Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлав. Чуулганы хуралдаанд 68 гишүүн оролцсоноос 66 нь дэмжиж, 97.2 хувийн саналаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл дэмжигдлээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар уг тогтоолыг дэмжихээс татгалзсан юм. Энэ удаа Үндсэн хуульд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, парламентын гишүүний тоог 126 байхаар тусгав.

Үндсэн хуульд оруулж буй өөрчлөлт:

-УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх. УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно гэж өөрчиллөө. Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд 126 гишүүн сонгогдохоор болов.  Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлагдах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, болон гишүүд ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна.

 

“Гишүүдийн тоог нэмж олшруулах төдий өнгөц өөрчлөлт биш”

 

УИХ-ын дарга Г.Занданшатар: -УИХ-ын гишүүд эрх мэдэлтэн, дарга биш, харин ард түмнийхээ элч төлөөлөгч байх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульдаа тусгалаа. Энэхүү өөрчлөлт зөвхөн УИХ-ын гишүүдийн тоог нэмж олшруулах төдий өнгөц өөрчлөлт биш ээ. Харин ард түмний хүсэл эрмэлзэл, бодол зорилго, засаглах эрх парламентад илүү сайн хангагдаж байх төлөөлийн ардчиллын зарчмыг улам төгөлдөржүүлэхэд чиглэсэн өөрчлөлт юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт маргаашнаас эхлээд түүхэн үүргээ гүйцэтгэж эхлэх байх. Зөв зүйлээ тайван, алсуур хийж эхэлвэл олон үр дүн гардаг. Шударга иргэдийн төлөөлөл төрд орж ирэх боломжийг дагалдах олон хуулиар бий болгоно. УИХ-ын тухай, УИХ-ын Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх гээд шат шатанд цогц өөрчлөлт эхлүүлэхийн төлөө явна. Бүх зүйл маргааш сайхан болохгүй ч даацтай өөрчлөлтүүдийг хийнэ. Алдаанаас суралцсан, зөв өөрчлөлтийг иргэд хүсэмжилж байгаа учраас алдаагаа засаж байна, бид. Монголын ард түмэн шударга ёсыг, үнэн зөвийг хүсэмжилж байна. Хэрсүү иргэд тэнцвэртэй, үнэн бодит мэдээллийг хүсдэг болжээ. Тиймээс буруугаа илчилдэг, нийгмийн асуудлаа зоригтой илчилж шүүдэг, шударга бустай үл эвлэрдэг иргэдийн эрх ашигт нийцсэн төрийг бий болгохын төлөө хичээж ажиллана” гэлээ.

 

“Шинэ  30 жилийг эхлүүлэх “тоглоом”-ын дүрмээ баталлаа”

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: - Үндсэн хуульд оруулж байгаа сонгуулийн тогтолцооны асуудал нь нэг өгүүлбэр боловч суурь шинэчлэл  хийгдэж байна гэж ойлгож байна. Энэ бол шинэ  30 жилийг цоо шинээр эхлүүлэх тоглоомын шинэ дүрэм. Улс төрийн намууд, эрх баригчид сонгууль дөхөхөөр өөрсөддөө зориулсан сонгуулийн дүрэм хийдэг асуудал эцэс боллоо. Энэ дүрмээр дараа дараагийн сонгуульд оролцдог байх агуулга явж байна. Нэг гишүүнд оногддог хэт их эрх мэдэл өнөөдрийн санал хураалтаар эцэс болж байна. Нэг гишүүн хоёр, гурван байнгын хороонд давхар ордог, хууль хяналтгүй гардаг асуудал түүх болж үлдэж байна. Байнгын хороо илүү мэргэшсэн, нэг гишүүн нэг байнгын хороонд харьяалагддаг байх реформ хийгдэж байна. Эрх мэдлийн төвлөрөл задарч байгаа учраас УИХ-ын гишүүн байх нь өөртөө давуу байдал үүсгэх нь эцэслэгдлээ. Засгийн газар  өнгөрсөн 30 жилийн алдаагаа дүгнэж шинэ 30 жилийг эхлүүлэхийн төлөө явж байна. Сайн мууг нээлттэй болгоод явж байна. Энэ шинэчлэл салбарлаад органик хууль болоод баяжаад ирэхээр өмнө нь гарсан алдаа завхарлууд цэг тавигдана. Энэ бол мэдээж УИХ-ын гишүүдээс маш их эр зориг, алсын хараа шаардсан хүнд өдрүүд байлаа. Энэ асуудал өмнө нь олон удаа яригдсан, шийдэгдэхийн өмнө чадалгүй яриа болж үлдэж байсан. Өнөөдөр энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд  хийсэн түүхэн шинэчлэл энэ болж үлдэнэ. Засгийн газраас өргөн барьсан хувилбараар эрх мэдлийн төвлөрлийг хоёр дахин задлахаар болгосон ч 126 болгох зөвшилцөл хийсэн.  Бид нийгмийнхээ захиалгыг мэдэрч, цөөнхдөө хүлээцтэй хандах итгэлцлээр Үндсэн хуулийн шинэчлэлийг хийлээ. Энэ маш их өөрчлөлт гарна. Жэндерт маш том дэвшил ирнэ. Жинхэнэ утгаараа олон намын тогтолцоо руу Монгол Улс өнөөдрөөс эхлээд орж байна. Зөвхөн нутаг дэвсгэр, тойрог руу хандсан биш нийгмийн сегмент рүү хандсан том өөрчлөлтүүд гарна. Гадаад байгаа монголчуудын төлөөлөл парламентад орж ирэх үүд хаалга нээгдэж байна. Намууд үзэл санаагаараа мэтгэлцдэг байх боломж бүрдэж байна. Гэр хороолод амьдарч байгаа иргэдийн төлөөлөл парламентад орж ирэх боломж бүрдлээ” гэв.

 

ИРЭХ НАМАР СОНГУУЛЬ БОЛОХ УУ

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Намар сонгууль болно гэсэн яриа их явж байна. “Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт батлагдлаа, УИХ 126 гишүүнтэй боллоо, одоогийн 76 юу хийж байгаа юм бэ.  Намар сонгууль явуулъя” гээд хэсэг хүн гараад ирэх вий. УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын бүрэн эрх дараагийн шинэ парламент байгуулагдтал хүчин төгөлдөр байна гэсэн баталгааг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд заасан зүйл байна уу.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

-Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт нь 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш хүчин төгөлдөр болно гэж заасан.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

- Үндсэн хуулиараа парламентын засаглалтай байна гэж заасан. Сүүлийн нэг жил парламентын засаглал байхгүй болсон. Тал нь Засгийн газарт ороод суучихсан. Гүйцэтгэх засаглалд хяналт тавих юм байхгүй өнөөдрийг хүртэл явлаа. Үндсэн хуульд оруулах өөрчлөлттэй холбоотойгоор хоёр удаа ард иргэдтэйгээ уулзаж, санал солилцлоо. Ард түмний амьдрал үнэхээр доройтсон байна.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: 

-Тэгш бус байдал авлига хээл хахууль тогтворгүй засаглалыг засахын төлөөх Засгийн газрын санаачлагыг тогтолцооны хувьд дэмжиж байгаа боловч ёс суртахуунтай төлөөллийг сонгох хүсэлтэй байгаагаа иргэд шаардаж байна. Холимог тогтолцоог дэмжиж байгаа боловч улсаа тоносон төлөөлөл орж ирэх вий гэдгээс болгоомжилж байна. УИХ-д суудалгүй намууд ч жагсаалтаа худалдах эрсдэл байгааг болгоомжлуулж байна. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

-Манай улсын хөгжил гишүүдийн тоондоо биш хүндээ байгаа юм. Монгол хүн Монгол Улсаа хөгжүүлсэнгүй. Хоцрогдлын гол шалтгаан нь хүний хөгжилтэй холбоотой. Төр бодлогоо зөв тодорхойлоод зохицуулалтаа сайн хийж чадвал хөгжиж байна. Улс төрийн шинэчлэлийн эдийн засгийн шинэчлэлтэй хамтарч хийх ёстой. Төрийн бодлого 30 жилийн хугацаанд яагаад хоцрогдсон тухайд дүгнэлт хийх ёстой. УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоод бүх зүйл сайхан болно гэж бодохгүй байна. Манай улсад уг нь асар их хөгжлийн боломж байна. Гэтэл ийм ядуу байгаад байж болохгүй. 2000 оноос хойш ажиглалаа. Энэ талаар ярихгүй байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

-Сонгуулийн холимог  тогтолцоог манай нам анхнаасаа дэмжсээр ирсэн. Сонгогчийн санал гээгдэхгүй, хүн бүрийн санал тусч байх ёстой. Сонгуулийн энэ тогтолцоог намын удирдлага, Удирдах зөвлөл буруугаар ашиглаж болохгүй.  Жагсаалтад мэргэжлийн хуульчдаа оруулж ир, тариаланч ногоочдын төлөөлөл, багш эмч нарын төлөөллөөс заавал нэг, нэгийг оруулж ир.  Амлалтдаа хүрэхгүй, хулгайч нараа жагсаалтдаа оруулбал сонгогчид саналаа битгий өг. Ийм байдлаар хандах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Би тойргийнхоо иргэдэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танилцуулахад манай тойргийн иргэд дэмжээгүй. Тиймээс би эсрэг санал өгсөн. Би ард түмний төлөөлөл учраас тэдний байр суурийг илэрхийлэх ёстой. Үндсэн хууль бол жирийн хууль биш. Танхимын бодлогоор явж болохгүй. Би Засгийн газрын гишүүн ч иргэдийн төлөөлөл учраас иргэдийнхээ саналын дагуу саналаа өгч байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

- Одоогийн энэ парламентын танхимд 76-уулаа арай гэж багтаж байна. 50-иар нэмэгдэхээр сандал ширээнээс эхлээд нэмэх хэрэгтэй болно. Нөгөө талаар Үндсэн хуулийн өөрчлөлтөө баталбал УИХ-ын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль батлагдах ёстой.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Н.Энхболд:

-Гишүүдийн тоо нэмэгдчихвэл ширээ сандлаа ингэж зохицуулна гэж хөдөлмөрийн орчинтой холбоотой асуудлыг Байнгын хорооны хурлаар яриагүй. Удахгүй энэ асуудал яригдаж таарна. Засгийн газар арга хэмжээ авч ажиллах нь ойлгомжтой. Нарийн тооцоо хийсэн юм одоогоор байхгүй” гэлээ.

Эрх баригчид 2019 онд  Үндсэн хуульд томоохон өөрчлөлтийг хийж байв.   Үүний дараа 2022 онд буюу ердөө жилийн өмнө Үндсэн хуулийг өөрчилж, “давхар дээл”-тэй холбоотой заалтыг хүчингүй болгосон байдаг.  Харин энэ удаа УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, сонгуулийн хомилог тогтолцоог ёсчлон баталлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 109 (7094)