Т.САЙХАН

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас 3000 орчим иргэнийг хохироосон “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч, удирдлагууд болох Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Тус эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр 11.00 цагт эхэлж, мөн өдрийн 20 цаг 40 минутад дууссан байна. Улмаар хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна. Урьдчилсан хэлэлцүүлгээр оролцогч нарын гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим оролцогчийг хохирогчоор тогтоогоогүй нөхцөл байдал илэрсэн, дүгнэлт гаргасан шинжээчид хуульд заасан эрх, үүрэг танилцуулаагүй тул дүгнэлт үндэслэл бүхий гарсан гэж үзэхэд эргэлзээтэй гэж үзжээ. Хэргийг энэ хэвээр нь шүүх хүлээн авч шийдвэрлэвэл нийт хохирогчийн эрх ашиг бүрэн хангагдах боломжгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох зарчимд нийцэхгүй аж. 

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг гэм буруутай этгээдүүдэд хуваан хариуцуулахыг тооцох зэрэгт чухал ач холбогдолтой юм. Урьдчилсан хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийг хуульд заасан хугацаанд прокурор, оролцогч нарт гардуулах бөгөөд ийнхүү гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй. 

Эх сурвалж:www.polit.mn