Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Хүмүүс бид өдөр бүр мөнгөтэй холбоотой шийдвэрүүдийг гаргаж байдаг. Инфляц, өргөн хэрэглээний бараа өсөж байгаа энэ үед өөрийн хэрэгцээндээ мөнгөө зөв зарцуулах эсвэл дутаах нь танаас өөрөөс тань шалтгаалдаг. Үүнийг санхүүгийн шийдвэр гэж нэрлэдэг. Тэгвэл Улаанбаатар хотод хамгийн хямдаар хүнс болон хувцсаа бэлдэж болох талаар сурвалжиллаа.
Инфляцыг бид хялбараар бараа, үйлчилгээний үнийн өсөлт, мөнгөний худалдан авах чадварын бууралт гэж ойлгож болно. Харин өнөөдөр Монгол Улсад инфляц ямар байгааг та хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Хар ухаанаар бодсон ч зах зээл дээр бараа, үйлчилгээний үнэ өсөөд байвал иргэдийн амьдралд муугаар нөлөөлдөг нь тодорхой. Үүнийг нөгөө талаас авч үзвэл, инфляц өсөхөд айл өрхийн олж байгаа орлого буюу мөнгөнийх нь худалдан авах чадвар буурна. Энэхүү хүнд цаг үед бидэнд мөнгөө хэмнэх шаардлага тулгарах нь мэдээж. Тэгвэл Улаанбаатар хотод мөнгөө хэмнэж болох дөрвөн аргыг хүргэж байна.
1.Хямд үнэтэй бөөний худалдаанаас ногоо бэлтгэх
Манай улсад худалдаалагдаж буй ногооны ихэнх нь БНХАУ болон ОХУ-аас импортлогддог. Өдийд Монголд тарьж ургуулсан ногоо гэж бараг байхгүй. Нэг үгээр дэлгүүрийн лангуунд өрөөтэй байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд ижил гэсэн үг.
Тэгвэл хүмүүсийн хамгийн ихээр ногоо худалдан авдаг гурван газрыг сонгон авч үнийг нь харьцууллаа. Үүнд "Emart" сүлжээ дэлгүүр, Нарантуул худалдааны төвийн өргөтгөл, Миний сүлжээ дэлгүүрээр орсон юм. Дээрх худалдааны төвүүдээс 50 мянган төгрөгт хүнсний ногоо худалдан авлаа. Ингэхэд дараах үнээр худалдаалж байв.
Хамгийн хямд нь "Нарантуул" худалдааны төвийн өргөтгөл байсан бөгөөд 50 мянган төгрөгт хоёр кг өргөст хэмх, 1.5кг чинжүү, нэг кг улаан лооль, хоёр кг төмс, 1.5 кг лууван, хоёр кг сонгино авч цаана нь 15 мянга 450 төгрөг үлдэж байлаа. Харин сонгогдсон хоёр дэлгүүрээс дээрх кг-аар авахад мөнгө дутаж байсан юм.
Нэр |
Төмс |
Лууван |
Өргөст хэмх |
Чинжүү |
Улаанлооль |
Сонгино |
Нарантуул худалдааны төв |
1000 |
1200 |
6000 |
6500 |
8000 |
1500 |
Emart |
1500 |
1800 |
12000 |
12000 |
13500 |
2500 |
Миний сүлжээ |
1500 |
2000 |
9000 |
10000 |
12000 |
2500 |
2. Зах худалдааны төвийн үнийг судалж худалдан авалт хийх
Монголчууд бид хоол хүнсэндээ өдөр бүр мах хэрэглэдэг. Тэгвэл махны үнэ ямар байгаа талаар "Баянзүрх" зах, "Хүчит шонхор", "Хархорин" захад махны үнэ ямар байгааг сурвалжиллаа. Ингэхэд Баянзүрх захад хонины ястай мах 17.000, Хархорин захад 12.500, Хүчит шонхор захад 14.000 төгрөгийн үнэтэй байв. Өдөр бүр юмны үнэ өсөж хаанаас хоол хүнсний зүйлээ бэлдэх нь хүртэл эргэлзээтэй байгаа энэ үед http://ubstat.mn/ веб хуудасны тусламжтайгаар томоохон худалдааны зах, дэлгүүрүүдийн үнийг харьцуулан харах боломжтой юм. Энэхүү вэб хуудсанд нийслэл хотод зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүний долоо хоногийн үнийн харьцуулсан статистик тавигддаг.
3. Гэртээ зарцуулах мөнгөө багасгах
Хэрэггүй тохиолдолд гэрлээ унтраах, хэрэглээгүй цахилгаан хэрэгслээ салга, шөнөдөө бүх цахилгаан хэрэгслээ унтраах, хувцсаа хүйтэн усанд угаах, хатаагчинд цахилгаанаа үрэхийн оронд тохож хатаах, усанд орохдоо сэрүүлэг тавих, гэрийн гэрлээ өдрийн цагаан гэрэл болгосноор илүү бага цахилгаан зарцуулна. Мөн дэлгүүр гарахаасаа өмнө авах ёстой зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж илүү зүйл авах хэрэггүй. Нэг удаагийн тор худалдан авахын оронд даавуун тортой явах. Кредит картны өртэй үлдэх хэрэггүй. Тухайн сардаа төлж хэвших. Өөрт байгаа зүйлээ дахин авах хэрэггүй. Чамд даашинз байгаа бол төстэй загварын өөр өнгөтэй даашинз авах хэрэг байгаа гэж үү гэдгээ сайн бодох нь таныг санхүүгийн сахилга баттай байхад тусална.
4.Бэлэн мөнгөөр худалдан авалт хийх
Та өдөрт тогтмол таван удаа гүйлгээ хийдэг гэж бодъё. Нэг гүйлгээ хийхэд ухаалаг банкны гүйлгээний хураамж 100 төгрөг. Ухаалаг мэдээ үйлчилгээний хураамжид 50 төгрөг төлнө. Ингэхээр та өдөрт 750 төгрөг авсан үйлчилгээндээ төлсөн гэвэл сард 22 мянга 500, жилд 270 мянган төгрөг болно. Мөн үүн дээр сар бүрийн банкны хураамж 200 төгрөг, бэлэн мөнгөний шимтгэл 100 төгрөг байдаг байна. Харин бэлэн мөнгө сарын аль нэг өдрүүдэд ашиглавал дээрх мөнгөнөөс хэмнэх боломжтой. Мөн долоо хоног эсвэл нэг сарын турш зөвхөн бэлэн мөнгөөр гүйлгээ хийх туршилтыг хэрэгжүүлээд үзээрэй. Энэхүү аргыг ашигласнаар та мөнгөний үнэ цэнийг мэдэрч, зарлагаа хянаж чадна. Учир нь бид карт уншуулах үедээ хэр хэмжээний мөнгө үрж байгаа баримжаагаа алдаж эхэлдэг. Харин та бэлэн мөнгө хэрэглэвэл нүдэн дээр тань багасах мөнгөн дэвсгэртүүдийг хараад танд тэр зүйл үнэхээр хэрэгтэй юу гэдгийг бодож, өөртөө дүгнэлт хийх болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 109 (7094)