П.АМГАЛАНБАЯР
Монгол Улс жил бүрийн хавар, намар “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг зохион байгуулдаг. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 29 дэх жилдээ зохион байгуулж байгаа энэ удаагийн ээлжилт 10 хоногийг “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор зохион байгуулж байна. Нэмэлт дархлаажуулалтын 10 хоногийн нээлт өчигдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагааны хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Эваристе Коуаси Комлан, нар оролцож үг хэллээ. Мөн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Байгальмаа, Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам нар оролцов.
Улаанбурхан өвчний халдварлалтын индекс 95-аас дээш хувьтай
Уг ажлын хүрээнд арван сартайгаас найман насны хүүхдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцины нэмэлт дархлаажуулалтад хамруулах юм. 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн зургадугаар сарын 10-нийг хүртэл үргэлжилнэ. Дархлаажуулалтын эхний өдрүүдэд сургууль, цэцэрлэгт зуны амралт эхлэснээс хойш сум, өрхийн эрүүл мэндийн төвд улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамаруулна. Нэмэлт дархлаажуулалтад өмнө нь товлолын дагуу улаанбурхан, гахайн хавдар улаануудын вакцин хийлгэсэн, хийлгээгүйг үл харгалзан арван сартайгаас найман насны бүх хүүхэд хамрагдана. Харин сүүлийн нэг сарын дотор ямар нэгэн вакцин тариулсан бол түр хойшлуулах юм байна.
Нэмэлт дархлаажуулалтад хамруулснаар энэ насны хүүхдүүд улаан бурхан, улаануудын өвчнөөс хамгаална гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байлаа. Учир нь улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин бөгөөд агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварладаг. Халдварлалтын индекс 95-аас дээш хувьтай. Хэрэв ямар нэгэн байдлаар тухайн хүн вакцинаар хамгаалагдаагүй тохиолдолд зөрөөд өнгөрөхөд халдвар авах эрсдэлтэй. Уг өвчнөөр бага насны хүүхэд ихэвчлэн өвдөх бөгөөд өвдсөн тохиолдолд уушгины хатгалгаа, тархины үрэвслээр хүндрэх улмаар эндэгдэлд хүрэх аюултай байна. Өөрөөр хэлбэл улаанбурхан өвчнөөр өвдсөн таван хүн тутмын нэг нь хүндрэх эрсдэлтэй. Зарим улс оронд хүндрэх, нас барах, эндэх эрсдэл 10-30 хувьтай байна. Илрэх шинж тэмдэг нь халуурах, тууралт гарах, ханиалгах, хамраас нус гоожих, өвөрмөцөөр нүдний шинж тэмдэг буюу нүдний үрэвсэл гэсэн шинж тэмдэг илэрнэ.
2000-2023 оны эхний таван сарын байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй
Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд мэдээлэл өглөө. Тэрбээр “2022 онд дэлхийн 162 улс оронд улаанбурхан өвчний 172 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь 2021 оны өвчлөлөөс гурав дахин их бүртгэгджээ. 2023 оны эхний таван сарын байдлаар дэлхийн 124 улсад улаанбурханы өвчлөл 45 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Ялангуяа манай улсын хувьд 1973-1989 онд улаанбурхан өвчлөлийн нийт 58 мянган тохиолдол бүртгэгдэж, 3-4 жилийн зайтай дэгдэлт гарч байсан. Харин 1989 оноос 1992, 1995, 2000-2002, 2015-2016 онд дөрвөн удаагийн дэгдэлт гарсан байдаг. Улаанбурхан өвчний эсрэг вакцинаар 1994, 1996, 2000, 2007, 2015, 2016 онд 3-39 насны хүн амыг нэмэлтээр дархлаажуулах арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд улсын хэмжээнд 2017 онд улаанбурхан өвчний 17 тохиолдол, 2018 онд нэг тохиолдол, 2019 онд хоёр, 2000-2023 оны эхний таван сарын байдлаар батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байдаг. Дэлхий дахинд улаанбурхан өвчний тоо нэмэгдэж байгаа улс орон нэмэгдэж ялангуяа зүүн Европын орнууд, ОХУ, Филиппин, БНХАУ, Энэтхэгт өвчлөл ихсэх хандлагатай байна. Энэ нь тархвар судлалын хувьд уг өвчин манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх магадлалтай байна гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэв.
2018-2022 онд улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг вакцины хоёрдугаар тунд 69163 хүүхэд хамрагдаагүй
Манай улсад улаанбурхан өвчний халдвар зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдол эхний үед өвчлөл алаг цог хэлбэрээр бүртгэгдэнэ гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байв. Улмаар дархлаажуулалтад хамрагдах нас хүрээгүй 0-8 сартай хүүхэд, цар тахлын улмаас улаанбурхан өвчний эсрэг бүрэн тунд хамрагдаагүй хүүхэд болон харьцангуй сул байгаа арван сартайгаас найман насны хүүхдүүд халдвар авах эрсдэлтэй байгаа аж. Дархлаажуулалтын үндэсний зөвлөх хорооны 2023 оны тавдугаар сарын 08-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн зөвлөмж ирүүлжээ. Дархлаажуулалтын хамрагдалтын тоон мэдээнд хийсэн дүн шинжилгээгээр сүүлийн гурван жилд улаан бурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг вакцин нэгдүгээр тунгийн бодит хамралт мэдээлэгдсэн хамрагдалтаас бага буюу 78-85 хувь байна. Сүүлийн таван жилийн мэдээлэгдсэн хамрагдалтаас хүн амын статистик тоо мэдээлэлтэй харьцуулж хийсэн дүн шинжилгээгээр 2018-2022 онд улаан бурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг вакцин нэгдүгээр тунгаас 40557 хүн, улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг вакцины хоёрдугаар тунгаас 69163 хүүхэд хоцорсон тоон статистик мэдээ байна. Иймээс тавдугаар сарын 29-нөөс эхлэн улс орон даяар эхлүүлж байгаа улаанбурхан, улаануудын эсрэг дархлаажуулалтад ард иргэдийг хүүхдээ идэвхтэй хамруулахыг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд уриаллаа.
Улаанбурхан, улаануудын эсрэг вакцины урвал маш бага
ДЭМБ-ын зүгээс Монгол Улсын ЭМЯ-наас гаргаж байгаа улаанбурхан, улаануудын эсрэг дархлаажуулалт дахин том дэгдэлт гарахаас анхаарч, сэргийлж буй энэхүү хүчин чармайлт манлайллыг талархалтайгаар хүлээж байна гэдгийг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте онцлов. Тэрбээр “Дэлхий даяар улаанбурхны өвчлөл эрчимтэй ихсэж байгаа бөгөөд Монгол Улсын хөрш орнуудад тархалт буурахгүй байгаа нь зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Мөн дархлаажуулалтад хамрагдаагүй хүн амын дунд тархах эрсдэл нэмэгдээд байгаа юм” гэлээ.
Энэ үеэр улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар нэмэлт дархлаажуулалт зохион байгуулах асуудлаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Байгальмаа, Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам нар мэдээлэл өглөө.
Дархлаажуулалтын үед эцэг эхчүүдэд танилцах мэдээллийн хуудсыг өгөх бөгөөд вакцинд хамрагдсан хүүхдүүдийн дархлаажуулалтын цахим бүртгэлд бүртгэнэ. Мөн вакцинд хамрагдсан хүүхдүүдийн зүүн гарын чигчий хуруун дээр тэмдэг тавьна. Учир нь дархлаажуулалтыг өндөр хамрагдалтайгаар зохион байгуулахын тулд хүүхдийг давхардаж вакцин хийлгэхээс сэргийлж байгаа. Мөн дархлаажуулалтын сүүлийн арав хоногт хурдавчилсан хамралтын үнэлгээ хийж, вакцинд хамруулах арга аргачлалыг орон нутагт хүргүүлсэн гэдгийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам хэллээ. Тэрбээр “Улаанбурхан, улаануудын эсрэг вакцины урвал маш бага. Вакцин хийсний дараа цөөн хүүхдүүд халуурах, тарьсан хэсэг газар хөндүүрлэх урвал илэрдэг. НҮБ-ийн сангаар дамжуулан хүлээж авч байгаа, ДЭМБ-ын шаардлагыг хангасан улаанбурхан, улаануудын хавсарсан Энэтхэгт үйлдвэрлэсэн, арван хүн тунгаар савлагдсан вакциныг хүүхдүүдэд дархлаажуулахад зориулсан. ДЭМБ-ын батламжийг авсан вакцин дэлхийн 190 гаруй улсад товлолт болоод нэмэлт дархлаажуулалтад хэрэглэдэг” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 31. ЛХАГВА ГАРАГ. № 108 (7093)