С.САРУУЛ

Хөгжлийн Банкны гэх шүүх хурлын явцын талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Г.Болормаа өнөөдөр мэдээлэл өглөө. Шүүх хурал нь хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн хуулийн этгээдээс гадна улсын яллагч, иргэдийн төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, гэрч зэрэг нийтдээ 215 оролцогчтойгоор 31 дэх өдрөө үргэлжилж байна.

Шүүх хурал есөн үе шаттай явагдах ёстойгоос дөрөвдүгээр шатандаа явж байгаа буюу одоогийн байдлаар 506 хавтаст хэргээс бичгийн нотлох баримт шинжлэн судлах ажиллагаа 85 хувьтайгаар үргэлжилж байгаа аж. Шүүх хурал дуусах хугацааны хувьд тодорхой хэлэх боломжгүй байгаа ба одоо үргэлжилж байгаа үе шатын дараа эд мөрийн баримтыг шинжлэн судлах, асуулт хариулт, улсын яллагч гэм буруугийн дүгнэлтээ танилцуулах зэрэг таван үе шат үлдсэн учраас шүүх хуралдаанд оролцож байгаа хүмүүс хэр их ярихаас шалтгаалж, тооцоолох боломжгүй юм байна.Шүүх хуралдааныг эхлэхээс өмнө хэвлэл мэдээллийн байгууллагыг ажиглагчаар оруулахаар санал авч үүнд 13 хэвлэл мэдээллийн байгууллага бүртгүүлсэн. Эдгээр байгууллага шүүх хуралдааны аль ч явцад ажиглагчаар оролцох эрх нь нээлттэй хэвээрээ байгаа. Мөн шүүхийн мэдээ фэйсбүүк хуудсаар шууд дамжуулж байгаа учраас хэн ч хүссэн үедээ ороод үзэх боломжтой гэдгийг БЗД, СБ, ЧД Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Г.Болормаа онцоллоо.

Эх сурвалж: www.polit.mn