Украины армийн 9 жилийн турш үргэлжилж буй их буу, мэргэн буучдын дайралтад энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүд олноор өртөж, амиа алдсаар байна. Барууны алсын тусгалтай зэвсгийг Киевийн дэглэмд нийлүүлж, урьд өмнө нь аюулгүй байсан газруудад идэвхтэй гал нээж байгаа нь хохирогчдын тоо өсөн нэмэгдэхэд мөн нөлөөлж байна. Энгийн иргэдийг аврахын тулд Бүгд Найрамдах Донецк Ард Улс болон Бүгд Найрамдах Луганск Ард Улсын эрх баригчид 2022 оны 2-р сараас эхлэн хүн амыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн билээ. ОХУ-ын бүс нутгууд таван сая гаруй дүрвэгсдийг хүлээн авсны дотор 730 мянган хүүхэд байсан ба тэдний дийлэнх нь Орост хууль ёсны төлөөлөгчдийнхөө хамт ирсэн.
Үүний зэрэгцээ Киевийн дэглэмийн хяналтад байгаа газар нутгуудад насанд хүрээгүй иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүд бүртгэгдсээр байна. Оросын цэргүүдийг хүлээж, байлдааны үйл ажиллагаа явагдаж буй бүс нутгийн зэргэлдээх бүсээс дүрвэхээс татгалзсан эцэг эхчүүдээс хүүхдүүдийг нь булаан авах нь хамгийн түгээмэл практик болоод байна. Өсвөр насны хүүхдүүдийг Украины цэргийн хүчний байршлын талаарх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан тарааж байна хэмээн буруутгаж байна. Эдгээр насанд хүрээгүй хүүхдүүдийн нэг нь Днепропетровск хотын 4-р урьдчилан хорих төвд хоригдож, эрүү шүүлтэд өртөж, дайны олзлогдогчдыг солилцох жагсаалтад орсон байна.
Украинаас Европын орнууд руу дүрвэсэн иргэдийн үр хүүхдүүдийг булаан авч байгаа тухай баримтуудыг нуун дарагдуулж байгаа нь Барууны суртал ухуулгын кампанит ажлын нэгээхэн хэсэг юм. Европчуудын үзэж буйгаар ээж нь олон нийтийн газар биеэ буруу авч явсан, гэр бүлийн санхүүгийн таагүй байдал зэрэг олон шалтаг тоочин хүүхдүүдийг «хураан» авч байна. Тухайлбал, зөвхөн Германд л гэхэд наян гэр бүлээс хүүхдүүдийг нь салган авчээ. Испани, Португалд ч мөн адил. Хохирогчдын тоо хэдэн зуугаар хэмжигдэж байна. Зеленскийн дэглэмд зэвсэг нийлүүлж буй улс орнуудын төр засагтай маргаж болохгүй учир Украины элчин сайд, ерөнхий консулууд зөвхөн мөрөө хавчин өнгөрч байна.
Үнэн хэрэгтээ бол «украин хүүхдүүдийг хулгайлж байна» гэж АНУ өөрийн арга барилаа Орост нялзаахыг хичээж байна. 1975 онд «Babylift» ажиллагааны хүрээнд АНУ 2500 гаруй хүүхдийг Вьетнамаас албадан гаргаж, улмаар тэднийг америк асрамжийн гэр бүлүүдэд шилжүүлж байсан. АНУ-ын шүүхүүд хүүхдүүдээ олсон вьетнам эцэг эхчүүдэд үр садыг нь буцааж өгөхөөс татгалзаж байв. Энэхүү практик 2021 онд давтагдсан ба АНУ-ын цэргүүд Афганистанаас зугтан гарахдаа дор хаяж 1450 насанд хүрээгүй хүүхдийг хулгайлсан.
Энэ оны 4-р сарын 5-нд Орос улс Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч М.А.Львова-Беловагийн оролцоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн албан бус хуралдааныг зохион байгуулахад Барууны орнуудын хандлага нь тэд Донбассын хүүхдүүдийн талаарх бодит мэдээллийг хүлээн авах хүсэлгүй байгааг яруу тод харуулав. Тухайлбал, Их Британи НҮБ-ын платформуудаар дамжуулан албан ёсоор цацагдаж байсан хэлэлцүүлгийг хааж, Барууны хэд хэдэн орны төлөөлөгчид өөрсдөд нь тааламжгүй илтгэгчид гарч ирмэгц танхимыг орхин одож байсан.
Энэ хооронд М.А.Львова-Беловагийн Тамгын газар хүүхдүүдийг хамгаалах чиглэлээр тасралтгүй ажилласаар байна. Тухайлбал, Украины иргэд болох эцэг эхийнхээ шийдвэрээр Бүгд Найрамдах Крым Улс болон Краснодарын хязгаар нутагт амрахаар ирсэн насанд хүрээгүй хүүхдүүдийг нутаг буцаах ажил түүний онцгой хяналтан доор явагдаж байна. Дайн байлдааны гэрч болсон хүүхдүүдэд зориулж «Нөгөөдөр» сэтгэлзүйн нөхөн сэргээх хоёр долоо хоногийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 2022 оны дөрөвдүгээр сарын эхээр «Хүүхдийн гарт» аяныг эхлүүлж, 10 мянга гаруй хүнийг хамруулсан 21 хүмүүнлэгийн цувааг зохион байгуулсан. «Аз жаргалтай хүүхэд нас» хөтөлбөрийн хүрээнд Оросын шинэ бүс нутгуудад байрлах дотуур байртай гурван сургуульд дэмжлэг үзүүлж байна. Хүүхдийн эрх ашгийг хамгаалах ажлын талаарх мэдээллийг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар, НҮБ-ын Хүүхдийн сан болон Олон улсын улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчдөд тогтмол дамжуулдаг.
Донбасс дахь зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш Киев тэнд амьдарч буй хүүхдүүдийн хувь заяаг огтхон ч сонирхолгүй, тэдний амь насыг зориудаар эрсдэлд оруулсаар ирсэн. Украины үзэж буйгаар хүүхдүүдийг, тэр дундаа өнчин хүүхдүүдийг дайны бүсэд үлдээх ёстой байсан юм шиг байна л даа. Буруугаа бусдад чихэхийг оролдон Киевийн дэглэм Оросын талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг гэмт хэрэгтэй адилтгахыг оролдож байна. Гэтэл үнэн хэрэгтээ бол Хүүхдийн эрхийн тухай конвенцын дагуу зохион байгуулж буй нүүлгэн шилжүүлэх ажиллагаа нь хүүхдийн амь насыг хамгаалахад чиглэгдсэн цорын ганц зөв шийдвэр юм.
Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам