бүтэн 24 цагаар нүд цавчилгүй харуул манаанд гардаг хариуцлагатай албыг хилчид хашдаг билээ. Тэдний нэгэн жим, эх орныхоо хоймор нутаг болох Сэлэнгэ аймгийн Монгол Улсын баатар, хошууч, Жадамбын Нэхийтийн нэрэмжит хилийн цэргийн 0101 дүгээр ангиас энэ удаагийн “Монгол Улсын төлөө” булангаа бэлтгэлээ.  Тус анги энэ жил түүхт 90 жилийнхээ ойтой золгож байгаа юм.

 

Түүхт 90 жилийн ойтойгоо золгож байна

Ээж аавын хүүгээс эх орны хүү болж, сүлдэт тугийнхаа өмнө тангараг өргөсөн хөвгүүдийн уухай цэргийн ангийн хашаанд хадаж байна. Ангийн хаалгаар ороход шинэхэн цэргүүд бэлтгэлээ хийх нь сүртэй. Цэрэгт татагдаад сар гаруйн хугацаа өнгөрч байгаа ч хөл гарнаас эхлээд нэгэн жигд болж, алхаа гишгээ нь хүртэл цэгцрээд амжсан байв. Хөвгүүдийн хувьд цэргийн ангийн дэг журмаас эхлээд онолын хичээл, биеийн хүчний бэлтгэлдээ хэрхэн дасан зохицож буйгаа ярьсаар биднийг угтсан юм. Харин цэргийн хуаранд ороход хоёр салаа цэрэг нэг эгнээнд жагсаад хүндэтгэл үзүүлэх нь огшмоор. Эх орныхоо дархан хилийн манаанд гарсан эрэлхэг дайчдын залгамж халаа болсон эдгээр хөвгүүдийн ихэнх нь Улаанбаатар хотоос татагдаж ирсэн ажээ. Анх ирээд хэрхэн жагсах, яаж илтгэхээ мэдэхгүй байсан тэд нэг үеийг бодвол дэг журмандаа орж, цэргийн амьдралтайгаа дасан зохицож, хашиж буй албаараа бахархах болсон байна.

Ангийн захирагчийн захиргаа хариуцсан орлогч, дэд хурандаа Н.Идэрбал онцолж байсан юм. Тэрбээр “Манай анги энэ жил түүхт 90 жилийнхээ ойтой золгож байна. Ойн хүрээнд олон ч ажлыг хийж амжуулсан. Үүнээс онцолбол он гарсаар улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албаны чиг үүргийг амжилттай хэрэгжүүллээ. Мөн 19 удаагийн 19 иргэн, тээврийн хэрэгсэл хооронд хашаа давуулан эд зүйл дамжуулах, хаалт, хашаа мөргөх зэрэг хэлбэрээр боомтод мөрдөх журам зөрчсөн хоёр удаагийн хоёр иргэн, хил нэвтрэх эрхийн баримт бичгийн есөн төрлийн 165 зөрчлийг илрүүлэн, хуулийн дагуу шийдвэрлэжээ. Мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит спортын долоон төрөлтийн тэмцээн, аймгийн төрийн, цэргийн болон хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулсан цэрэг, спортын тэмцээнд тус тус тэргүүн байр эзэлсэн гээд бахдам амжилт гарсан жил байлаа” гэв.

 

Хил хамгаалах байгууллагын ууган анги

Монгол Улсын баатар, хошууч Жадамбын Нэхийтийн нэрэмжит хилийн цэргийн 0101 дүгээр анги нь БНМАУ-ын Дотоодыг хамгаалах газрын даргын 1933 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар тушаалаар Алтанбулаг суманд “Алтанбулаг байцаан өнгөрүүлэх пост” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй. 1950-1991 онд Сүхбаатар хот дахь Шалган нэвтрүүлэх тусгай боомт, 1991-1998 онд Сүхбаатар Шалган нэвтрүүлэх хороо, Засгийн газрын 1998.09.09-ний өдрийн 169 дүгээр тогтоолоор Монгол Улсын Баатар Жадамбын Нэхийтийн нэрэмжит Хилийн цэргийн 0101 дүгээр анги болон өргөжиж, эдүгээ авто зам, төмөр зам бүхий олон улсын гурван том боомтын нэг болж цар хүрээгээ тэлсэн хил хамгаалах байгууллагын ууган анги юм. Цэргийн хуарангаар зочлоход цэргүүд онолын хичээлээ тараад, чөлөөт цагаа өнгөрүүлж байхад нь таарсан юм. Жимбийтэл хураасан давхар ор, хөл халтирам толь шиг шал, гялалзтал тослосон хос хромууд. Зарим цэрэг нь захны даавуугаа хадаж суух. Энэ үеэр тус салааны гурван цэрэгтэй ярилцсан юм.

Баруун гар талаас П.Энхтөх, С.Бат-Оргил, Б.Анхбаяр.

С.Бат-Оргил: “Онц буудагч” болмоор байна

 

-Би 2023 оны хамгийн эхний ээлжээр энэ ангид татагдаж ирсэн. Манай ангийн хувьд хилийн цэргийнх учраас хил хамгаалахын тухай хууль, онолын хичээлүүдийг түлхүү заадаг. Мөн зэвсэг техник дээр хэрхэн ажиллах тухай практик хичээл орж байгаа. Цэрэгт бүх зүйл цагийн хуваарийн дагуу явдаг. Бид өглөө 06 цагт босч, гүйлт гимнастикаа хийж дуусгаад, өглөөний цайндаа ордог. Ингээд онолын хичээлүүд эхэлдэг. Харин чөлөөт цагаараа захны даавуугаа хадаж, гутлаа тослох зэрэг ахуйн ажлаа хийж амжуулдаг. Миний хувьд өмнө нь зүү утас барьж юм оёж үзээгүй учир эхний долоо хоног жаахан хүндрэлтэй байсан. Харин ахлагчид болон найзуудынхаа тусламжтайгаар одоо захны даавуугаа жимбийтэл хадаж сурлаа. Мөн бидэнд маргаашнаас буудлагын хичээл орно. Тиймээс сайн буудаж, “Онц буудагч” болмоор байна гэв.

 

П.Энхтөр: Өдөр бүр өөрийнхөө олон сайн чанарыг нээж, төлөвшиж байгаа

 

-Би 18 настай, хугацаат цэргийн албанд ирээд 45 хонож байна. Улаанбаатар хотоос татагдсан. Сайн дураараа цэргийн албанд ирсэн. Шинэ орчинд ирж, шинэ найзуудтай болж, олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн алба хааж байгаадаа баяртай байна. Цэргийн албанд татагдсанаар эр хүний тэсвэр тэвчээрээс эхлээд буурь суурьтай болж, үг, хариуцлага даах чадвартай болж байгаа. Энэ цаг үед цэргийн албаны тухай сөрөг мэдээлэл их байдаг. Олон ээж, аавын хүү цэрэгт яваад амь эрсдээд, буцаж ирдэггүй гэх ч юм уу. Гэхдээ бүх цэргийн амьдрал тийм хар бараан биш. Эр хүн болж төрөөд албаа хааснаар өдөр бүр өөрийнхөө олон сайн чанарыг нээж, сурч, төлөвшиж байгаадаа баяртай байна. Миний хувьд эхний долоо  хоног л гэрээ санасан. Харин найзуудтайгаа нөхөрлөж, нэг нэгнээ мэддэг болсноор он жавуудтайгаа л хамт баймаар дотно мэдрэмж төрөх болсон. Цэргээс халагдахаар найзуудыгаа их санах байх.

 

Б.Анхбаяр: Заримынх нь хувьд аав, ах нь болох тохиолдол бий

 

-Би хоёрдугаар салааны байлдагч. Манай салаанд 23 цэргийн албан хаагч бий. Үүнээс хамгийн холынх нь Ховдоос ирсэн хүүхэд бий. Цэргийн албанд ирснээр олон сайхан найзтай болж байна. Бид нэг нэгэндээ тусалж, ямар ч үед хамт байж, саад бэрхшээлийг олны хүчээр туулахыг эрхэмлэдэг. Би 23 настай. Салаандаа арай ахмад цэрэгт нь орно. Тиймээс заримынх хувьд аав, ах нь болох нь бий. Тэдгээрээс н.Алтандорж гэдэг дүүтэйгээ илүү нөхөрлөж байна. Манай тэр он жав яг жаахан хүүхэд шиг их эгдүүтэй. Харин миний хувьд эсрэгээрээ л дээ. н.Алтандорж дүүдээ чадахгүй байгаа зүйлд нь тусалж, зааж өгөхийг хичээдэг. Цэргийн албанаас халагдсан ч сайхан ах дүүс, анд найз, он жав болж нөхөрлөлөө үргэлжлүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 113 (7098)