Т.БАТСАЙХАН
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Сонгинохайрхан дүүргийн ээжүүдэд Алдарт эхийн одон гардуулав. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Төв аймгаас сонгогдсон гишүүдтэй хамт тус аймагт ажиллаж, иргэдтэй уулзан, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танилцуулав. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ “E-Mongolia 3.0” системийн албан ёсны нээлтэд оролцов. Үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Энэ жил 10785 ээж Алдарт эхийн одон хүртэнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа. Энэ жил улсын хэмжээнд 10785 ээж Алдарт эхийн одон хүртэж байгаагийн олонх нь 36 орчим насныхан байна. Нийслэлийн есөн дүүргийн 4696 ээж, үүнээс нэг зэргийн одонг 297, II зэргийн одонг 4399, 21 аймгийн 5979 ээж, үүнээс I зэргийн одонг 471, II зэргийн одонг 5508, Гадаадын улс орнуудад оршин суугаа 110 ээж, үүнээс I зэргийн одонг тав, II зэргийн одонг 105 ээж хүртэж байна. Ерөнхийлөгч үр хүүхдээ зөв сэтгэлтэй, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг иргэн болгон өсгөж хүмүүжүүлсэн гавьяа зүтгэлийг Монгол төр алдаршуулж байгааг хэлэв. Мөн Хүүхдийн мөнгө олгож буй нь нийгмийн халамж бус, харин хүн амаа өсгөх, эх үрсээ дэмжих, хүүхдийн хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт, төрийн бодлого гэж үздэгээ илэрхийллээ.
Төрийн албаны цалинг долдугаар сарын 1-нээс нэмэхээр төлөвлөжээ
УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутаг, нийслэлд төрийн албаны ижил төстэй байгууллагууд дахь цалингийн хэт ялгавартай байдлыг арилгаж, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг эхний ээлжинд нэмэгдүүлэхээр болсон талаар мэдэгдэв. Тэрбээр УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын хамт өчигдөр Төв аймгийн Жаргалант сумын иргэд, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон төрийн албаны шинэчлэлийн талаар мэдээлэл танилцуулж, саналыг нь сонслоо. Уулзалтын үеэр Жаргалант сумын төрийн албан хаагчид цалингийн суурийг нэмэгдүүлэх, залуусын нийгмийн баталгааг хангах шаардлагатай байгаа талаар саналаа илэрхийлсэн. Мөн орон нутагт эрүүл мэнд, боловсролын салбарт хүний нөөцийн хомсдол нүүрлээд буйг нэн яаралтай шийдэх шаардлагатай байгааг хэлж байлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдын цалинг хоёр үе шаттайгаар долдугаар сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлэхээр тооцоо судалгаа хийж буй талаар мэдээлэл өглөө. Нэн тэргүүнд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид, хамгийн бага суурь цалинтай тухайлсан салбаруудад энэ бодлого чиглэснээр цалингийн хэт ялгавартай байдлыг арилгана гэдгийг тодотголоо.
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийг бухимдуулсандаа хүлцэл өчье
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ “E-Mongolia”-гийн шинэчлэгдсэн хувилбар болох “E-Mongolia 3.0” системийг албан ёсоор нээж үг хэллээ. Тэрбээр ““E-Mongolia” систем ухаалаг болж хөгжих тусам, цаасан мэдээлэл цахимжиж, нээлттэй болох тусам, төр иргэн, хувийн хэвшил мэдээлэл солилцох тусам авлига, хүнд суртал, далд эдийн засгийн ертөнц нуран унах болно. Өмч хувьчлалаас ашигт малтмалын лиценз хүртэл, Хөгжлийн банкны зээлээс нүүрс, зэсийн хулгай хүртэл, нийслэлийн газрын наймаанаас төрийн сангуудын булхай хүртэл, өнгөрсөн 30 жилд болж өнгөрсөн асуудал цахимжиж шилэн болсноор иргэдийн мэдэх эрх хангагдаж, нийгэм өөрийн үнэлэлт дүгнэлтийг өгсөөр байна. Засгийн газар мэдээллийг ил тод болгож, цахимжуулснаар иргэдийг бухимдуулсан олон үйл явдал ээлж дараалан болж байгаад хүлцэл өчье. Гэхдээ цахимжаагүй бол бид энэ бүхнийг хэзээ ч мэдэхгүй өнгөрч болох байсан. Ил тод болоогүй бол системийн авлига хэчнээн удаан хугацаанд бидний боломжийг шимэгчлэн амьдрах байсныг таашгүй. Өнөөдөр бухимдалтай ч, ил тод маргаашийн төлөө бид үүнийг заавал хийх учиртай. “Цахим Монгол” төслийн ач холбогдлын амин сүнс үүнд оршино. Иргэд, хувийн хэвшил, төр засаг хамтдаа авлигын гав гинжийг тасалж, иргэдэд хүртээмжтэй эдийн засгийн эрүүл бүтцийг авчрах учиртай гэж Ерөнхий сайд онцоллоо. Мөн эдийн засгийн өсөлтөө сайжруулж, авилга хээл хахуулийг халж, сайн засаглалыг бүрдүүлэхэд иргэдийн оролцоо нэн чухал. Үүний тулд иргэн бүр цахим гарын үсгээ авч цахим шилжилт болон Засгийн газрын авлигын эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулахыг Ерөнхий сайд уриаллаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 105 (7090)