Орчуулсан З.БАТЦЭЦЭГ

 

Д аминдэм нь хүний бие дэх кальци, фосфорын солилцоог зохицуулж, ясны эрүүл мэндийг хангадаг тосонд уусдаг витамин юм. Энэ нь хүүхдэд рахит үүсэхээс сэргийлж, насанд хүрэгчдийг ясны сийрэгжилтээс хамгаалдаг.

Үүнээс гадна Д витамин нь дархлааны системийг бэхжүүлж, склероз, чихрийн шижин зэрэг зарим өвчний эрсдлийг бууруулахад тусалдаг. Мөн өнгөрсөн жил Финландын эрдэмтэд Д витамин нь хөхний, цусны, бүдүүн гэдэсний хорт хавдраас ч хамгаалж чадна гэдгийг баталжээ.

Д аминдэмийг авахын тулд наранд илүү удаан байх хэрэгтэй. Зуны улиралд "аюулгүй" цагт буюу 11:00 цагаас өмнө эсвэл 16:00 цагаас хойш илүү сайн байдаг.

Намар, өвлийн улиралд нарны гэрэл дутагдсанаас Д аминдэмийн дутагдал ихэвчлэн тохиолддог. Д аминдэмийн дутагдал нь байнга ханиад томуу хүрэх, аутоиммун эмгэг, зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Хүүхдэд Д аминдэм нь ясны өсөлт, хөгжил, зөөлрөх сулралтай холбоотой өвчин болох рахит үүсэхээс сэргийлдэг. Өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд шүд цоорох, болон буйлны эмгэг үүсгэдэг. Үүнээс гадна витамин нь ясны сийрэгжилтээс  хамгаалж, хугарлын эдгэрэлтийг түргэсгэдэг.

 

Зарим нэг батлагдаагүй, буруу мэдээлэл

 

-Нарны гэрэл хангалттай хэмжээний Д аминдэмээр хангадаг.

Энэ нь яг тийм биш юм. Өдрийн ихэнх цагт хүмүүс байшинд байх хандлагатай тул витаминыг "хангалттай" авах цаг байдаггүй. Үүнээс гадна арьсны витамины нийлэгжилтэд саад учруулдаг нарнаас хамгаалах тосыг олон хүмүүс хэрэглэдэг.

-Их хэмжээгээр хэрэглэх нь аюулгүй

Зарим эмч нар хөгшрөлтийг удаашруулахын тулд Д аминдэмийг өндөр тунгаар өвчтөнд зөвлөдөг. Үнэн хэрэгтээ витамины тун хэтрэх эрсдэлтэй бөгөөд энэ нь хордлого өгөх, хэвлийгээр өвдөх, өндөр настай хүмүүст тэнцвэр алдагдахад хүргэдэг.

 

Д аминдэмийг хэрхэн зөв хэрэглэх вэ?

 

Д аминдэмийг янз бүрийн эх үүсвэрээс авч болно. Гэхдээ нарны гэрлийн оновчтой хослол буюу зуны улиралд өдөрт ердөө 15-20 минут наранд байх нь хангалттай. Дээр нь өндөг, мөөг, тослог загасыг хоолны дэглэмд оруулах, мөн хүнсний нэмэлт тэжээлээр авч болно.

Д аминдэмийн өдөр тутмын хэрэглээ нь нас, хүйс болон бусад хүчин зүйлээс хамаарна. Манай улсын хувьд насанд хүрсэн хүнд өдөрт 2000 IU витамины тун хангалттай байдаг. Хүүхдүүдийн хувьд хүүхдийн эмчтэй үргэлж зөвлөлдөх нь чухал. 

Д аминдэмийг хэтрүүлэн хэрэглэх нь аюултай. Зөвхөн эмчийн заавраар өндөр тунгаар аминдэмийг авна. Гол нь аминдэмийн ямар тун нь эрүүл мэндэд аюултай вэ гэж ярих биш, харин цусан дахь энэ витамины концентрацийн талаар ярих явдал юм. Өнөөдөр цусан дахь Д аминдэмийн аюултай түвшин 120-150 нэгж ба түүнээс дээш байдаг гэж үздэг. Энэ нь цусан дахь кальцийн концентраци нэмэгдэж, улмаар эрүүл мэндийн асуудалд хүргэдэг. Тухайлбал, дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, хэвлийгээр өвдөх, сул дорой байдал, ядрах, ухаан алдах, бие өвдөх, цусны даралт ихсэх, зүрхний хэм алдагдалд хүргэнэ.

Биологийн хувьд энэ нэгдэл нь гармон бөгөөд бидний бие махбод дахь олон зуун генийн үйл ажиллагаатай холбоотой тул янз бүрийн өвчний үед эрүүл мэндийг сахих үүрэг нь байнга боловсронгуй болж байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 103 (7088)