Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа 10 орны нэгээр Монгол Улсыг нэрлэжээ. Манай улсын усны нөөцийн 98 хувь нь гадаргын ус байдаг. Үүний 60 хувь нь гадагш урсацтай. Харин газрын доорх ус хоёр хувь байдаг аж. Монголчууд бид өдөрт 1.5 сая шоо метр ус ашигладаг. Дээрх усныхаа 80 хувийг газрын гүнээс авдаг. 2050 он гэхэд Улаанбаатар хот ундны усгүй болох аюул нүүрлээд буйг судлаачид сануулсаар байгаа. Тиймээс үүнтэй холбоотойгоор БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ авто угаалгуудад саарал ус ашиглахыг үүрэг болгосон. Тэрбээр “Машин угаалгад саарал усыг ашиглах нь шинэ асуудал биш. 2020, 2021 онуудад БОАЖ-ын сайдын албан даалгавар тушаал удаа дараа гарч холбогдох автомашин угаалгын газрууд болон бусад яамд хэрэгжилтийг хангуулахаар ажилласан байдаг. Монгол Улсын Засгийн газрын тогтоол нэгэнт гарсан бол хэрэгжих ёстой” гэв. Салбарын сайдын тушаалаас харвал “Саарал усны систем, ерөнхий шаардлага-2015 стандарт, “Цэвэршүүлсэн ус дахин ашиглах тухай-2018" стандартууд байдаг аж. Мөн 2019 оны тавдугаар сарын 1-ээс эхлэн саарал ус ашиглах Засгийн газрын тогтоол гарсан байна. Тэгвэл саарал ус ашиглах сайдын тушаалын мөрөөр сурвалжиллаа.

БЗД-ийн XIX хорооны баруун талд байрлах авто угаалгаар оройны 18:00 цагийн үед орвол “Alphard” болон “prius 30” маркийн хоёр машиныг угааж байв. Тэд машин угаалгадаа цэвэр ус ашигладаг гэнэ. Энэ тухай авто угаалга түрээслэгч Х.Оюунсүрэн “Манайх төвийн шугамаас усаа авдаг. Өдөрт ихдээ 10 гаруй машин угаадаг. Нэг машин угаахад ойролцоогоор 80-100 л ус зарцуулдаг. Авто угаалгууд саарал ус ашиглах сайдын тушаал гарсан. Үүнтэй холбоотойгоор саарал усны төхөөрөмжийн үнэ ханшийг судалсан. Ингэхэд 30-50 сая төгрөг байсан. Өдөрт 100-250 мянган төгрөгийн орлоготой, түүнээсээ түрээс, ажилчдын цалин олгодог бидэн шиг хүмүүс энэ төхөөрөмжийг авч чадахгүй. Мөн тэр саарал усыг нь хаанаас яаж татаж хэрэглэхээ ч мэдэхгүй байна. Ашигласан усаа хуримтлуулж дахин ашигла гэсэн үг юм уу. Эсвэл цэвэрлэх байгууламжаас саарал ус татаж ашиглах юм уу. Ойлгохгүй байгаа” гэв.

Харин Б.Мөнхбадрах Солонгос улсад 10 гаруй жил уурын авто угаалгад ажиллажээ. 2021 онд эх орондоо ирж “Clean boy” нэртэй уурын авто угаалгыг нээсэн байна. Тэрбээр  Солонгосын стандартаар саарал ус хэрэглэх гэсэн боловч бүтэлгүйтжээ. Энэ тухайгаа  “Манай авто угаалга цэвэр ус ашигладаг. Нэг машин угаахад бага буюу 6-12 л ус хэрэглэж байна. Солонгост авто угаалгууд нь саарал ус ашигладаг. Тиймээс сайдын тушаалын дагуу саарал ус хэрэглэе гэж шийдэн цэвэрлэх байгууламжаас саарал ус авчирч туршиж үзсэн. Гэвч маш муухай үнэртэй ус байсан. Бүр угаасан машинаас үмхий үнэртээд байсан. Солонгост бол саарал усны шугамыг авто угаалгуудын дор байршуулж өгдөг. Харин манайд хэрэглээнээс гарсан буюу усанд орсон, аяга таваг угаасан усны шугам байдаггүй юм байна лээ” гэв.

Нийслэлийн хэмжээнд 240 автомашин угаалгын газар бий. Тэд нэг автомашин угаахад 100 литр ус зарцуулдаг байна. Ингэхээр авто угаалгын газрууд өдөрт 2000 тонн орчим цэвэр ус хэрэглэдэг гэсэн үг. Энэ талаар УСУГ-ын хэвлэлийн төлөөлөгч н.Солонго “Бид 2010 оноос шинээр нээгдэж байгаа авто угаалгуудад цэвэр ус татахыг хориглосон. Манайхтай хамтран ажилладаг авто угаалгын газрууд саарал ус ашигладаг” гэв.  Бид 10 гаруй авто угаалгаар орсон  боловч  нэг нь ч саарал ус хэрэглэж байсангүй. Харин саарал усны үнэрийн талаар Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү  “Саарал усыг ундны уснаас бусад бүх зүйлд ашиглах боломжтой юм. Бид 2016, 2017, 2018 онд цэвэрлэх байгууламжийн хур лагийг цэвэрлэсэн. Одоо бараг үнэртэхгүй болчихсон” хэмээн хэвлэлд ярьсан байдаг.

Тэгвэл энэ тушаал захирамжийг БОАЖ-ын сайд авто угаалгуудад тавьсан ч хэрэгжиж чадахгүй л байна. Сүржин нэртэй тогтоол, тушаалаас илүү авто угаалгуудтай хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцох нь зүйтэй байх. Саарал усны төхөөрөмжөөс илүү нэг машин угаахад 6-12 литр ус зарцуулдаг уурын авто угаалгын төхөөрөмж нь илүү хямд хэрнээ үр ашиг сайтай байж ч магадгүй юм. Сонирхуулахад,  нийслэлийн хэмжээнд 34 автомашин угаалгын газар саарал ус дахин ашиглах тоног, төхөөрөмж суурилуулжээ. Гэхдээ 100 хувь үүнийгээ ашигладаггүй байна. Харин саарал усыг цэвэршүүлэн, дахин ашиглаж байгаа аж ахуй нэгжүүд бий. Тухайлбал, MCS, АПУ, "Би Цэ Трейд "ХХК саарал усыг цэвэршүүлэн, нийслэлийн ногоон байгууламжийн усалгаанд хэрэглэдэг ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 101 (7086)