Баатарын НЯМСҮРЭН
Хуудсыг нь сөхөөд шимтэн унших бүрийд шинэ бодрол, хүсэл тэмүүлэл, зорилгод хөтөлдөг ертөнц бол ном. Зохиолчийн оюун ухаан хийгээд цаг хугацаа, хөдөлмөрийн үрээр бүтсэн ном бүр өөр өөрийн үнэ цэнтэй байдаг. Тиймээс “Зууны мэдээ” сонины “Би номныхоо тухай” буланд “Миний 108 дуу” номын зохиогч Соёлын тэргүүний ажилтан, яруу найрагч М.Цэрэнтогтох оролцож номынхоо тухай ярилаа.
Миний 16 жилийн хөдөлмөр
-Хамгийн анхны дууны шүлгээ 2007 онд бичиж байлаа. Харин үзэгчдийн сонорт хүрсэн нь 2009 он. Хоёр жилийн өмнө дуу болж эгшиглэсэн шүлгүүдээ эмхэтгээд үзэхэд 200 гаруй шүлэг байсан. Тиймээс 108 бүтээлээ багтаасан ном гаргах санаа орж ирсэн юм. Номын дараагийн цувралд нь үлдсэн 108 дуу орно. Харин энэ удаагийн “Миний 108 дуу” номоо гаргахдаа гурван жилийн хугацаа зарцуулсан.
Анх шүлэг бичиж эхэлснээс хойш тооцвол номонд орсон бүтээлүүд миний 16 жилийн хөдөлмөр. Хүү төрлөө гэж бодоход 16 нас хүрээд иргэний андгай өргөж, үнэмлэхээ авдаг. Харин унага төрлөө гэж бодъё. Хурдны удамтай унага нь дааган наснаасаа уралдаж эхлээд 16 жил болоход, алдар цуутай хурдан буян болж түүхэнд мөнхрөх хугацаа. Тиймээс 2023 он бол миний уран бүтээлээ хийж эхэлсний 16 жилийн ой юм.
Хүн намтартай байдаг шиг дуу бүхэн түүхтэй
-Дууны номоо хэвлүүлж байхдаа үгийг нь бичээд хөгжмийн нотыг нь оруулж, монгол бичгээр хөрвүүлэхэд нэг зүйл дутуу санагдсан юм. Учир нь уран бүтээл хэрхэн төрдөг, ямар замыг туулж сонсогчдод хүрдэг гэдгийг уншигч олонд таниулахыг хичээсэн. Шинэ уран бүтээл төрөх агшин нь сэтгэл догдлом, сайхан мөч байдаг. Хүн намтартай байдаг шиг дуу бүхэн түүхтэй. Тиймээс номонд орсон 108 бүтээл мэндэлсэн түүхийг нэг бүрчлэн бичиж оруулсан. Тухайлбал, “Миний ээж хөөрхөн”, “Шанз торгон аялгуу”, “Жаргалтай явна хоёулаа” зэрэг дууныхаа бүтсэн түүх, цаг хугацааг уншигчидтай хуваалцсан. Тиймээс энэхүү номноос уран бүтээлийн онгод, дуу хэрхэн төрдөг тухай ойлгох боломжтой.
Өмнө нь би хоёр шүлгийн ном гаргасан. Харин энэ удаагийн ном дуу болж дуулагдсан бүтээлүүд бүтсэн түүхтэйгээ орсноороо онцлог юм даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 112 (7097)