Т.САЙХАН
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар Төрийн ордонд албан ёсны уулзалт, хэлэлцээ хийв. Хэлэлцээрийн дараа Ерөнхийлөгч нар хамтарсан мэдэгдэл хийсэн юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: -Бид албан ёсны хэлэлцээрийн үеэр Монгол Францын хамтын ажиллагааны талаар болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдлын тухай хамтын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ. Мөн хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг үе шаттай ахиулж стратегийн түншлэлд хүрэх талаар ярилцлаа.
Монгол Улс Европын холбоотой байгуулсан түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц улстай эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал стратеги зорилтуудын нэг мөн гэдгийг нотоллоо. Уулзалт хэлэлцээний үеэр Францын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын харилцааны бэлэг тэмдэг болсон, харилцан ашигтай стратегийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхийг нотлохын зэрэгцээ хөдөө аж ахуй, байгаль орчин, гамшигтай тэмцэх, эрүүл мэнд, боловсрол, соёл шинжлэх ухаан, эрчим хүч, гадаад харилцаа холбооны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх зорилтын хүрээнд цөмийн энерги эрчим хүчний салбарт хамтран ажиллах, Монгол Улсын үндэсний хиймэл дагуулыг Франц улстай хамтран хэрэгжүүлэхэд санал нэгдлээ.
Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон: -Биднийг халуун дулаанаар, сайхан хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Холын зай биднийг хэдий салгавч найман зууны түүх биднийг холбож байна. Анхны харилцаагаа тогтоох гэж энэ хүмүүс шинийг нээх хүсэлдээ хөтлөгдөн аюул бүхнийг даван туулж, эр зоригийг үзүүлж бүхий л сорилт туршилтууд шийдэмгий сөрж чаджээ. Одоо ч гэсэн бидэнд тулгараад буй нийтлэг сорилтуудыг үүнтэй адил сэтгэлээр даван туулаасай гэж хүсэж байна.
Бид дөнгөж сая үр дагавар нь зөвхөн Европоор хязгаарлагдаагүй ОХУ-ын Украинд явуулж буй дайны талаар дурдлаа. Түрэмгийлэлд өртсөн улсыг дэмжих шийдэмгий байр сууриа, олон улсын хууль тогтоомжийн дагуу Европ тивд энхтайваныг буцаан авч ирэх зорилтынхоо талаар мөн танилцууллаа.
Энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, хууль дээдлэх ардчилсан тогтолцоонд суурилсан бүрэн эрхт ёсыг эрхэмлэдэг танайд ч, манайд ч цаазын ялыг халснаар Монгол Улс олон улсын энхтайван, аюулгүй байдлыг тогтоож байдаг олон талт системд бүрэн хувь нэмэр оруулдаг. Үүнд баяр хүргэе. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, нүүрсээс татгалзах, хүнсний хараат байдлаа хангах зэрэгт дэмжихэд бэлэн. Франц улс 2026 онд цөлжилттэй тэмцэх конвенцын уулзалтыг Монголд зохион байгуулахыг бүрэн дэмжинэ. Түүнчлэн эдийн засгийн салбарт хэд хэдэн төслийг бэхжүүлэхээр зорьж байна.
Энэ жил Франц хэлийг Монголд зааж эхэлсний 60 жилийн ой тохиож байна. Тавьсан зорилтдоо хүрэхийн тулд бид тэтгэлгийн хөтөлбөр боловсруулах бөгөөд Ерөнхийлөгч таны санаачилсан тэтгэлгийн хүрээнд Франц Монгол хооронд зорчих үйл явцыг хөнгөвчлөх юм.
Эрхэм Ерөнхийлөгч таныг аравдугаар сард Франц Улсад ирэхэд маш их баяртай байх болно. Чингис хааны үзэсгэлэнг Францад нээхэд тэнд тантай уулзахад таатай байна. Бидний хамтын ажиллагаа ирэх сард бус ирэх онуудад бэхжих юм. Биднийг сайхан хүлээж авсанд дахин талархал илэрхийлье" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn