Нүүрсийг цахимаар арилжиж эхэлсэнтэй холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого нэмэгдэж манай улсын эдийн засагт статистикийн эерэг үзүүлэлтүүд гарч байгаа. Гэвч энэ нь бодит амьдралд, ард иргэдийн амжиргаанд нөлөөлөхгүй хэвээр байна. Уул уурхайн орлогыг иргэддээ жигд хуваарилахад хамгийн хурдан авах боломжтой арга хэмжээ бол 1072 хувьцааны ангиллыг өөрчилж, эдийн засгийн эргэлтэд оруулах талаар УИХ-ын гишүүн Э.Батшугар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд саналаа хэллээ.
Тэрээр “ 2023 оны эхний дөрвөн сарын инфляц 11.3 хувь байсан. Үүний 42 хувийг хүнсний инфляц эзэлж байна. Ялангуяа махны үнэ замбараагаа алдлаа. Он гарснаас хойш 18 хувиар өссөн байна. 70 сая малтай улсад яагаад ийм асуудал тулж байна гэхээр нийлүүлэлтийн сүлжээ алдагдсан гэж үзэж болно. Шинэ механизм хэрэгтэй байна. Магадгүй бүсчилсэн ХАБ-ууд байгуулаад, зүүн аймгаас баруун аймгууд руу явуулдаг ч юм уу үр дүнтэй механизм хэрэгтэй байна. Дараагийн асуудал 1072 хувьцаа. Эрдэнэс Тавантолгойн хөрөнгийн 3 орчим тэрбум нь ард түмэнд байгаа. Тиймээс 1072 хувьцааг амилуулмаар байна. Амилуулах хамгийн хурдан механизм бол манай Компанийн тухай хуулинд байдаг алтан хувьцаа гэж. Англиар preferred share гэж нэрлэдэг. Энэ хувьцаа нь саналын эрхгүй гэхдээ татварын дараах ашгийнхаа тодорхой хувийг хүртдэг. Энэ бол байгалийн баялгийг жигд хуваарилах хамгийн хурдан механизм биш үү гэж хэлмээр байна. Засгийн газраас явуулж байгаа Шилэн ажиллагааг дэмжиж байгаа. Үүнтэй холбогдуулан төрийн өмчит компаниудын тайлан балансыг ил болгомоор байна. Жишээлбэл “Эрдэнэт” үйлдвэрийн вэбсайт руу ороход хаалттай байна. Зарлага, орлого нь мэдэгдэхгүй. Тэгсэн хэрнээ “Топ-100” аж ахуй нэгжийн тоонд ороод байдаг. Банкуудтайгаа адилхан улирал бүр цахим хуудас дээрээ санхүүгийн тайлангаа гаргадаг болмоор байна. Тойргийн асуудал ярихад Сонгинохайрхан дүүргийн 12-р сургуулийн санхүүжилтийг Сангийн яам анхаарч өгөөч. Маш олон хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна. Сая хонхны баяраар хүүхдүүд сургуульдаа ч тэмдэглэж чадсангүй. Энэ асуудлыг Сангийн яам анхааралдаа авч яаравчлан шийдэж өгөөрэй” гэв.
Эх сурвалж: www.zms.mn