П.АМГАЛАН

 

Танхимд “Инновацын 7 хоног”-ийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдэм хакатон” тэмцээний бүтээлийн  үзэсгэлэнг  дэлгэжээ. Тус тэмцээн нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, шинжлэх ухаанд суурилсан, цаашид үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой, оюуны өмчийн эрх бүхий инновацын төслийг шалгаруулж хөрөнгө оруулалтаар дэмжих зорилготой. Хүний оюун ухаанаар бүтсэн  сонирхолтой, содон бүтээлийг өлгийдөн авч,  цааш цар хүрээгээ тэлэх боломжийг олгодог уг тэмцээн нь тав дахь жилдээ  зохион байгуулагдаж буйгаараа онцлог.  Энэ жилийн бас нэг онцлог нь оролцогчид тайзан дээр бүтээлээ  танилцуулахаас гадна үзэсгэлэн  болгож дэлгэсэн нь  бие биенийхээ бүтээлтэй илүү сайн танилцаж, туршлага хуваалцах боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн хөрөнгө оруулагчдыг урьсан нь хамтын ажиллагаа өрнүүлэх  бас нэгэн давуу талтай байв.  Мөн тэмцээний өмнөх жилийн ялагчдын бүтээлийг ч дэлгэсэн байлаа.

 

27 мянган тонн  нүүрсхүчлийн  хий ялгарахаас  сэргийлэх  даавуун  тоосго

 

Үзэсгэлэнд дэлгэсэн содон бүтээгдэхүүний нэг бол  даавуун  тоосгоны төсөл байлаа. Энэ нь даавуун хог хаягдлыг дахин боловсруулж, тоосгон блокон хэлбэртэй болгож интерьер дизайнд ашиглах юм.  Мөн бүтээгдэхүүнийг ариутгахаас эхлээд эцсийн процесс хүртэл ус ашиглахгүй гэдгээрээ давуу талтай. Мөн энэ төслийн хүрээнд хүний эрүүл мэндэд хоргүй, байгальд шингэдэг, дотоодын түүхий эдээр хийсэн шинэ төрлийн барьцалдуулагчийн  жорт судалгаа хийж байгаа аж. Уг төслийн талаар Г.Эрчиссаран “Хэрэв  хөрөнгө оруулалтаа амжилттай татаж чадвал, 1-3 жилд жил бүр 300 тонн даавуун хог хаягдлыг дахин боловсруулна гэж тооцолж байна. Энэ нь жил бүр байгальдаа 27 мянган тонн  нүүрсхүчлийн хий ялгарахаас  сэргийлнэ”  гэв.

 

“Тэмцээнд оролцогчдын тоо нэмэгдэж, төслүүд илүү чанартай болж байна”

Р.Мөнхзул

Энэ жил  “Эрдэм хакатон 2023” тэмцээнд 32 баг оролцов. Тэмцээний хаалтын шалгаруулалтад багууд төслөө танилцуулж, шилдэг таван төслийг шалгарууллаа. Тэргүүн байрт “Артемис” баг орж БШУ-ны сайдын нэрэмжит 20 сая төгрөг,  “Эко хөнгөн бетон” баг  удаалж  ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит 10 сая төгрөгийн  эзэн боллоо. Харин  гуравдугаар байрт  “Метаког” баг шалгарч,  Европын холбооны Элчин сайдын нэрэмжит таван сая төгрөгийн шагнал хүртэв. Тэмцээний дөрөвдүгээр байрт “Амин хүнс”, тавдугаар байрт  “Эко грин гоулд” баг шалгарч  оюун ухаан, хөдөлмөрөөө үнэлүүлэв.

Энэ үеэр ШУА-ийн инноваци  нэвтрүүлэлт хариуцсан ахлах мэргэжилтэн Р.Мөнхзул тэмцээний талаар мэдээлэл өгөв.  Тэрбээр “Эрдэм хакатон 2023” тэмцээний нээлт тавдугаар сарын 30-нд  болсон. Оролцогчид долоо  хоногийн турш ур чадвар суулгах сургалт, менторуудын чиглүүлэг зөвлөгөөний дагуу төслөө боловсруулж, сайжруулж хаалтын арга хэмжээнд төслөө танилцуулж байна. 2019 оноос хойш зохион байгуулагдаж буй “Эрдэм хакатон” нь шинжлэх ухааны үндэслэлтэй, оюуны өмчөөр баталгаажсан бүтээлүүд өрсөлддөг. Шалгуур өндөртэй тэмцээн.  Энэ жил  Эрдэнэт, Дарханаас оролцогчид зорьж ирж оролцсон нь онцлог байлаа. “Эрдэм хакатон” жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж, төслүүд илүү чанартай болж байгаад зохион байгуулагчдын зүгээс баяртай байна.” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 111 (7096)