З.БАТЦЭЦЭГ

 

Согтууруулах ундаа, тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нойр булчирхайн үрэвсэл үүсэх нь орчин үеийн анагаах ухаанд түгээмэл тохиолддог өвчний нэг юм. Нойр булчирхайн цочмог болон архаг үрэвслийн шинж тэмдэг юу байдаг, түүнийг оношлох, эмчлэхэд ямар арга хэрэглэдэг талаар Lenta.ru эмч нартай ярилцлаа.

 

Нойр булчирхайн үрэвсэл гэж юу вэ?

 

Нойр булчирхай нь хоол боловсруулахад шаардлагатай химийн бодис болох ферментийг үүсгэдэг. Ферментүүд нарийн гэдсэнд хүрсний дараа л идэвхждэг. Хэрэв эрхтний үйл ажиллагаа суларсан бол хоол боловсруулах ферментүүд нойр булчирхайн дотроос эрт идэвхжиж, эд эсийг нь гэмтээж эхэлдэг. Энэ нь хаван, цус алдалт, эрхтэн, цусны судсыг гэмтээх шалтгаан болдог. Нойр булчирхайн үрэвсэл нь цочмог болон архаг хэлбэртэй. Өвчний аль ч хэлбэр нь томоохон хүндрэлд хүргэх аюултай.

“Цочмог ба архаг нойр булчирхайн үрэвсэл нь орчин үеийн анагаах ухааны тулгамдсан асуудал юм. Цочмог нойр булчирхайн үрэвсэл нь хэвлийн цочмог өвчний дунд мухар олгойн үрэвсэл, холециститийн дараа гуравдугаарт ордог” гэж Олеся Кожевникова дотрын эмч бичжээ.

 

Нойр булчирхайн үрэвслийн шалтгаанууд

Нойр булчирхайн үрэвслийн хамгийн түгээмэл шалтгаан нь архи хэтрүүлэн хэрэглэх болон буруу хооллолт юм.

Нойр булчирхайн үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлүүд:

-цөсний чулуу;

-бодисын солилцооны эмгэг, дааврын эмгэг;

-вируст, бактерийн болон паразит өвчин;

-гэмтэл, мэс засал;

-кортикостероидууд, азатиоприн зэрэг зарим эмүүд;

-идиопатик нойр булчирхайн үрэвсэл - архаг нойр булчирхайн үрэвслийн шалтгааныг нарийн тодорхойлох боломжгүй тохиолдолд ийм оношийг тавьдаг.

-Үүнээс гадна нойр булчирхайн үрэвслийн шалтгаан нь төрөлхийн ба удамшлын урьдал нөхцөл, цистик фиброз, хоол боловсруулах тогтолцооны олон үрэвсэлт өвчин (гастродуоденит, холецистит), түүнчлэн гиперглицеридеми - цусны сийвэн дэх триглицеридын агууламж ихэссэн эсвэл нойр булчирхайн шүүрлийн зогсонги байдал удаан үргэлжилсэн байж болно. Мөн аутоиммун нойр булчирхайн үрэвслийн талаар мартаж болохгүй” гэж эмч Олеся Кожевникова ярьж байна.

Өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийн дунд мэргэжилтэн витамин, микроэлементийн дутагдал, тамхи татах, суурин амьдралын хэв маягтай тэнцвэртэй бус хооллолтыг онцлон тэмдэглэв.

 

Нойр булчирхайн үрэвслийн төрлүүд

 

Цочмог нойр булчирхайн үрэвсэл

Цочмог нойр булчирхайн үрэвсэл гэнэт илэрдэг бөгөөд зохих эмчилгээ хийснээр хэдхэн хоногийн дараа арилдаг. Цочмог нойр булчирхайн үрэвслийн шалтгаан нь ихэвчлэн цөсний чулуутай холбоотой. Нийтлэг шинж тэмдэг нь хэвлийн дээд хэсэгт хүчтэй өвдөлт өгөх, дотор муухайрах, бөөлжих зэрэг юм. Цочмог нойр булчирхайн үрэвсэлтэй өвчтөнүүдийг ихэвчлэн эмнэлэгт хэвтүүлж, хэдэн өдрийн турш антибиотик, өвчин намдаах эм зэргээр эмчилдэг.

Архаг нойр булчирхайн үрэвсэл

Архаг нойр булчирхайн үрэвслийн хамгийн түгээмэл шалтгаан нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх юм. Өвчний энэ хэлбэр нь давтамжтай удаан үргэлжилдэг. Архаг нойр булчирхайн үрэвсэл нь эрэгтэйчүүдэд илүү түгээмэл тохиолддог бөгөөд дунджаар 30-40 насныханд илэрдэг.

Аутоиммун нойр булчирхайн үрэвсэл

Энэ нь холбогч эдийг иммуноглобулины нөлөөгөөр гэмтээж байдаг системийн үрэвсэлт өвчин юм. Аутоиммун нойр булчирхайн үрэвслийн үед зөвхөн нойр булчирхай төдийгүй бусад эрхтнүүд цөсний суваг, шүлсний булчирхай, тунгалагийн зангилаа гэмтдэг.

 

Нойр булчирхайн үрэвслийн шинж тэмдэг

 

Нойр булчирхайн үрэвслийн нийтлэг шинж тэмдэг:

-хэвлийн дээд хэсэгт бүслүүрийн шинж чанартай өвдөлт мэдрэгдэх (баруун эсвэл зүүн хавирганы дор, зүрхний бүсэд);

-цээж хорсох, суулгах, дотор муухайрах, бөөлжих;

-гэдэс дүүрэх, гүйлгэх

“Цочмог нойр булчирхайн үрэвсэл нь "өдөөн хатгасан" хүчин зүйлийн хариуд нойр булчирхайн шууд хариу урвалаар тодорхойлогддог. Ийм урвалын шинж тэмдэг нь тэвчихийн аргагүй цочмог өвдөлт, халуурах, тайвшрахгүй давтан бөөлжих, хордлого, сул дорой байдал байж болно. Цочмог нойр булчирхайн үрэвсэлтэй өвчтөнүүдийг амбулаториор эмчлэх боломжгүй тул энэ тохиолдолд эмнэлэгт хэвтэх шаардлагатай”- Давид Матевосов- элэгний эмч

Архаг нойр булчирхайн үрэвслийн хувьд ийм хүчтэй өвдөлт илрэхгүй. Өвдөлт нь өөх тостой хоол идэх, архи ууснаас хойш хэсэг хугацааны дараа гарч ирдэг. Мөн өвчин удаан үргэлжилсэн тохиолдолд жингийн алдагдал мэдэгдэхүйц буурч, өөх тос уусдаг витамины бодисын солилцоо өөрчлөгдөнө.

 

Нойр булчирхайн үрэвслийн хүндрэл ба үр дагавар

 

Архаг нойр булчирхайн үрэвслийн үед өвчтөнд дотоод цус алдалт, халдвар ба түүний хүндрэлүүд (буглаа, ходоодны сувгийн үрэвсэл), хорт хавдар үүсэх зэрэг хүндрэлүүд үүсч болно- Олеся Кожевникова

Цочмог нойр булчирхайн үрэвслийн хамгийн аюултай бөгөөд хүнд хүндрэл нь нойр булчирхайн үхжил юм. Энэхүү эмгэг нь нойр булчирхайн өөхний эд, цусны судсыг устгах, өөрөө шингээх замаар тодорхойлогддог бөгөөд энэ нь эд эсийн хэсэгчилсэн үхэлд (үхжил) хүргэдэг. Нойр булчирхайн үхжил нь хүний амь насанд ноцтой аюул учруулж, яаралтай эмчилгээ шаарддаг.

"Нойр булчирхайн үрэвсэл хурцдах үед нойр булчирхайд псевдоцистууд үүсч, улмаар хэмжээ нь нэмэгдэж, ойролцоох эрхтнүүд болох цөсний зам, гол судаснууд, ходоод, дэлүүг шахдаг. Нэмж дурдахад архаг ба цочмог нойр булчирхайн үрэвсэл нь гуравдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдэлт хүчин зүйл юм" гэж элэгний эмч, гастроэнтерологич, "Доктор" телевизийн шинжээч Давид Матевосов хэлэв.

 

Нойр булчирхайн үрэвсэлийг хэрхэн таних вэ

 

Нойр булчирхайн үрэвслийн оношлогооны үе шатууд.

1. Асуумж авах, гадаад шүүрлийн болон дотоод шүүрлийн дутагдлын шинж тэмдгийг тодорхойлох.

2. Лабораторийн судалгаа: цусны ерөнхий шинжилгээ, шээс, ялгадас, биохимийн цусны нарийвчилсан шинжилгээ, ялгадас дахь нойр булчирхайн эластазын хэмжээг тодорхойлох, нойр булчирхайгаас үүссэн ферментийн түвшинг харуулах.

3. Хэрэгслийн аргууд: судсаар тодосгогчтой компьютерийн томографи, соронзон резонансын дүрслэл (MRI), хэвлийн хөндийн хэт авиан (эхо), скрининг хийх арга зэрэг ордог.

 

Нойр булчирхайн үрэвслийг эмчлэх, урьдчилан сэргийлэх

 

Архаг нойр булчирхайн үрэвслийн эмчилгээний үндэс нь согтууруулах ундаа, өөх тос, шарсан хоол, тамхи, даршилсан, халуун ногоотой хоол, хийжүүлсэн ундаанаас бусад тусгай хоолны дэглэм юм.

Цочмог нойр булчирхайн үрэвслийн эмчилгээнд өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлж, хамрын гуурсаар хоол тэжээлд шилжүүлж, хэд хоногийн турш эсвэл нөхцөл байдал сайжрах хүртэл бусад хоолыг хориглоно. Үүний зэрэгцээ давсны хүчлийн шүүрлийг дарангуйлдаг эмүүд, болон өвдөлт намдаах эм, антибиотик эмчилгээ хийгддэг.

Үйл явцын үе шатаас хамааран нойр булчирхайн өөрийн ферментийн нийлэгжилтийг бууруулж, хоол боловсруулах үйл явцыг хөнгөвчлөх ферментийн бэлдмэлийг мөн зааж өгч болно.

 

Нойр булчирхайн үрэвсэлээс урьдчилан сэргийлэх

 

-амьдралын хэв маяг, хоол тэжээлийн зохицуулга;

-архи, никотиныг хасах;

-гастроэнтерологичоор тогтмол үзлэг хийх;

-архаг өвчний хяналт.

Хэрэв нойр булчирхайн үрэвслийн шинж тэмдэг хоол идсэний дараа гэнэт гарч ирвэл эсвэл эдгээр шинж тэмдгүүд дахин давтагдвал та даруй мэргэжилтнээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 110 (7095)