Ч.Гантулга
Хэрэв та энэ амралтын өдрүүдээр тоглолт үзэж алжаалаа тайлахыг хүсч байвал УДБЭТ-ыг зориорой. Учир нь тус театрын уран бүтээлчид 20, 21-нд А.И.Чайковскийн алдарт “Хунт нуур” бүжгэн жүжгийг толилуулах аж. Пётр Ильич Чайковский энэ бүжгэн жүжгээ 1875-1876 онд бичсэн. Үзэсгэлэнт гүнж Одеттагийн тухай Германы эртний домгоос сэдэвлэн бичсэн ийм жүжиг юм. Дэлхийд анх 1877 оны хоёрдугаар сард бүжиг дэглээч Юлий Райзингер гэж герман хүний найруулгаар, "Хунгийн нуур" нэртэйгээр Москвагийн Их театрт тавигдсан байдаг. Харамсалтай нь эхний жилдээ олигтой амжилтад хүрээгүй гэдэг. Удирдаач нар болон бүжигчид, мөн үзэгчид ч уг балетыг хөгжмийн хувьд ихээхэн ярвигтай хүнд, бүжиглэхэд ч хэцүү байна гэж үзэцгээсэн тухай судлаачид тэмдэглэсэн байх юм.
Харин Чайковскийг нас барсны дараа бүжгэн жүжгийг нь1895 оны нэгдүгээр сард Санкт- Петербург дэх Маринскийн театрт шинээр найруулан тавьсан байдаг. Чайковскийн эх бүтээлийг Петербургийн "Балет империал театр"-ын ерөнхий найруулагч, хөгжмийн зохиолч Рикардо Дриго, алдарт бүжиг дэглээч Мариус Петипа, Лев Иванов нар бүжиг дэглэлт болон хөгжмийн аль аль талаас нь засварлан шинээр найруулан тавьсан нь дэлхийн театруудын тайзыг байлдан дагуулсан байна. Харин манай үзэгчид энэхүү бүтээлтэй 1971 онл анх танилцсан байдаг. Монголын хамгийн анхны тэргүүн хун бол Ардын жүжигчин Ю.Оюун агсан билээ. Монголын театрын тайзнаа энэхүү бүжгэн жүжгийг тавихаар орос мэргэжилтэн иржээ. Тэрбээр Ю.Оюуныг “Би тэргүүн хунгаа олчихлоо” гэж уулга алдсан гэдэг.Энэ цагаас хойш “Хунт нуур” балет УДБЭТ-ын урын санд багтаж, өнөөдрийг хүртэл олон бүжигчдийн ур ухаан, авьяасыг сорьсоор байгаа юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 100 (7085)