С.САРУУЛ

Хөгжлийн Банкны хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны явц, Нүүрсний гэх тодотголтой хэргүүд шүүхэд шилжсэн эсэх талаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс өнөөдөр мэдээллээ. Энэ үеэр ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа "Олон нийтийн анхаарлыг татаад байгаа Нүүрсний гэх нэг ч хэрэг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирээгүй. Бүгд мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа бөгөөд шүүхээс мэдээлэл өгөх боломжгүй юм.  Тус хэрэгтэй холбогдуулан прокурорын саналаар Монгол Улсын Шүүхээс 23 иргэнд хязгаарлалт тогтоох, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэрэг шүүхэд шилжиж ирээгүй. Харин прокурорын саналаар Монгол Улсын Шүүхээс нэр бүхий төрийн өндөр албан тушаалтанд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан.  Авлига, албан тушаал, төрийн өндөр албан тушаалтнууд, Нүүрсний болон тусгай сангийн тодотголтой холбоотой хэрэг шүүхэд шилжиж ирсэн тохиолдолд тухайн үед нь нээлттэй мэдээлэл өгөх болно.Түүнчлэн Боловсролын зээлийн сангийн асуудалтай холбоотой хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа бөгөөд шүүхэд шилжиж ирээгүй" хэмээв.

Энэ оны эхний улирлын байдлаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, авах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах 44 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зургаан хэрэг буюу 12 хувиар буурчээ.

Эх сурвалж: www.polit.mn