Б.НАНДИН

 

Мэдээллийн технологийн асар хурдтай хөгжлийн сайн талыг бид өдөр тутамдаа мэдэрч, үр шимийг нь хүртсээр байдаг.

Дэлхий дээр хамгийн анх гарч байсан компьютерийн хурдыг өнөөгийн хамгийн сүүлийн үеийн хурдтай компьютертэй харьцуулвал хэдэн зуу дахин удаан байсныг бид гайхан хүлээж авдаг. Компьютерийн тэр их хурд өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд алхам алхмаар, ямх ямхаар өөрчлөгдсөөр өнөөгийн түвшинд хүрсэн байдаг. Тиймээс ч өнөөдөр бид музейд байдаг компьютерийн удааныг гайхахын хажуугаар түүнээс хэд дахин их хурдтай компьютер ашиглаж, өндөр хурдны шилэн кабелийн интернэтийг хэрэглэх болж.

1980-аад оны үед бараг төсөөлөгдөмгүй байсан энэ хурд өнөөгийн бидний өдөр тутмын амьдралд байдаг л энгийн нэгэн хэрэглээ болсон байх юм. Өөрөөр хэлбэл, шинэ технологийн сайжруулалт бүр өсөлт дэвшилтийг авчирч тэр хэрээр хэрэглэгчид үр шимийг нь хүртсээр өнөөг хүрчээ.

Тухайлбал, Монгол Улсад өнгөрсөн жилээс үүрэн холбооны 5G технологи нэвтэрч эхэлсэн бөгөөд энэ нь гурван жилийн өмнө технологийн их гүрэн АНУ-д нээлтээ хийн шуугиулж байлаа. Тэгвэл өнөөдөр 5G технологи аль хэдийн бидний хувьд танил болчихсон, хэт өндөр хурдны гэж ч тооцогдохгүй технологи болон нутагшжээ. Харин энэ шинэ технологи дэлхий нийтэд нэвтэрснээр үйлдвэрлэгдэж байгаа төхөөрөмж, гар утас, компьютерүүд ч хүчин чадлаа нэмэгдүүлэх, шинэ технологид зохицож ажиллах шаардлагыг төхөөрөмжүүдээс шаарддаг. Тиймээс ч сүүлийн гурван жилд үйлдвэрлэгдсэн бүхий л электрон төхөөрөмж энэ технологид зохицож ажиллах чадвартайгаар үйлдвэрлэгдэж байгаа гэж энгийнээр ойлгож болох юм.

Энэхүү төхөөрөмжүүдийн болон технологийн зохицлыг энгийнээр тайлбарлах гээд үзье. Заримдаа гэрийнхээ wifi-д холбогдох үед адилхан хаягтай атлаа 2.4 ghz, 5G гэсэн сонголтууд та бидэнд гарч ирдэг. Энэхүү хоёр хаяг ижилхэн wifi төхөөрөмжид холбогдох боловч өөр өөр арга замаар хүрдэг гэж ойлгож болно. Хэрэв таны утас болон хэрэглэж буй төхөөрөмж 5G системийг дэмждэг бол илүү хурдан интернэтэд холбогдох боломжтой гэсэн ялгаа юм. Өөрөөр хэлбэл, бидэнд сонголт үргэлж байдаг ч шинэчлэлт болгонд тохирон ажиллах шаардлага төхөөрөмжүүдэд тулгардаг “сөрөг” боловч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй шаардлага тулгардаг. Хэрэв таны төхөөрөмж 5G дэмждэггүй бол арай удаан ч энгийн интернэтээр холбогдож болно. Харин шинэ системийг дэмждэг байвал тань илүү давуу байдал үүсч байнаа л гэсэн үг. Энэ нь технологийн давуу бөгөөд нөгөө талаар заримдаа "сул тал" болчихдог. Төхөөрөмжөө солихгүй хуучнаа хэрэглэх тусам өдөр тутамд шинэчлэгдэж байгаа шинэ дэвшлээс шууд бус ч бага багаар хоцорч байгаа л хэрэг. Харин цаг нь болоход буюу бүтээгдэхүүний нас дуусахад таны төхөөрөмж хэрэглээнээс хүссэн хүсээгүй арчигдах хувь тавилан гэж бий.  Ерөөс монголчууд бид сайн талыг нь ашиглаж хэрэглэх мөртлөө түүнийхээ төлөө шаардлагатай алхмыг хийхдээ жаахан хойрго. Энгийнээр хэлбэл, бидний өдөр тутам хэрэглэж буй бүтээгдэхүүн бүр өөр өөрийн настай. Шүдний сойзыг зургаан сар тутамд солих шаардлагатай гэж шүдний эмч нар зөвлөдөгтэй адил гэр ахуйн хэрэглээний бүхий л бүтээгдэхүүн хүртэл тодорхой хугацааны дараа хаягдаж шинэчлэгдэх шаардлагатай. Ингэж байж гэр бүлийн ариун цэвэр, наад захын эрүүл ахуйн шаардлага хангагдана гэж ойлгож болно. Үүнтэй адил электрон тоног төхөөрөмжүүдэд ч бас хугацаа бий. "Statista" сайтын  мэдээлснээр гар утасны дундаж наслалт 2.5 жил байдаг бөгөөд үүнээс дээш хугацаанд ашигласан тохиолдолд шинэ үеийн системийн шинэчлэлийг хүлээж авах боломжгүй болж, гацах, хурд удаашрах гээд асуудлууд дагуулдаг. Харин дундаж электрон төхөөрөмжийн наслалт таван жил байдаг аж.

Мэдээж технологитой хөл нийлүүлж байна гээд жил болгон утсаа солих шаардлагатай гэсэн үг биш. Гэвч 4-5 жилдээ утсаа өөрчилж, сайжруулснаар технологиос хоцрохгүй мэдээлэл авна л гэсэн үг юм.

Кабелийн тоног төхөөрөмж, гар утас, компьютер гээд технологитой холбоотой төхөөрөмж бүрт энэ шаардлага хамаардаг. Ялангуяа манай улсын хувьд бүр ч онцлогтой. Бид үйлдвэрлэгч бус импортлогч орон. Бусдын үйлдвэрлэснийг худалдаж авдгаас биш бид шинэ технологид зохицуулан өөрсдийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чадахгүй. Тиймээс ч зах зээлд хөл нийлүүлэн алхахын тулд төхөөрөмж үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдийн хурдтай зэрэгцэж алхахаас өөр зам үгүй. Технологийн хөгжил хурдтай явагдахын хэрээр өмнөх загварыг хөгжүүлэхээс илүүтэйгээр шинэ технологи, өөрчөлт хийх нь зардал багасгадаг нэг онцлог бий. Энэ утгаараа олонх технологийн компаниуд програмаа шинэчлэн хөгжүүлэхэд анхаарахаас бус хуучирсан төхөөрөмжид зориулан хөгжүүлэлт хийхийг хүсдэггүй. Өдөр хоногоор өөрчлөгдөн хувьсч байгаа технологийн хурдтай хөл нийлүүлэхийн тулд хуучин технологийг хөгжүүлэхээр зүтгэх биш дараагийн шинэ үеийн технологийг нэвтрүүлдэг онцлогтой. Яг энэ зарчим гар утасны, интернэт кабелийн бүр автомашины зах зээлд үйлчилж хуучин загвараа жагсаалтаас гаргадаг “уламжлал” байдаг. Автомашины хувьд гэхэд дэлхийн улс орнууд бензин хөдөлгүүрт гэхээс илүү хосолмол, цаашлаад цахилгаан хөдөлгүүрт автомашиныг хэрэглэгчдэд санал болгож байна. Нэгэнт эхэлсэн цахилгаан машины энэ давалгаа одоо шууд таныг машинаа солихыг шаардахгүй ч юмс хувьсан өөрчлөгдөхийн хэрээр бензин хөдөлгүүрт машины зах зээл хумигдахаас өөр аргагүйд хүрснийг автомашин үйлдвэрлэгчид эртнээс сануулсаар буй. Яг үүнтэй адил интернэт, гар утасны үйлчилгээний компаниуд ч бидэнд шууд тулгаагүй ч илүү сайжирсан, илүү хурдтай төхөөрөмж солих саналыг ч илгээдэг. Энэ бүхэн гайхаж хүлээж авах эсвэл хуучин төхөөрөмжөө “шахаж” байгаа асуудал бус харин илүү дэвшилтэт технологи хэрэглэх боломжийг өөрсдөдөө бий болгох арга замыг санал болгож буй л хэрэг. Нэгэнт орчин үеийн программын ачааллыг даах боломжгүй насжилт нь өндөр болсон төхөөрөмжөөс бид өндөр хурдны үйлчилгээ хүсээд нэмэргүй юм.

Технологийн дэвшлийн топ компани Аpple-ийн ipad гэхэд дунджаар таван жилийн дараа update хийх боломжгүй, зөвхөн хуучин үйлдлийн систем дээрээ ажилладаг, шинэ үйлдлийн системийг хүлээн авах чадамжгүй гэдэг дохиог хэрэглэгчдэд илгээдэг. Өөрөөр хэлбэл, хэт хуучирсан технологийг зах зээлээс гаргаж, технологио хөгжүүлж, update хийх нь байдаг л зүйл төвийгүй үүний үр ашгийг хэрэгжлэгчид эцэстээ хүртдэг зарчим байсаар ирсэн, байх нь ч дамжиггүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 107 (7092)