Б.НАНДИН

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдахь шатны санал хураалт ирэх ням гаригт болно. Ирэх таван жилд улс орныг удирдах төрийн тэргүүнийг сонгох энэхүү шийдвэрлэх сонгуульд одоогийн ерөнхийлөгч Т.Эрдагон болон сөрөг хүчний удирдагч К.Кылычдароглу нар өрсөлдөж буй. 
Энэ сарын 14-нд буюу арав хоногийн өмнө болсон сонгуулийн санал хураалтад гурван нэр дэвшигч өрсөлдсөнөөс дээрх хоёр нэр дэвшигч сонгогчдын хамгийн олон саналыг авсан. Туркийн Сонгуулийн хуулийн дагуу аль нэг нэр дэвшигч 50 хувиас дээш санал авч ерөнхийлөгч болох учиртай. Тиймээс хоёр нэр дэвшигчийн дунд дахин санал хураалт явуулах шийдвэрийг Сонгуулийн төв хорооноос гаргасан билээ. Хоёр нэр дэвшигчийн саналын тоо маш ойрхон буюу дөрвөн хувийн зөрүүтэй байгаа учир гуравдугаарт бичигдсэн нэр дэвшигчид санал өгсөн дэмжигчид хэнийг дэмжихээс Туркийн ирээдүйн ерөнхийлөгч тодорно гэж үзэж болно. Тэгвэл эхний удаагийн сонгуульд гуравдугаарт бичигдсэн нэр дэвшигч Оган Синан одоогийн ерөнхийлөгч Т.Эрдагоныг хоёр дахь шатны санал хураалтад дэмжиж буйгаа “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ. Өдгөө 69 настай Т.Эрдагон өмнө нь тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаад 2014 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ. 

Эх сурвалж: www.polit.mn