З.БАТЦЭЦЭГ

 

АНУ-ын нууц алба Ерөнхийлөгч Жо Байдены байшинг сум нэвтэрдэггүй болгохоор ажиллаж байна. Энэ тухай АНУ-ын засаг захиргааны тэргүүн Вашингтоноос Кэмп Дэвид (Мэриленд) дахь оршин суух газар руугаа нисэхээсээ өмнө сэтгүүлчдэд мэдэгджээ.

"Би Кэмп Дэвид рүү явах болсон шалтгаан нь нууц албаныхан одоо миний гэрт ажиллаж, байшинг сум нэвтэрдэггүй болгож байна. Тиймээс гэртээ харих ямар ч боломжгүй болсон. Тэд намайг таван долоо хоног ирж болохгүй гэсэн" гэж Ж.Байден хэлэв. АНУ-ын нууц алба нь төрийн хүмүүсийг хамгаалах үүрэгтэй байдаг.

Америкийн удирдагч ямар байшингийн тухай ярьж байгаагаа тодорхой хэлээгүй байна. Ж.Байден амралтын өдрүүдээ гэр бүлийнх нь хэд хэдэн байшин байдаг Делавэрт өнгөрөөдөг. Дөрөвдүгээр сард Ж.Байден Нууц алба Делавэрийн Вилмингтон дахь гэрт нь сум нэвтэрдэггүй цонх суурилуулсан гэж мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 106 (7091)