Ц.МЯГМАРБАЯР
Уул уурхайн бүс нутаг болох өмнийн цэнхэр говьд зун цаг хэдийнэ болсон ч хаврын тарчиг цагийг санагдуулам, нялх ногоо ч жигд цухуйгаагүй, хуурай, гандуу харагдана. Гэхдээ л халуун агаар үлээж сүүдэр газар хайхад хүргэж байв. Бидний очсон газар төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компани. Нүүгэлтсэн их газар нутгийг хамаран үелэсэн шороон овоолго бүхий уурхай, уурхайгаас хоёр км-ийн зайд орших Цогт-Цэций сум салхи шуургагүй тогтуун болоод тэр үү алсаас цэгцтэй гэмээр цэнхэртэн харагдана. Энэ үед тэртээ арваад жилийн өмнө нэрт яруу найрагч Т. Галсан гуайн хэлсэн нэгэн ёгт үг санаанд бууна. “Нүүрс ухсан газар хар тарлан үнээний гэдсийг хүй татсан мэт, алт ухсан газар алаг үнээний гэдсийг хүй татсан мэт харагдана” гэж. Нээрээ л энэ орчинг дээрээс нь харвал түүний зүйрлэлтэй ижил болжээ гэмээр. Төрийн өмчийн “Эрдэнэс тавантолгой” компани нийт 635 мянган га талбайг хамарч уул уурхайн олборлолтоо явуулдаг. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний газар нутаг буюу Тавантолгойн бүлэг ордын Цанхийн баруун болон зүүн хэсэгт олборлолт явуулдаг гэсэн үг. Мөн энэ талбайд Цогт-Цэций, Цогт-Овоо зэрэг сумдын газар нутаг хамардаг. Олборлолтын энэ хэсэгт сайн чанарын хатуу коксжих нүүрстэйгээрээ онцлог. Уурхай анхны хөрс хуулалт, олборлолтоо эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 100 сая тонн нүүрс олборлож, борлуулаад байна. Энэ он гарсаар өнөөдрийн байдлаар 10 сая тонн нүүрс олборлож экспортод гаргасан нь цар тахлын үеийн хэмжээнээс их байгаа ажээ.
"Эрдэнэс тавантолгой"-н борлуулалтын орлого нь энэ оны тавдугаар сард нэг тэрбум долларт хүрч, өнгөрсөн оны тавдугаар сартай харьцуулахад 14 дахин өссөн үзүүлэлттэй байна. “Эрдэнэс Тавантолгой” компани 2022 онд 11.5 сая тонн борлуулсан бол өнөө жилийн зорилт нь үүнээс даруй гурав дахин их.
Энэ нь мэдээж сайн мэдээ. Гэхдээ үүний цаана Т.Галсан гуйн хэлсэн “хар тарлан үнээний гэдэс шиг” болгосон энэ их талбайг хамарсан шороон овоолго сул коксжих нүүрсээ ингээд хаяхгүй нь ойлгомжтой. Сул шороон ордод нуугдсан хар алтаа ашиглах зайлшгүй шаардлага эндээс л үүснэ. Манай урд хилийн нарийн зураасын цаана буюу БНХАУ-ын хил дээр 30-40 баяжуулах үйлдвэр манай сул шороон ордыг угаахад бэлэн байдаг бол манайд нэг ч төрийн мэдлийн үйлдвэр байгаагүй нь харамсалтай. Харин өнөөдөр нэг ч гэсэн үйлдвэртэй болж байгааг сонсоод энэ удаагийн томилолтын ганзага мялаах сайхан мэдээ хэмээн бэлэгшээв.
Лазер сканер буюу хуурай технологийн баяжуулах үйлдвэр ирэх долдугаар сард ашиглалтад орно
Усгүй говьд хуурай технологийн нүүрс баяжуулах үйлдвэр нэн тохиромжтой гэдэг. Баяжуулах үйлдвэр хуурай болон нойтон гэсэн хоёр төрөлтэй. Тэгвэл өнгөрсөн арваад жилийн хугацаанд газрын гүнээс гаргасан түүхий нүүрсээ экспортлоод явж байгаа ч бидэнд сул шороон ордоо баяжуулахаас өөр гарцгүй. Өөрөөр хэлбэл, арваад жил олборлож буй баруун, зүүн Цанхийн нүүрсийг шууд экспортлох боломж багасч зузаан тогтоцтой болсон нь сул шороон ордоо угаахаас өөр сонголт үгүй юм. Тиймээс “Эрдэнэс тавантолгой”-н олборлолтын талбайгаас 35 га газар буюу Цогт-Овоо сумын нутагт орших “Бортээг”-ийн сул шороон ордыг түшиглэн хуурай технологит нүүрс баяжуулах үйлдвэрийг ирэх долдугаар сард ашиглалтад оруулах болсныг бидэнд газар дээр нь үзүүлсэнд олзуурхаж байлаа. Тус үйлдвэрийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 100 орчим сая ам.долларын санхүүжилтээр “Админерал” ХХК гүйцэтгэж байгааг дуулгалаа. “Админерал” нь гадаад, дотоодын хамтарсан хөрөнгө оруулалттай бөгөөд Монголын тал нь 45 хувийг нь эзэмшдэг.
Бүтээн байгуулалтын ажил 70 хувьтай байгааг тус компанийн үйлдвэр хариуцсан захирал Б.Гансүх ярив. ТЭЗҮ-гийн хүрээнд одоогоор 18 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай гэв. Эхний удаад жилд таван сая тонныг баяжуулах зорилт тавьжээ. Бортээгийн нүүрс үнслэг өндөртэй олон үе давхаргатай учраас заавал баяжуулах шаардлагатай. Ингэж баяжуулснаар 20-30 ам.доллараар борлуулах нүүрсэнд 5-6 ам.доллар шингээн цааш нь 60-70 ам.доллараар борлуулах нь эдийн засагтай ашигтай. Үйлдвэр ашиглалтад орсноор 200-300 хүний ажлын байр нэмэгдэнэ. Нэг үгээр уурхайгаас олборлож буй бохирдол ихтэй нүүрсийг ус хэрэглэхгүй баяжуулан нүүрсний үнслэгийг бууруулж, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Ийнхүү ирэх долдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр баригдсанаар нүүрсийг нэмүү өртөг шингээн баяжуулж, ордыг иж бүрэн ашиглах боломж бүрдэхийн зэрэгцээ ажлын байр, улс орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, хураамж, орлого нэмэгдэнэ. Цаашлаад Монгол Улсын иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааны үнэ цэн өсөх боломж бүрдэнэ.
Усгүйгээр нүүрсээ баяжуулах нь байгаль экологт эерэг нөлөөтэй
Ирээдүйд сайн чанарын нүүрсийг дэлхийн зах зээлд илүү чанартай болгоход хуурай аргаар баяжуулах технологи үр ашгаа өгнө гэж харж байна. Мэдээж сайн чанартай бүтээгдэхүүнийг хэн ч худалдан авахад бэлэн байна. Энэ хэрээр үнэ өндөр, үнэтэй байна гэж харж байна. Ямартаа ч бусад сул ордыг түшиглэн баяжуулах үйлдвэр барина гэж олон жилийн өмнөөс мөрөөдөж байсан ч анхных нь энд босож байна. Харин лазер сканер гэдгийг жаахан тодруулбал, хүний биеийг рентген гэрэлд харуулдаг шиг олон үе давхаргат нүүрсээ битүү, тусгай төхөөрөмжид оруулан ялгаж түүнээс коксжих нүүрсээ салгаж авах арга. Нүүрсийг шавар, чулуу зэрэг органик хольцоос нь салгаж цэврээр нь гаргаж авч байгаа хэлбэр юм. Дэлхийн нийтийн жишиг бол усаар угааж нүүрсийг органик хольцоос нь салгаж авдаг. Гэтэл өмнийн говийн хувьд усны нөөц асуудалтай байгаа. Тиймээс усгүйгээр нүүрсийг баяжуулах шинэ технологийг ийнхүү нэвтрүүлэхээр боллоо. Түүнчлэн хуурай аргаар баяжуулах нь нойтон технологийн аргаас зардлын хувьд бага аж. Ингэснээр ямар ч байсан коксжих нүүрс тухайн сул шороонд 30 хувьтай байна гэж бодвол 10- 20 орчим хувийг нь ялгаж авна гэсэн үг. Үүнд ямар нэг химийн бодис орохгүйгээр онцлог эко технологи гэж үзэж болно хэмээн тус үйлдвэрийн зөвлөх герман, хятад мэргэжилтнүүд тайлбарласан. Үүнээс гадна төрийн өмчит компанийн мэдлийн бас нэг нойтон баяжуулах үйлдвэр мөн баригдаж ашиглалтад орж байгаа мэдээ сонссон. Баяжуулах үйлдвэрийг дагаад химийн төрөл бүрийн үйлдвэр байгуулагддаг гэдэг. Одоогоор ийм үйлдвэрийн тухай яригдаагүй байна. Ямартаа ч баяжуулах үйлдвэрүүд ар араасаа байгуулагдах нь манай эдийн засагт ашигтай. Нөгөөтэйгүүр манай уул уурхайн хөгжил дараагийн шинэ шатанд гарах эхлэл болно.
Засгийн газраас тус компанид жилийн хугацаатай Бүрэн эрхэт төлөөлөгчийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард /БЭТ/ томилсон нь бас чиг үр дүнгээ өгсөн үү гэж нэг талаас харсан ч нөгөө талаас цар тахлаас үүдэлтэй хил гаалийн гацалт алсарч хэвийн болсонтой холбоотой. Цаашдаа БЭТ-тэй, БЭТ-гүй уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж шинэ шатанд гарах нь тодорхой. Өөр нэг ажиглагдсан зүйл гэвэл уул уурхайд хандах иргэдийн хандлага ч эерэг болж аахар, шаахар зүйлийг уурхайгаас хүсдэг байснаа больж тэд одоо хөгжил нэхдэг болжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 31. ЛХАГВА ГАРАГ. № 108 (7093)