Т.БАТСАЙХАН

 

УИХ-аас Үндсэн хуульд өөрчлөлт хийж, УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог сонгож, гишүүдийн тоог нэмлээ. Энэ өөрчлөлт ковид, дайнаас улбаалсан дэлхийн хямралын цаг үетэй давхацсан. Ингэснээр олон нийтийн зүгээс бодит үнэлэлт хийх боломж хомс байх шиг байна. Учир нь, нийгмийн нэлээд хэсэг нь эдийн засгийн чадамжид гол анхаарлаа хандуулж байгаа нь анзаарагдаж байна.

Гэтэл хэдхэн хоногийн өмнө хэлэлцэж баталсан энэ өөрчлөлт “цаг үеийн шаардлага” гэдгийг судлаачид одоогоос арваад жилийн өмнө “тогтоосон”  байгаа юм. УИХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан судалгааны баг 2013 оны наймдугаар сараас эхлээд бараг гурван жил ажиллажээ. Мэдээж хэрэг, 1992 оны Үндсэн хууль ерөнхийдөө анх дэвшүүлсэн зорилтдоо хүрсэн. Ардчилсан нийгэмд шилжих, хүний эрхийг хамгаалах, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн үндсийг бий болгох явдал байсан. Түүндээ хүрсэн. Хамгийн чухал нь тухайн үеийн Оросын хүчтэй нөлөөлөлд хэдэн арван жил байсны дараах Монгол Улс жинхэнэ утгаараа бие даасан улс төрийн тогтолцоог төлөвшүүлж чадсан. Ийм дүгнэлтийг судлаачид хийсэн.

Үүний зэрэгцээ тэд төр засгийн хууль ёсны хүлээн зөвшөөрөгдсөн байдал, улс төрийн зөрчлийг зохицуулах, төр засгаас дур зоргоороо авирлах боломжийг хязгаарлах, төр засгийг эрх мэдэлжүүлэх гэсэн хэд хэдэн “гадаад” шалгуураар Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд үнэлгээ өгсөн байдаг. Тэндээс “Үндсэн хууль эхний хоёр шалгуурын хувьд үүргээ сайн гүйцэтгэж, харин гурав ба дөрөв дэх шалгуурын хувьд засч залруулах шаардлага байгаа хэмээн дүгнэв” гэжээ.

Хамгийн чухал нь “Аливаа үндсэн хууль түүнийг анх боловсруулагчдын бүрэн тооцоолж чадаагүй сорилтой тулгардаг. Монгол Улсын хувьд хоёр сорилтой тулгарсан.

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хаших эсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн Цэц 1996 онд хэлэлцэж, гүйцэтгэх ба хууль тогтоох эрх мэдлийг тусгаарлахаар шийдвэрлэсэн. Түүнээс хойш энэ асуудал улстөрчдийн анхаарлын төвд байсаар байна. Анх Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх явцад энэ асуудал товч хөндөгдсөн. Гэвч практикт ийм маргаан дагуулсан. 

Хоёрдугаарт, эрдэс баялгийн нөөцийг илрүүлсэн нь Монгол Улсын эдийн засгийн бүтцийг үндсээр нь өөрчилсөн. Урьдчилж төсөөлөөгүй олон тулгамдсан асуудлыг бий болгосон. Одоо түүнийг зөв зүйтэй шийдвэрлэх нь засаглалын тогтолцоонд том сорил болж байна. Монгол Улс энэ сорилыг амжилттай даван туулж чадах эсэх нь ойрын ирээдүйн тулгамдсан асуудал болно” гэсэн байдаг.

Үнэхээр ч Үндсэн хуульд сая оруулсан өөрчлөлттэй холбоотой Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хийсэн тандалт судалгаагаар зайлшгүй шаардлагатай нь гарч ирсэн.

1990 оноос хойш сонгуулийн мажоритар тогтолцоог ашиглаж байгаа боловч, мажоритар тогтолцооны сул тал болох сонгогчдын санал гээгдэх, улс төрийн жижиг нам парламентад суудал авч чадахгүй байх, улмаар улс төрийн цөөнхийн оролцоог хангаж чадахгүйд хүрэх гэх мэт тогтолцооны гажуудал гарсаар байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх нь зөв. Ингэж үзсэн.

УИХ-ын гишүүдийн тооны тухайд 1992 онд УИХ-ын нэг гишүүн 29,145 иргэнийг төлөөлж байсан. 2020 онд УИХ-ын нэг гишүүн 46,178 иргэнийг төлөөлөх болсон бөгөөд тэдний төлөөлөх чадвар сулрах магадлал үүсээд байна гэсэн.

“Албан ёсоор” бол ийм үндэслэлүүд бий. Албан бусаар буюу практикаар нотлогдсон шаардлагыг нийтээрээ мэднэ. Тогтолцооны тухайд можаритараар яваад байх юм бол маш товчхон хэлэхэд, нутгийн хүн л гишүүн болдог нь үргэлжилсэн хэвээр үлдэнэ. Улмаар тэднийг нэгтгэж чадсан нам л эрх барьсаар байх боломжтой. Тооны хувьд гадна, дотнын хууль лоббиддог нөхдүүд 76 гишүүнийг аргалаад сурчихсан. Тогтолцоо өөрчлөгдөж, тоо нэмэгдсэнээр нийгмийн бүх төлөөлөл УИХ-д орж ирнэ. Аргалж, ашиг сонирхолдоо нийцсэн хууль батлуулах боломж хаагдана. Түүнчлэн дагалдаж өөрчлөгдөх хуулиудаар “УИХ-ын гишүүн гэж хэн бэ”, “УИХ-д хэн нэр дэвших вэ” гэх зэргээр суурь өөрчлөлтүүд орно.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнөөдөр Монголын нийгэмд томоохон шилжилт хийгдэж байна. Төр иргэний итгэлцлийг холдуулж, парламентын нэр хүндэд зориуд зохион байгуулалттайгаар халдаж, парламентын ардчиллыг мохоож буй гадаад, дотоодын шунахай бүлэглэлүүдэд тэдний буруу булхайг илчилж байгаа явдал таалагдахгүй байгаа. Монголын төр тэрхүү шударга бусын хариуг өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулсныхаа нэгэн адил шийдвэртэй үзүүлж, тод томруун харуулах ёстой” гэсэн. Бас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “30 жилийн турш улс төрийн намууд сонгууль дөхөөд ирэхээр өөртөө зориулсан сонгуулийн дүрмийг зохиож, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж явлаа. Үүнээс болж урт хугацааны хөгжлийн бодлого алдагдсан гэж хэлж болно. Нэг УИХ-ын гишүүн үлэмж хэмжээний эрх мэдэлтэй байдаг. Бие биедээ хариуцлага тооцох боломжгүй, гишүүд томилолтоор явахад чуулган гацах хэмжээний том эрх мэдлийн төвлөрөлтэй байлаа. Өнөөдөр би гишүүддээ зоригтой шийдвэр гаргасанд талархаж байна. Энэ эрх мэдлийн төвлөрлийг задлах шийдвэр гарч байна. Энэ Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсанаар цаашдаа УИХ-ын гишүүн байх тийм ч сонирхолтой зүйл биш болно. Бизнесийн зарчмаар энд орж ирэх ямар ч ашиггүй болно. Яг түмнээ төлөөлөх суурь зарчим хэрэгжинэ” гэсэн. Тиймээс энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт илүү реформын шинжтэй болж байгаа юм. Яахав, улс төрийн зарим нам, хүчин, бүлэглэлийн зүгээс хуулийн хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн тоог барьж авч сөрөг сурталчилгаа хийсэн. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлт нийгэмд томоохон хүлээлт үүсгэх шиг боллоо. Том, жижиг намуудын дотоодод хөдөлгөөн нэлээд орох шинжтэй байна. Ер нь эхэлчихсэн байна. Цаашлаад Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлсэн арга хэмжээг нийгмийн бүх түвшинд авч эхлэх бололтой. Зарим судлаач “1992 оны дараах уур амьсгал бүрдэж эхэлж байна” гэж дүгнэжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 110 (7095)