З.БАТЦЭЦЭГ

 

Тавдугаар сарын 29-нд Зөвлөлтийн хамгийн хайртай жүжигчдийн нэг Александр Абдулов 70 нас хүрэх байв. "Time Out" сэтгүүл түүнийг ямар хүн байсныг эргэн дурсаж, намтраас нь ховор баримтуудыг хуваалцаж байна.

 

Александр Абдуловын карьер шийтгэлээс эхэлсэн

Алтан гол киноны хэсгээс

Александр Гавриилович Абдулов 1953 оны 5-р сарын 29-нд Тюмень мужийн Тобольск хотод төрсөн. Түүний аав ВГИК төгссөн, Узбекистаны тэргүүлэх театрын найруулагчдын нэг байсан - Фергана хотын нэгэн гудамж түүний нэрээр нэрлэгдсэн, ээж нь хувцасны дизайнераар ажиллаж байжээ. Гэр бүлд Владимир, Александр гэх хоёр хүүхэд мэндэлжээ. Эцэг эх нь хоёулаа өмнөх гэрлэлтээс нэг нэг Роберт, Юрий гэх хүүтэй байсан.

Александрыг гурван настай байхад Абдуловууд Фергана руу буцаж ирэв. Бага Абдуловын жүжигчний дебют тэнд болсон. Энэ бол Фергана драмын театрын "Кремлийн хонх" жүжиг байв. Таван настай Саша Владимир Ленинтэй ярилцаж буй хүүгийн дүрд тоглосон. Дашрамд хэлэхэд түүний аав нь Ленинд тоглосон. Гэвч эхний дүр бүтэлгүйтсэн.

“Би тайзан дээр нэг охинтой хамт зуухан дээр хэвтэж байсан. Тэр арай том, зургаан настай байсан. Гэхдээ бид түүнтэй ямар нэгэн зүйл хуваалцаагүй бөгөөд тэр намайг зуухны нөгөө талруу, тайзны ард руу түлхэв. Тэгээд Владимир Ильич тайзан дээр гарч ирээд намайг "Саша, Саша, Саша ..." гэж дууддаг. Тэр үед Саша тайзны ард сууж байсан бөгөөд бүх театр түүнийг аав руугаа оч гэж ятгаж байв. Гэхдээ би гараагүй. Дараа нь мэдээж загнуулсан. Тиймээс тайзан дээр анх гарахдаа шийтгэлсэн”.

Щепкины сургуульд А.Абдуловыг аваагүй

"Хамгийн дур булаам, сэтгэл татам" киноноос Михаил Кокшенов, Александр Абдулов нар

Тэрээр удаан хугацаанд жүжигчний мэргэжилийг сонирхож байгаагүй. Сурлагдаа ч муу байсан. Зөвхөн гитар тоглодог, туяалзуур жадаар спортын мастер цол авсан. Гэсэн хэдий ч аав нь бага хүүгээ жүжигчин болохыг шаардаж, гэрчилгээ аваад Москвад очиж Щепкинскийн сургуульд шалгалт өгөв. Гэсэн хэдий ч тэрээр орж чадаагүй тул тэд Фергана руу буцахаар болжээ. Тэнд түүнийг орон нутгийн биеийн тамирын факультетэд амархан авав. Дараа нь Александр Гавриилович аавтайгаа театрт тайзны ажилтнаар орсон. Нэгэн удаа түүний буруугаас болж тоглолтуудын нэг нь тасалдсан нь үнэн бөгөөд бага Абдулов өөрийн халааснаасаа хохирлыг төлж байсан.

ГИТИС-ээс бараг хөөгдөхөө дөхсөн

Нүгэл. Хүсэл тачаалын түүх киноны хэсгээс

Жилийн дараа А.Абдулов дахин Москваг эзлэхээр явав. Энэ удаад тэрээр МХАТ-д шалгалт өгч эхэлсэн бөгөөд бараг л элссэн, ганцхан эссэ бичих л үлдлээ. Гэсэн хэдий ч тэр 42 алдаа гаргасан бөгөөд үүний дараа тэрээр МХАТ-ын талаар мөрөөдөөд ч хэрэггүй болсон юм. Аз болоход, бусад театрын сургуулийн шалгалтууд үргэлжилсээр байсан бөгөөд Александр Гавриилович ГИТИС-д очжээ. Тэнд курсын дарга Жозеф Раевский түүнийг анзаарчээ.

Сургалт ямар ч зөрчилгүй байсангүй. Хичээл 22:00-23:00 цагт тарсны дараа Александр Абдулов вагон буулгах ажил хийдэг байв. Тиймээс онолын хичээлд суухад ядраад байсан тул сувилагчаар ажилладаг найз охиноосоо өвчний гэрчилгээ авдаг болов. Үүний үр дүнд А.Абдулов бүтэн сарын турш деканд хуурамч гэрчилгээ өгсөн бөгөөд гэнэт сургуулиас нь яагаад дан төрх эмнэлгийн хуудас байгааг сонирхож эхлэв. Үүнээс болоод түүнийг сургуулиас хөөх шийдвэр гаргав. Ангийн багш нь өмөөрөөд ч нэмэр болсонгүй. Азаар ректор түүнийг яагаад хуурамч бичиг авчирсаныг сонирхоход тэрээр Мосфильмд ажилд орох гэж сар гүйсэн тухай үнэнээ хэлэв. Ректор “жүжигчин хүний ажил хийх хүслээс илүү зүйл үгүй” гээд түүнийг үлдээхээр шийдэв. Энэ тухай А.Абдулов өөрөө хэлэхдээ “Би бол хашааны нохой. Цэвэр цусны нохой, хашааны нохой хоёрыг өвөл гудамжинд хөөж гаргавал хашааны нохой л амьд үлдэнэ. Яагаад гэвэл тэрэнд алдах юм байхгүй. Надад алдах юм байгаагүй. Би амьд гарах хэрэгтэй байсан. Тиймээс би вагон буулгаж, өөртөө үйлчлэх дэлгүүрээс хулгай хийдэг байв. Өөрөөр хэлбэл, амьд үлдэхийг хүссэн жирийн хүний ​​хийх ёстой бүх зүйлийг би хийсэн”.

ГИТИС-д А.Абдулов франц хэлний асуудалтай байв

Марк Захаровын найруулсан "Хайрын томъёо" киноны хэсгээс.
Александр Абдулов, Семен Фарада нар

Мэргэжлийн хичээлд асуудалгүй сурдаг тэрээр онолын хичээлд тааруухан байв. Ялангуяа франц хэлнийшалгалт түүнд хүндхэн байсан. Ер нь хэл сурахдаа тааруухан, бас цаг зав ч гардаггүй байв. Гэвч тэр арга олсон. Шалгалтанд тэнцэхийн тулд франц хэлээр дүр бүтээх, тоглох шаардлагатай байв. Александр Гавриилович бэлэн болсон хэсгийг асуухад ангийнхан нь Д'Артаньяны Арамистай уулзсан "Шадар гурван цэрэг" киноны хэсгээс тоглох гэж байв. Арамис гудамжны голд ганцаараа зогсож болохгүй, түүнд ямар нэгэн ярилцагч хэрэгтэй гээд нөхцөл байдлыг аварч, энэ ярилцагч нь болоход бэлэн байна гэв. Шалгалтын үеэр А.Абдулов "Ха ха" гэсэн ганцхан үг хэлсэн. Гэсэн хэдий ч анги төгс тоглосон тул шалгалтын комисс ийм жижиг зүйлд анхаарлаа хандуулахгүй байхаар шийдээд түүнийг тэнцүүлжээ.

Ленкомын анхны дүр түүний хувьд сүүлчийх болохоо дөхжээ

"Ердийн гайхамшиг" киноны хэсгээс

Төгсөлтийн тоглолтын үеэр Абдуловыг Ленкомын найруулагчдын нэг Юрий Махаев анзаарсан бөгөөд үүний дараа Александрыг театртаа урьжээ. Эхний том дүрд Борис Васильевын зохиолоос сэдэвлэсэн "Жагсаалтад байгаагүй" жүжигт дэслэгч Плужниковын дүрд тоглох ёстой байв.

Жүжигийн нээлтийн үеэр тэр цаг хагас хоцров. “Би театрт очихгүй гэж шийдсэн. Миний оронд өөр жүжигчин тоглоод эхэлцэн байсан. Намайг халах ёстой байв. Тааралдсан хүн бүр ямар нэгэн худлаа шалтгаан бодоод хэлчих гэж ятгаж байлаа. Марк Захаровын хажууд очоод суутал “Яасан?” гээд их ууртай асууж байна. “Би унтчиж” гээд үнэнээ л хэлсэн. Ингэж үнэнээ хэлсэн болохоор аврагдсан юм”.

Зураг авалтын үеэр усны үхэрт гишгүүлхээ дөхжээ

Мастер, Маргарита киноны хэсгээс. А.Башировын хамт

А.Абдуловын киноны анхны дүр бол Михаил Пташукийн "Витя, Маша ба тэнгисийн явган цэргийн тухай" (1974) киноны бяцхан дүр байв. 1978 онд Марк Захаровын "Энгийн гайхамшиг" кино гарсаны дараа Александр Гавриилович тус улсын бараг хамгийн алдартай жүжигчин болжээ.

Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөхөд түүний дотор найруулагчийн амбиц сэрж эхлэв. Тэд 90-ээд оны сүүлээр тэрээр "Бремены Хөгжимчид ба Ко" хөгжимт инээдмийн киноны зураг авалтад орж эхэлсэн. Зураг авалт адал явдалтай байв. Жишээлбэл тэр зохиолын дагуу А цэгээс В цэг хүртэл гүйх ёстой байсан усны үхрийн хохирогч болох шахсан. “Энэ бол асар том усны үхэр Жужа байса. түүнийг амьтны хүрээлэнгээс бидэнд хүргэж өгсөн юм. Би мониторын ард суугаад харж байтал  Жужа над руу шууд гүйж байна. Би толгойгоо өргөхөд, тэр аль хэдийн хэдхэн метрийн зайд байгааг харав. Би мониторыг ширээний хамт шүүрэн аваад хажуу тийш үсэрлээ. Яг тэр мөчид миний хажуугаар усны үхэр гүйгээд гарсан.

А.Абдулов загасчлах хоббитой байв

 

“Би загасчлах дуртай! Би Астрахан руу явдаг. Манай найз тэнд зэгсэн дунд жижиг зочид буудалтай. Энэ бол миний мэдэх хамгийн сайхан амралт юм. Би таван цагт босч, өглөөний цайгаа ууж, завинд сууна. Тэнд би чимээгүй анчин танина, тэр үргэлж чимээгүй байдаг. Тэгээд бид өдөртөө зэгс рүү явна. Хун, хотон, ямар нэгэн төрлийн сүрэг шувууд бидний дээгүүр нисдэг. Бадамлянхуа  цэцэглэдэг. Мөн та хэн нэгэнтэй ярих шаардлагагүй, хэн нэгэнд юу ч нотлох шаардлагагүй. Үнэхээр сэтгэл хөдөлмөөр! Би жилд таван удаа очдог".

А.Абдулов өөрийгөө тоглоомын донтой гэж үздэг

 

Жүжигчний хоббигийн нэг нь мөрийтэй тоглоом байв. Үүнийгээ ч нуудаггүй. “Сэтгэлийн догдлол бол сэтгэлийн байдал. Би угаасаа жинхэнэ тоглогч" гэж тэр хэлдэг байсан.

Тийм ч учраас Александр Гавриилович рулет тоглоход ихэвчлэн азтай байдаг. Гэсэн хэдий ч хэрэв хожигдох юм бол А.Абдулов бүх юмаа үрнэ. Гэхдээ тэр мөнгөний талаар санаа зовдоггүй,  дахин дахин казино руу явдаг. Нэг удаа тэрээр мөрийтэй тоглоомын газарт дөрвөн хоногийг өнгөрөөжээ.

Ирина Алфероваг тэр их удаан эргүүлсэн

Ирина Алферова түүний охин Ксения нарын хамт

Тэр үргэлж бүсгүйчүүдийн хараанд өртдөг байсан. Хэний ч танил биш, энгийн оюутан байхдаа хүртэл. Оюутан байхдаа тэр нэгэн шаргал үстэй сувилагч бүсгүйтэй болздог байжээ. Бүсгүй түүнийг хуурсны дараа тэр амиа хорлох гэж байв. Азаар ноцтой хүнд бэртэл авсангүй. 1976 онд Ленкомд Ирина Алферова ирлээ. Тэрээр хожим Абдуловтай анх танилцсан талаараа ярихдаа “9 сард анх Ленкомд ирэхэд үүдэнд Абдуловтой тааралдсан. Тэр шууд л ямар нэг юм яриад эхэлсэн. Тэгэхэд би энэ хүн миний нөхөр болохгүй нь ямар аз вэ гэж бодсон. Саша эв дүйгүй, өрвийсөн шар үстэй байсан. Энэ үед О.Янковский бид хоёрыг харснаа “Чиний ирээдүйн эхнэр байна” гэж хэлсэн”.

Тэрээр Иринаг маш удаан эргүүлсэн. Эхнэр минь болооч гэхэд нь цэцэрлэгт хүрээлэнгээр намайг гар дээрээ өргөөд тойрвол зөвшөөрч байна гэхэд Абдулов түүнийг гар дээрээ өргөөд тойрчээ. Гэвч тэд 1993 онд салсан юм. 2006 онд Абдулов дахин гэрлээд, Евгения гэх охинтой болсон.

А.Абдулов амрахыг мэддэггүй ажилладаг байв

Caption

 

Тэрээр нэгэн зэрэг олон кинонд тоглодог. Зураг авалтууд нь өөр өөр хотуудад. Бүр хоногт 4 өөр хотод очиж зураг авалтанд орж байсан үе бий. Боломж л гарвал маш хурдан унтчихдаг болж сурсан байв. “Амьдрал богинохон. Бурхан чиний амьдарлын чинь замын уртыг тодорхойлдог бол өргөн нь чамаас шалтгаална. Би гавьяат жүжигчин боллоо, дараа нь ардын жүжигчин болсон. Надад аваагүй шагнал гэж байхгүй. Надад шагнал ямар хэрэгтэй юм? Бүгдийг нь би ээждээ л өгсөн. Миний шагнал бол шинэ дүр, шинэ кино, шинэ жүжиг, шинэ найруулагч, шинэ ном. Энэ л миний шагнал.

Эх сурвалж: www.zms.mn