Соёлын Гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.ЦЭРЭННАДМИД
Монгол орныхоо хоймрыг эзлэнхэн, эзэгнэнхэн тухалдаг нэгэн түмэн бол Сэлэнгийнхэн. Энэ нутгийн тухай ярихаар Ардын хувьсгалын өлгий, амуу тариа, арвин ургацын эздийн хөдөлмөрийн талбар гэдгээрээ алдартайг мартаж болохгүй ээ. Газар тариалангийн гол бүс нутаг, улсынхаа хүн амын хүнсний хангамжийн дийлэнх хувийг үйлдвэрлэдэг аймаг. Үүнийг тодруулан хэлбэл улсын хэмжээний үр тарианы 62.6, төмс, хүнсний ногооны 26.4 хувийг хангадаг юм. Нөгөө талаар хамгаас хөдөлмөрч иргэдтэй, байгалийн сайхан Соронзон хад, Халуун рашаан, Дуут хад, Сайханы хөтөл болон Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө гол, Шаамарын тохой, Номт, Эрээн арал зэрэг үзэсгэлэнт газар нутагтай. Мөн олон улсын төмөр зам, авто замын боомт болсон хөгжил дэвшлийн олон давуу талтай гэгддэг.
Энэ тухайд нь сэтгүүлчид бид өмнө нь нэг биш удаа сурвалжилж байлаа. Тэгвэл энэ удаа манай сониныхон өргөн бүрэлдэхүүнтэйгээр тус аймагт очлоо саяхан. Их таванхан уулын нэг Дулаанханы баруун мөрийг давахтай зэрэг домогт Тужийн нарстай золгоно. Тэгээд тун удалгүй хөшиглөсөн цэнхэр уулыг энгэрлэн Сэлэнгэ мөрнийг эмжээрлэн ярайх Сүхбаатар хот харагдахуйд
-Өргөн Сэлэнгэ минь холын замдаа
Ой дундуур шуугин уурсана аа
Өтгөн шаргал тариалан дундуур
Хүчит комбайн хүржигнэн явна аа...гээд тус аймгийнхны сүлд дуу болсон хүн бүхний мэдэх сайхан дууг аяндаа аялмаар бодогддог оо. Энэ удаа ч тийм л байлаа. Сэлэнгэ нутгаар зуны өнгө нэгэнт орчихжээ. Уулсын энгэр, талдуу газраараа нов ногоон харагдана лээ. Сэлэнгэ аймгийн удирдах хүмүүс манай хамт олны төлөөлөл сэтгүүлчдийг угтан авч ажлаа танилцуулсан юм.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын хүндэтгэлийн танхимд нь төрийн болон аймгийн тугийг залжээ. Бас Сүхбаатарын одонг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хос одонтой зэрэгцүүлчихэж. Ийм гурван том одонтой аймаг ер нь олон билүү. Бидэнд аймгийнхаа тухай баримтат кино, танилцуулга үзүүлж дараа нь аймгийн Засаг дарга Нацагдоржийн Лхагвадорж тодруулга, яриа хийсэн юм. Тэрбээр “Манай аймаг өрсөлдөх чадвараараа 21 аймгаас эхний зургаад эрэмбэлэгдэж байгаа нь гайгүйхэн үзүүлэлт хэдий ч өнөөгөөс дээгүүр байранд байх боломж бидэнд бий. Тухайлбал, хилийн хоёр боомттой бас худалдааны чөлөөт бүстэйгээрээ улс орны хөгжлийн гол зангилаан дээр буй нь их давуу тал юм. Зарим баримт дурдвал ДНБ үйлдвэрлэлээр улсдаа хоёр, үр тариа тариалсан талбайн хэмжээгээр нэгдүгээрт, аж үйлдвэр барилгын салбарын хөгжлийн үзүүлэлтээр III-V байрт ордог. Түүнчлэн аймгийн 16 сум газар тариалан эрхэлдэг. Үүний дүнд улсын төсөвт орлого бүрдүүлдэг цөөн аймгийн нэг нь” гэлээ.
-Та аймгийнхаа хөгжлийн явцад өнөөгийнхөөс илүү боломж бий гэлээ. Энэ тухайгаа жаахан тодруулна уу гэхэд “Аймгийн хөгжил тууштай байхад саадтай байгаа юм бас бий. Түүний нэг нь Сүхбаатар хот, Мандал суманд дулааны станц барих ажил сүрхий хойшилж байна. Сүхбаатар сумыг хилийн боомт хот болгон хөгжүүлэхэд нөлөө бүхий Алтанбулагийн худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагаа доголдонгуй байгаа нь иргэдийн маань аж амьдралд сайнаар нөлөөлж чадахгүй байна. Гэвч бид уул уурхай, аж үйлдвэрийн төвүүдийг байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, аймгаараа дамжин өнгөрөх зорчигчдод таатай нөхцөл бүрдүүлэх болоод хүн амын төвлөрөл бүхий хотожсон аймаг болох зорилготой ажилладаг” гэсэн юм.
Сэтгүүлчид бид тус аймагт байсан хоёр өдөрт Сэлэнгэд саатсан бүхэн заавал юм шиг очдог Сайханы хөтлөөс эхлээд Ардын хувьсгалын үед их тулаан болж байсан Ханын хөндий, Хиагтыг чөлөөлөх үеийн Дөрвөлжин сүмийн туурь, бүр эртний түүхт Буур хээр, Оргих булаг зэрэг газраар нь аяллаа. Мөн одоогоос 20 гаруй жилийн өмнө буюу 2002 онд манай сониныхон тухайн үедээ сүйтгэгдээд байсан Тужийн нарсыг сэргээх ажлыг анх санаачилж анхны суулгацыг эхлүүлсэн тэр газартаа очлоо. Тэнд “Зууны мэдээ” сонины хамт олон анх мод суулгаж олон түмнийг уриалсан гэсэн үгтэй самбар хэвээр л байв.
Тийм ээ, "Зууны мэдээ"-гийнхэн түүхт Тужийн нарсыг сэргээх их хөдөлгөөнийг эхлүүлж байсан юм. Манай уриалгаар тухайн үеийн төр, засгийн удирдах хүмүүсээс эхлээд соёл, урлагийн алдартнууд, компани, аж ахуйн байгууллагынхан ёстой нэгэн зэрэг зориглон хөдөлсөн. Уг хөдөлгөөнийг гардан удирдсан хүн нь Байгаль орчны гавьяат ажилтан, ойн инженер Б.Жамсран л даа. Энэ эрхэм хааяа утас цохихдоо ”Тужийн нарс дэндүү сайхан болж байгаа шүү. Танай сониныхон одоо энэ ойгоо нэг эргэх болсон доо” гэдэг юм. Тэгээд бид энэ удаа Тужийн нарсанд очиж хэрхэн ургаж төлжсөнийг харав.
Б.Жамсран нь насаараа ойн хортон мэрэгчтэй тэмцсэн, Тужийн нарсыг сэргээх үйлсийг удирдсан гавьяагаа үнэлүүлж өнгөрсөн хавар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болсон юм. Олны хүчээр өсөж өндийсөн Тужийн нарс өнөөдөр хуучин өнгө төрхөндөө оржээ. Тужийн нарс бол Сэлэнгэ аймаг дахь байгалийн гол брэнд нь юм л даа. Саяхан Буриадын ерөнхийлөгч А.С.Цыденов тус аймагт зочлохдоо нэг га талбайд мод тарихаар болж эхний хэсгийг нь яг анхны суулгац тарьсан газар болон Ерөнхийлөгч асан Н.Багабандийн нэрэмжит төгөлтэй залгуулаад суулгажээ. Бид цааш нь Алтанбулагийн худалдааны чөлөөт бүс, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломжийн суурь дээр бий болсон Гүн нуурын зүүхэнтээ байгуулагдсан махны чиглэлийн үхэр үржүүлэх ”Тэргүүн тэлмэн” компанийн Монголдоо өвөрмөц ажиллагаатай ферм болон Сүхбаатар хотын улсын тэргүүний дөрөвдүгээр цэцэрлэг гээд хэд хэдэн газарт сурвалжлав. Энэ бүхнээс Сэлэнгийнхэн хэдий чинээ хөдөлмөрч хийгээд төгс санал санаачилгатай ажиллаж байгааг мэдэрсэн билээ.
Аймгийн хэтийн зорилтод тусгасан хүн амын төвлөрөл бүхий хот болох чиглэлийн дагуу бусад газраас шилжиж ирэгсдийг хүлээн авах таатай орчин бүрдүүлэхэд их анхаарч буй юм байналээ. Газар тариалан, мал аж ахуйд ажиллах хүсэлтэй иргэдэд зориулсан 3800 гаруй ажлын байр бий болгох боломжтойг аймгийн Засаг дарга хэлж байсан. Мөн хүнс, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт ч ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой гэсэн юм. Бас нэг томоохон ажил нь гэвэл төрийн албан хаагчдын зориулалттай 120 айлын орон сууцтай болсон явдал. Онцлог нь гэвэл бусад хот, аймгийнхан шиг ипотекийн зээл биш төрийн албан хаагч энэ сууцанд орохдоо урьдчилгаа төлбөргүй бас хүүгүйгээр сард 400 орчим мянган төгрөгийг найман жил төлөөд л сууцаа хувийн болгож авах боломжтой гэнэ.
Бидэнд өгсөн танилцуулгад шинэ суурьшлын бүс үүсгэх замаар 19 мянга гаруй иргэнд 4186 га газрыг өмчлүүлжээ. Мөн Зэлтэрийн нутагт байгалийн өгөөж баялаг самар, жимс тун элбэг бол Зүүнхараагийн нутагт Монгол дахь эмийн ургамлын дийлэнх хувь нь ургадаг гээд давуу тал бий юм. Энэ бүхний дүнд Сэлэнгэ рүү хүн зоны урсгал нэмэгдсээр байгааг ч дарга нар нь хэлж байна лээ. Улаанбаатараас гэхэд барилгын нэг биш компани, байгууллага Сэлэнгэд очиход бэлэн байгаа гэсэн чихэнд наалдацтай үгс сонсогдсон. Бас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” болон “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд Сэлэнгийнхэн хүчтэйхэн нэгдэж байна.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Сүхбаатар сумын тавдугаар багийн нутагт "Онцгой төгөл" нэртэй томоохон цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг эхлээд байна. Энд одоогоор 1870 мод тариад байгаа бөгөөд уг хүрээлэнгийн ажил гурван жил үргэлжлэх юм.
Ийнхүү Сэлэнгийн нутагт сэтгүүлчид бид тун багахан хугацаанд ихийг үзэж дуулав. Бас шинэ шинэ ажил, амжилтын тухай мэдээ зөндөө цуглуулсан юм. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтан сэтгүүлч Д.Одонтунгалаг, Н.Бүжин нарын багийнхан бидэнд газарчилж сурвалжлах ажилд тусласанд талархсан шүү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 110 (7095)