З.БАТЦЭЦЭГ

АНУ-ын санах ойн чип үйлдвэрлэгч Micron компанийн бүтээгдэхүүн аюулгүй байдлын шалгалтад хамрагдаагүй гэж Хятадын Кибер орон зайн удирдах газар (Cyberspace Administration of China, CAC) тавдугаар сарын 21-ний ням гарагт мэдэгдэв. Тиймээс дэд бүтцийн гол операторууд энэ компаниас бүтээгдэхүүн худалдан авахыг хориглодов.
Вашингтон, Бээжингийн хоорондох чип технологийн маргааны үеэр зарласан шийдвэр нь Хятадын мэдээллийн чухал дэд бүтцийн өргөн хүрээний тодорхойлолтын дагуу харилцаа холбоо, тээвэр, санхүү зэрэг салбаруудад нөлөөлж болзошгүй юм.
"Микроны бүтээгдэхүүнүүд нь сүлжээний аюулгүй байдлын ноцтой эрсдэл дагуулж, Хятадын мэдээллийн чухал дэд бүтцийн хангамжийн сүлжээнд ихээхэн эрсдэл учруулж, тус улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байгааг аудит харууллаа" гэж Хятадын Кибер орон зайн удирдах газар мэдэгдэв.
Микрон CAC-аас тус компанийн Хятадад борлуулсан бүтээгдэхүүнийг хянаж дууссан тухай мэдэгдлийг хүлээн авсан бөгөөд "Хятадын эрх баригчидтай үргэлжлүүлэн хэлэлцээ хийхийг" тэсэн ядан хүлээж байна.
CAC ямар эрсдэл илэрсэн, ямар Micron бүтээгдэхүүнд нөлөөлөх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Jefferies-ийн шинжээчид Micron-д үзүүлэх нөлөөлөл хязгаарлагдмал байх болно гэж үзэж байгаа тул тус компанийн Хятад дахь гол үйлчлүүлэгчид нь дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч гэхээсээ илүү ухаалаг утас, компьютер үйлдвэрлэгч зэрэг өргөн хэрэглээний цахилгаан барааны фирмүүд юм.
"Micron-ийн DRAM болон NAND бүтээгдэхүүнүүд серверт бага ашиглагддаг тул Хятад дахь орлогын ихэнх нь харилцаа холбооны компаниуд болон засгийн газраас байдаггүй гэж бид үзэж байна. Ингэснээр Микронд үзүүлэх эцсийн нөлөө маш хязгаарлагдмал байх болно" гэж Jefferies мэдэгдэлдээ дурджээ.

Эх сурвалж: www.polit.mn