Д.ЦЭРЭННАДМИД

 

 

Эхлэл буюу “Хүний сайхан сэтгэл” нийтлэлийн баатар

 

Аль нэгийг уншаад өнгөрөх нэг өөр. Харин тэрнийг хожим дурсан санах гэдэг сонин л юм.

...Оройн 18 цаг болов. Сумын захиргааны ажилтан Лу-г ажлаасаа гарч ирэхэд  байшингийн үүд орчимд нь нэгэн бие давхар бүсгүй зогсож байв. Жаахан хүү дагуулжээ. Сумын боловсон хүчин гэдэг албатай байсан болоод ч тэрүү Лу сумынхаа хүн бүрийг андахгүй л хүн.  Ажиглангаа  “Лав л манай сумын хүн биш дээ” гэж бодон мотоциклийнхээ дэргэд очих үед нь нөгөө эмэгтэй ойртож ирээд

-Уучлаарай. Юм асууж болох уу гэв. Түүний хэлэх нь Улаанбаатараас иржээ. Борхүү гэдэг гэнэ. Зорьсон ажил нь дагуулж яваа хүүгээ бариачид үзүүлэх гэж нийслэлээс замын унаанд дайгдан алс тэртээ энэ суманд ирснээ ярив.

-Өөрт чинь суманд таних мэдэх хүн бий юу гэвэл

-Байхгүй ээ. Танай энэ суманд түмэнд тустай сайн бариач байдаг гэж сонсоод л ингэж явна даа гэх нь хэн нэгнээс тус эрсэн нь илт.  Бүсгүйн харц тиймийг хэлж байлаа. Лу зайлуулдаа миний дүү нартай ялгаагүй юм гэж санаад түүнийг хүүхэдтэй нь сундлаад харив. Учир явдлыг сонсоод эхнэр нь ч цай цүй, хоол унд болов. Маргааш нь хүүхдийг бариачид үзүүлэв. Хэдэн удаа барина гэжээ. Тэгээд 4-5 хоноод байтал нөгөө бүсгүй өвддөг юм. Эмнэлэгт аваачлаа. Төрлөө Лу эхнэртэйгээ шөл цай, хүүхдийн өлгий даавуу гээд хөл алдав. Түүнээс хойш 20 гаруй хоноод хоёулаа ирсэн Борхүү гэдэг бүсгүй гурвуулаа болоод буцав. Ийм л нэгэн явдал болсон тухай “Хүний сайхан сэтгэл” гэсэн гарчигтай нэгэн сурвалжлага Завхан аймгийн “Туяа” сонинд нийтлэгдсэн байдаг. Сонин нь уг сурвалжлагын гол баатар нэгэнтэй би саяхан уулзсан юм.

 

Малын эмч даргын суудалд дэвшив

Залуучуудын гавшгайч бригадын ахлагч нарын улсын зөвлөгөөн 1981 онд Завхан аймгийн Түдэвтэй суманд болсон юм. Лувсандорж тэр үед малчин залуучуудын гавшгай бригадын ахлагч байжээ. Тэр Хөдөлмөрийн баатар Баян-Өлгий аймгийн Серикбай, Завхан аймгийн Ганболд, Баянхонгор аймгийн Бэгз нарын туршлагыг яриулж байгаа үе нь.

“Амьдралын тойрог” булангийн маань зочин тэр хүн Завхан аймгийн Нөмрөг сумын  Хөдрөг багийн иргэн гэж өөрийгөө танилцуулсан Д.Лувсандорж юм.

Түүний намтар юуг нь сонирхвол үндсэн мэргэжил нь малын бага эмч. Харин мэргэжлээрээ тун цөөн жил ажиллажээ. Анх Яруу суманд дараа нь өөрийн Нөмрөг сумандаа бригадын малын эмч байж.          Цэргийн албыг гурван жилээр хааж. Дараа нь нутагтаа очоод удаагүй байтал сум-нэгдлийн дарга Я.Дашпунцаг дуудаад /сүүлд Хөдөлмөрийн баатар болсон/

-За хө чи нэгдлийн боловсон хүчин гэдэг албан тушаалд ажиллана даа гэж. Хариуд нь би чадахгүй байхаа. Мэргэжлээрээ л ажиллахсан гэснийг нь хайхарсангүй. Маргааш ажлаа хүлээж ав гэдэг юм.

Ер нь тухайн үеийн нам, байгууллага, удирдах хүмүүсийн үг шийдвэр хууль мэт, хэн ч түүнийг нь дагахаас аргагүй тийм л байж.

Ажлаа хүлээж авав. Уг албандаа 10-аад жил болж байтал Аймгийн намын хорооноос дуудаж.

Товчооны хурлаар орсон чинь суманд нь үнэ, чанарын алба гэж байгуулж даргаар томилчихов.  Бас л тайлбар хэлээд ч нэмэр байсангүй. 1980-аад оны сүүлч үе. Аймгийн намын хорооноос дахиад дуудав.

Тэгсэн Цагаанчулуутад намын үүрийн дарга, нэг бол Баянтэст сум нэгдлийн даргаар томилох тухай танилцуулав гэнэ. Нутагтаа ажиллах бодолтойг нь ч хэрэгссэнгүй хашиж байсан албаа өгчихлөө. Намын үүрийн даргад л оноогдох тодорхой болов

-За тэгээд намын дарга болов уу даа гэхэд

-Юун даргатай манатай. Ардчилсан Хувьсгалын шуурганд намын анхан шатны байгууллагууд арчигдаж би “чөлөөндөө” гардаг юм.  Чөлөөндөө ч гэж цээрлэх нь юув. Ажилгүй болохгүй юу гэв. Гэхдээ удалгүй сумандаа тэтгэвэр тэтгэмжийн байцаагчийн албатай болов.

Цаашлаад 2007 он гарах үед сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, дараа нь удалгүй сумын Засаг дарга болсон байдаг юм.

Ийнхүү Д.Лувсандоржийн төр, нийгмийн байгууллагад ажилласан 50 шахам жилийн намтрын онцлог нь анх Ховд аймагт техникум төгсгөж ирээд Яруу суманд ганцхан жил ажилласныг эс тооцвол бусад ажил алба нь төрөлх сум Нөмрөгтөө л он цагийг  элээсэн байна.

Яруу найрагч Барнангийн Доржпаламын “Сумын заан” гэдэг шүлэгт гардаг гадагшаа явж огт барилдаагүй нэг бөх шиг Лувсандорж гэдэг хүн өөр нутаг огт сонгосонгүй сумандаа л шат шатны ажил албатай явж.

Энэ тухай сонсох үед “Энэ нөхөр ердөө өсч өндийдөггүй нэгэн байж уу дээ" гэсэн бодол ороод ирэх. Тэгвэл тийм биш ээ. Сумандаа хамаг л удирдах албыг хашсан. Нөмрөг сумынхаа хөгжил дэвшлийн төлөө зүтгэсэн,   ажилласан байгаа юм.

Тиймдээ Нөмрөгийнхөн түүнд хэнээс ч илүү хүндэтгэлтэй ханддаг. Хөгшин залуугүй л  “Лу дарга” гэж авгайлна. Үүнийг төрийн одонгоос ч илүүтэй шагнал гэж бодож явдгаа ярьж байналээ.

Лувсандорж гэдэг эрхэм угийн даруу, тун энгийн нэгэн юм билээ.

-Би Завхан аймгийн Нөмрөг сумын Хөдрөг багийн иргэн, малчин хүн гэж өөрийгөө танилцуулахдаа хэлэх үгээ, бодол юутайгаа нийтгэн оюун ухаандаа нэрж нэрж гаргах шиг санагдсан.

Тэр насаараа малд ойр явсан тэр дотор адуу, морь гойд сонирхоно. Морь уяна. Бас бага сагахан ан хийх хорхойтой хүн.

Үүнийг нь багцалж хэлбэл эр хүний хийдэг бүхнийг хийж явж. Харин нэг биш  удаа наадамд барилдсан тухайгаа сонирхуулсан юм. Ховдод техникумд байхдаа Эрдэнэбүрэнгийн наадамд анх гарч. Нэг давчихаж, хоёрын даваанд нэг сумын заан Балсанжав гэдэг нөхөртэй таараад ээрч мууртлаа шидүүлсэн гэнэ. Хоёр дахь нь Зүүнбаянд цэргийн албанд байхдаа бас Дорноговь аймгийн наадамд аймгийн начин Балдорж гэгч бүдүүн нөхөртэй мөн хоёрын даваанд учраа таарав. Гүйгээд орох санаатай ухасхийсэн чинь нөгөө нөхөр хоёр мөрнөөс нь дугтраад салтаан доогуураа холоо шидчихэж.

Босоод ирсэн “Түй” гээд барагдахааргүй амаараа дүүрэн шороо үмхчихсэн байсан тухай хөгжилтэй түүх хөөрөв тэр. Лувсандоржийн хоёр удаа наадамд зодоглосон түүх ийм.

 

Өөжин цэнхэр хангайн хүү

 

Д.Лувсандорж эхнэр Я.Цагаачийн хамт.

Д.Лувсандорж эхээсээ 11-үүлээ. Өнөр бүлийн нэгэн. Харин төрөлх нутагтаа уугуулаараа үлдсэн нь ганцхан би гэж хэлнэлээ.

Тэгвэл бас өөрөө таван сайхан хүүхэдтэй. Бүгдийг боловсролтой болгож амжиж. Тэд нь үүрнээс ниссэн шувуухай шиг амьдрал хөөгөөд төв суурин бараадчихаж.

Тэдний дунд эдийн засагч, санхүүч, багш, эмч ч бий. Эхнэр Я.Цагаач нь өөртэй нь адилхан малын эмч мэргэжилтэй хүн.

-Эхнэр бид хоёр л хэдэн малаа бөөцийлөх маягтай амьдарч байна даа гэж Луяа хэлнэлээ.

Тэр цааш нь “Би төрөлх нутаг усаа л гэж шүтэж амьдардаг хүн шүү дээ. Цэнхэр тэнгэрийн дор өсгөж өндийлгөн, өнөр өтгөн болгож амьдруулсан өөжин цэнхэр хангай минь” гэж ярив. За тиймээ.

Хүний төрж өссөн нутаг гэдэг тэр хүний хувьд хорвоогоос өмчилж авсан цорын ганц том өмч хөрөнгө гэж хэлж болно л доо.

-Та амьдралынхаа хамгийн дурсгалтай сайхан үе мөчийг нэрлэхгүй юу гэвэл юуг хэлэхсэн бол гэвэл Лувсандорж ёстой л загатнасан газар маажлаа гэдэг шиг асуулт асуулаа гэсэн өнгө төрх царайд нь тодорч

-Намайг Ховдоос сургуулиа төгсөөд хар багаасаа сургуулийн ширээнд тохой залган суусан нутгийн бүсгүйтэйгээ хос болоод ирэхэд аав, ижий минь зөндөө баярласан. Хурим найрыг минь нутгийн заншлаар сайхан хийж 1973 оны намрын дунд сарын 17-нд бид шинэ айлын өрхийг татаж, гал голомтоо асаасан гэж дурсав.

Тэр цагаас хойш хагас зууныг элээхдээ Лувсандоржийн ажил алба л өөрчлөгдсөнөөс өөр хувиралгүй өнөөдрийг хүрсэн байгаа юм.

Д.Лувсандоржийн ах, эгч дүү нар бас өөрийн хүүхдүүд нь Улаанбаатар болон хаа нэгтэй суурьшсан байдаг. Гэтэл тэр төрсөн нутаг, гэрийн бууриа сахиж үлджээ.

Учир нь юу юм бол гэвэл тэр тун түвэггүй хариулт хэлэхдээ:

-Энэ бол миний үүрэх ёстой хариуцлага гэж товчхон хариулна лээ.

Хариуцлага гэсэн албан юм шиг үгээ тэр тайлбарлахдаа  Их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлэгт “Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон” гэж гардагчлан би тийм бодолтой явдаг учир бууриа сахиж суугаа юм.

Үүндээ ч сэтгэл хангалуун байдаг даа. Ахан дүүс маань амарч бариад Нөмрөгтөө гээд ирэхдээ уул усаа харж бахархахаас гадна ахдаа, дүүдээ золгоно гэдэг хичнээн сайхан байхав.

Нутгаасаа хол яваа хүн сэтгэл нь байнга бөмбөрөөд байдаг гэдэг. Бодол ухаанд нь ийм л сайхан нутагт мал сүрэг нь өсөж олон эрмэг хүлэг босоо төрж, удмаа дээдэлсэн хүмүүн нь эрдэм мэдлэг, ур чадвараараа халхын дэвжээнд нэрээ цуурайтуулахдаа Нөмрөгийнх хэмээн цоллуулж ирсэн байдаг гээд.

Би ч хааяа Улаанбаатар орно. Тэр үед ах дүүсийнхээ  хүндлэлийг ч бие сэтгэлээрээ  мэдэрдэг. Их л үнэ цэнэтэй зочин болж таардаг юм гэж яриналээ.

Д.Моломжамц ах нь нэг удаа нутагтаа очихдоо –Миний дүү бидний дундаас ганцаар энд байх нь. Ямар ч юм бэ дээ гэхэд нь Лувсандоржийг өөрийн бодлоо хэлэхэд “За тийм дээ” гэж урт санаа алдалтаар зөвшөөрсөн гэдэг юм.

 

Нөмрөг ухаантнуудын өлгий нутаг

 

Ийнхүү Лувсандорж бид зөндөө л хуучлав. Хотгойдын таван хошууны нэгэн болсон үүсэлтэй Нөмрөг сумын түүх, тэндхийн нутаг орны тухай уугуул иргэн нь  олон арван жил сумандаа л ажилласан хүний хувьд тэр хэнээс ч илүүг мэдэх юм.

-Нөмрөг нутаг бол миний хувьд дэлхийд байхгүй диваажин юм шүү гэж өөрт төрсөн бахархлаа сэтгэлдээ багтааж ядан хэлэв тэр.

Тийм дээ. Монгол нутгийн хойморийг чимсэн уул усны эхэн тэнд бий. Байгалийн зүй тогтол нь үнэхээр өвөрмөц. Бүхэлдээ хангай гэхдээ тал хээр хослосон сайхан нутаг гэж болно. Нөмрөг, Хөдрөгийн алдартай нурууд Баянзүрх, Их бага хайрхан гээд уулс нь тийшээ хаяа тэлнэ. Тэлмэн, Хунт, Тахилт, Цагааннуур, Цэцэгт нуур гээд хүн, амьтан, шувууд чуулсан усны сайхан тэнд л.

Түүнээс гадна газрын нарийвчилсан зураг дээр харахад Нөмрөгийн нутагт маш олон жижиг хөх цэг харагддаг. Тэр бүхэн бас нуур юм билээ.

Энэ л сайхан нутгийн эзэд нутаг усныхаа байгалийн сайхныг дагаж мал сүрэг нь өнгөрсөн жилийн тооллогоор 130 мянгад хүрчээ. Сумыг мал аж ахуй нь авч явдаг гэж ч болох.

Энэ тухай Д.Лувсандорж ярихдаа

-Мал өснө гэдэг сайхан хэрэг байлгүй яахав. Малчин түмний минь хичээл зүтгэлийн үр шим тэр. Харин сүүлийн жилүүдэд малчин өрхийн тал нь шахуу мянгаас илүү толгой малтай болсноос бэлчээрийн даац нь дийлэхгүй болоод байгаа. Мал өсөөд л байна. Сумыг удирдаж байх үедээ газар тариалан хөгжүүлэх талын бодол байдаг л байлаа. Гэвч цаг агаарын эрс, тэс уур амьсгал нөлөөлөөд ургац авах найдвар туйлын бага. Манай нутаг чинь зундаа +35, өвөлдөө -50 хэмд хүрнэ шүү дээ.

Бас уул уурхай хөгжөөгүй цөөн сумын нэг гэсэн юм.

Түүний ярианаа онцолж хэлсэн зүйл бол Нөмрөгийг их ухаантнуудын өлгий нутаг гэсэн нэгэн тодорхойлолт анхаарал татсан. Энэ нь зөвхөн дээр үед олон хутагт хувилгаад төрсөн гэдэг талаасаа биш нутаг усныхаа өгөөж хишиг буяныг хүртсэн өнөө үеийн олон эрдэмтэн мэргэдтэй оюуны цөм нутаг юм билээ.

Завхан аймагт дээхнэ үедээ дөрөвхөн арван жилийн сургуультай.  Тэрний нэг нь 1924 онд байгуулагдсан Нөмрөгийн сургууль.

Энэ сургуулийн төгсөгчдөөс хэр олон ухаантан, алдартан төрөв гэх юм бол тоолоод баршгүй ээ.

Ердөө л эрдэм оюуны том хүрээ энд бий болсон гэж тоймлон хэлэхэд болно биз ээ.  Үүнийг бататган хэлбэл Лувсандоржийн хэлсэн үгийн гол утга агуулга ч тийм л...

Хийж бүтээсэн зүйлээ хэл гэвэл үү?

-Та сумын Засаг дарга хүртэл удирдах албан тушаалтай олон жил болсон хүн юм билээ. Тэр хугацаанд чухам юу хийж бүтээсэн бэ? гэвэл тэр хариулахдаа –Төр, Засгийн ажил алба хэн ч удирдаж байсан явах л зам мөрөөрөө, зохих хууль ёсны журмын дагуу урсаж байх учиртай л даа. Харин та юу хийж амжуулсан бэ гэж нэгэнт асуусан болохоор хэлэх юм байна аа. Хэлэхгүй ч байж болохгүй тийм цаг үе ирж дээ.

Зарим хүмүүс сонссон юмаа мэддэг болж ярьдаг, бусдын хийсэн бүтээснийг “би хийсэн” гэж хэлэх тохиолдол ажиглагдах юм.

Миний хувьд сумандаа эрчим хүчний шугам оруулж ирэх асуудлыг хэр чадлаараа хөөцөлдсөн юм шүү. Шугамаа ч татуулсан. Харин Алтай-Улиастайн дэд станцын саатлаас болж ашиглах хугацаа нэлээдгүй саатсаныг эс тооцвол 2011 оноос Нөмрөгийнхөн цахилгааны найдвартай эх үүсвэрийн ач тусыг хүртэж эхэлсэн.

За тэгээд сумын хүний эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгын ажил, тоног төхөөрөмжийг шинэчлэх талд миний оруулсан хувь нэмэр гээд яривал багагүйг хэлж болно.

Засаг дарга байх үед сумын маань мал сүрэг 100 мянгыг хол давсан гэлээ.

Үүний зэрэгцээ сумынхаа хөдөлмөрч түмний соёл, тэдний оюун санааг зөв жолоодох, өв уламжлалыг бататгах чиглэлийг зохион байгуулж хийлгэсэн олон ажил байдаг юм билээ. Алив зүйлийн утга учир гэдэг тайлагдашгүй хийгээд ямар нэг шалтгаан агуулж байдаг  хойно доо.

Үүнийг бодолцон Монголын өнөөгийн үед анхны бодь суваргыг Ардын Засгийн ерөнхий сайдын нэг Жалханз хутагт С.Дамдинбазарын дурсгалд зориулан босгосон бол бас мөн Жалханз хутагт, Дилов хутагт Жамсранжав, Агь гэгээн Дамдинчогдон нарын гэрэлт хөшөөг унасан нутаг усанд нь бий болгосон байна. Энэ бүхэнд Лувсандорж ажил албаны зүгээс бас өөрийн зүтгэлээр бусдыг оройлон оролцож, аймгийн Засаг дарга байсан Ж.Жамьянтив, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нарын оролцоотойгоор нутгийн түмэн олныхоо сэтгэл санаанд нийцсэн буянтай ажил хийлцсэн байх юм.

Бас түүний ярьсан нэг зүйл сонирхол татсан. Сумын наадмын хурдан морь 40 жил нэг замаар уралдсан. Тэр зам нь олон түмэнд даангүй уяачдад таалагдахгүй хэл ам дагуулдаг байж.

Тэгвэл 2003 онд сумын 80 жилийн ойн наадам болоход морио цоо шинэ замаар уралдуулсан нь ард олныхоо талархал хүлээсэн гэх юм билээ.

Энэ ажил бол “Лу дарга”-ын санаачилж хийсэн ажил гэж Нөмрөгийнхөн дурсан ярьцгаадаг болсон байна.

Бас уламжлал ч гэхээр юмуу нэг юм байдаг сум-нэгдлийн 40 жилээс эхлээд ойнуудын медалийг Лувсандоржийн удмынхан өөрсдийн зардлаар хийж бүтээж өгсөн байдаг аж.

Энэ уламжлалт үйл хэргийг ах дүүс олуулаа гэдгийг анзаарч аавынхаа анх сэдсэн ажил гэж хэлнэлээ. Эндээс үүдээд Лувсандорж аав Дэмчигжавынхаа тухай дурсаж.

-Миний аав багш хүн байсан. Долдугаар анги төгсгөөд л Сонгино, Баянхайрхан сумдад багшаар ажилласан гэдэг.

1945 онд цэрэгт мордож улмаар 1949 оны чөлөөлөх дайнд оролцож Өвөрмонголын Долнуур хүртэл байлдаж явсан ахмад дайчны нэг.

Аав минь амьдралынхаа сүүлийн жилүүдэд сумын худалдаа бэлтгэлийн анги, нэгдэлд нярав, мал аж ахуйн бригадад тоо бүртгэгчийн албатай явсан юм. Бичиг дансны ажил тэр дотроо сампинд тун чадамгай нэгэн байсан.

Ерөөс тооцооны ухаан сайтай хүн байсан гэж хэлэхдээ Лувсандорж аавынхаа нэгэн захиасыг ямагт санаж явдгаа ярьж байв.

Тэр нь юу вэ гэвэл аав нь нэг удаа банкнаас зээл авч үзэж. Хувийн үйлдвэрлэл явуулах гэж 800 мянган төгрөг зээлээдхэж.

Нунтаг давс үйлдвэрлэж борлуулсан гэнэ. Болмоор ч юм шиг байсан гэх. Гэтэл зээлээ төлөх хугацаа нь болчихож. Ашгаа тооцоод үзсэн ердөө 400-хан мянган төгрөг гарч.

Энэ хэрэг биш л дээ гэж бодоод гагцхүү зээлээ төлчихөж, дахиж үйлдвэрлэл явуулсангүй ээ. Үүнээс сургамж авч хүүхдүүддээ ямар нэг зүйлд алсын хараатай тооцоотой хандаж байгаарай гэж чандлан захьсан байдаг аж.

-Аавын энэ захиас бидэнд хамгийн үнэтэй, нандин сургамж болсон. Бидний зөв сайн явахад луужин болж өдий хүрсэн дээ.

Манай ижий П.Балдан гэдэг буурал бий. Одоо ч энх тунх. Үр хүүхэд, ач гуч нараа тойруулаад нас буянаа эдэлж суугаа хүн. Бид энэ сайхан ижийгээрээ л бахархаж байх юм даа гэж зочин маань ярьсан юм.

 

*   *   *

 

Лувсандорж гэдэг эрхмийн яриа энгийн мөртлөө үг, өгүүлбэр бүр нь нандин хэлхээтэй мэт.

Ер нь өнгөртэй сайхан яриа гэж бий. Бидний дунд яг л тийм хөөрөлдөөн болсоон.

Тэр бүхнийг уншигч бүхэнд ойлгогдохоор бас амтархан уншихаар хөрөглөнө гэдэг амаргүй л санагдана. Энэ эрийн хааяахан содондуу наргиатай дурсамжаар чимэглэсэн идээшлэгтэй яриа, өөрийнх нь бяцхан намтар юу нь сонсохын жаргал, үзэж харахын мөрөөслийг төрүүлэм юм билээ.

Нөмрөг нутгаараа нөмөрлөн амьдарсан хүмүүн бүхэн Лувсандорж шиг бусдад үлгэртэй, хийсэн ажилтай, хийхийн тэмүүлэлтэй байдаг юмсан уу.

Түүний төрөлх нутаг Буган-Өндөр уулс болоод өлгийдүүлж авсан “Гүн ам”-ын өвөлжөө нь тэр чигээрээ борооны цагаан манан духлаастай, тэр нь нуурын мандалд тольдон ихэрлэж байхыг хараад тэр “Эх нутаг минь” хэмээн залбирдаг гэдэг.

Ер нь хэний нутаг ямар байгаа нь эзэн хүнийхээ сэтгэлд байнга уяатай байдаг болохоор туулсан амьдралаа энэ л Нөмрөгтөө өнгөрүүлж бага ч атугай хийсэн бүтээсэн нь нутаг орноо өнгөлөг харагдуулахад нэмэр болсон биз ээ. Энэ бол “Амьдралын тойрог” булангийн маань зочин Д.Лувсандоржийн бодлын нэгэн хэлхээ, ярьсан ярианы нь амин сүнс билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 110 (7095)