Т.Батсайхан
Засгийн газар, МҮХАҮТ хамтраад жил бүр “Үндэсний шилдэг ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг шалгаруулдаг. Энэхүү “ТОП-100”-г энэ жил 22 дахь удаагаа тодрууллаа. Ингэж тодруулж, шагнал гардуулах үйл ажиллагаа нь өчигдөр болов.
Энэ жилийн шалгаруулалт өмнөхүүдээс өөрчлөгджээ. Төрийн компаниудыг шалгаруулсангүй. 2022 оны “ТОП-100”-гийн эхний аравт “Оюу толгой” ХХК, Хаан банк, “Энержи ресурс”, “Голомт” банк, НИК ХХК, Худалдаа хөгжлийн банк, АПУ ХК, “Шунхлай” ХХК, “Мобиком корпораци” ХХК, МАК ХХК шалгарчээ. Үүнээс өмнөх хоёр жилийг л харахад 2021 оны “ТОП-100”-г "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, ХААН банк, “Голомт” банк , УБТЗ ХНН, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, НИК ХХК, “Энержи ресурс” ХХК, 2020 оны “ТОП-100”-г "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюу толгой” ХХК, ХААН банк, “Энержи ресурс” ХХК, УБТЗ ХНН, Худалдаа хөгжлийн банк, “Ти Ти Жи Вм Си Өү” ХХК, “Голомт” банк зэрэг аж ахуйн нэгжүүд өнгөлж байв. Өөрөөр хэлбэл, энэ жил "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, УБТЗ ХНН зэрэг төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд хасагдсан байна.
Энэ талаарх “тайлбар”-ыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус арга хэмжээн дээр хэлжээ. Тэрбээр “Шинэ сэргэлт бол шинэ хандлага юм. Шилдэг 100 аж ахуйн нэгжүүдийн шалгаруулалтад төрийн өмчит компаниудыг оролцуулж, хувийн хэвшилтэй өрсөлдүүлэхийг Ерөнхий сайдын хувьд татгалзсан. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар сайд нарын болон төрийн байгууллагуудын үнэлгээг эдийн засгийн болон бизнесийн орчныг сайжруулах олон улсын шалгуур үзүүлэлтээр үнэлдэг байх жишигт шилжлээ.
Өнөөдөр шилдэг 100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтад анх удаа уул уурхайн бус экспортын салбарыг уул уурхайн салбараас тусад нь ангилж, шилдэг старт апп, шинжлэх ухаан технологийн дэвшил, шинэ инновац, ноу-хау нэвтрүүлсэн байдал, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг шинэ салбарыг бодлогоор дэмжихийг эрмэлзлээ” гэсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ТОП-100” аж ахуйн нэгжид хандаж “Өчигдрөө дүгнээгүй бол өнөөдөр, маргаашийг тодорхойлж чаддаггүй гэдэг. Цар тахлын болон геополитикийн энэхүү ээдрээт цаг үед улс орон бүхэн өөрийн давуу болон сул талыг эргэн дүгнэн хэлэлцэж, иргэд, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд хамтдаа зөвшилцөж байна.
Монгол Улсыг ч энэхүү сорилт тойроогүй ээ. Өнгөрсөн 30 жилийн хамгийн хүндрэлтэй, тодорхойгүй, дэлхийн хэмжээний эдийн засгийн том сорилттой өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд Та бид хамтдаа нүүр тулсан.
2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага амьсгалын замын аймшигт халдварт өвчин гарсныг зарлаж, 2019-СoV гэж бүртгэж байгаагаа мэдэгдсэн.
2020 он гарч гуравдугаар сарын 11-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ бол Ковид-19 хэмээх цар тахал хэмээн олон улсад зарлаж, улс орнууд хилээ хааж, нислэгээ цуцалж, хатуу хөл хорио тогтоож, эдийн засаг унаж эхэлсэн.
2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсад Ковид-19 цар тахлын анхны тохиолдол бүртгэгдэж, хатуу хөл хорионд шилжсэн.
Экспорт тасалдаж, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж эдийн засаг-4.7 хувь, улсын төсөв 23 хувиар тасарч, олон мянган ажлын байр эрсдэлд орсон.
2021 оны хоёрдугаар сарын 23-нд Монгол Улсад вакцинжуулалт эхэлж, эдийн засгаа үе шаттай нээхийг хамтдаа эрмэлзсэн. Худалдаа аж үйлдвэрийн танхимд, мөчлөг сөрсөн Их сэргэлт, Монголбанканд банкны салбарынхантайгаа дараалсан уулзалтууд хийж, ажлын байрыг хадгалах хөнгөлттэй зээл, уул уурхайн салбарынхантай экспортын боомтуудыг өргөтгөх, хүнсний салбарынхантай дотооддоо хүнсээ үйлдвэрлэх зэрэг олон уулзалт хамтран хийсэн.
Энэ бүх уулзалт, ярилцлага, оролцооны дундаас “Шинэ сэргэлтийн бодлого” мэндэлж, хил хаалттай, цар тахлын нэн оргил үед Оюутолгойн гүний уурхайн эхний тэсэлгээ хийгдэж, боомтуудаа автозам, төмөр замаар холбох ажлуудыг эрчимжүүлж, төрд үүрлэсэн авлигын гинжийг тасалж, далд эдийн засгийг ил болгохын төлөө бид хамтдаа хичээсэн.
2022 оны хоёрдугаар сарын 14-нд цар тахлын хязгаарлалтаа Монгол Улс бүс нутагтаа хамгийн түрүүнд цуцалж чадсан. Саяхан 2023 оны тавдугаар сарын 05- нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсад цар тахлын хязгаарлалтыг цуцалсан гэхээр бид нэг жил гурван сарын өмнө түрүүлж эдийн засгаа нээж чадсан.
Харамсалтай нь Монгол Улсад цар тахлын хөл хорио тавигдсанаас хойш яг 10 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 24-нд дайн эхэлсэн. Энэ хүндрэл одоо ч үргэлжилж байна. Гэхдээ бид цар тахлыг даван туулсан шигээ, дайны нөхцөл байдлыг ч хамтын хүчээр даван туулж чадна.
Өчигдөр Үндэсний статистикийн хорооноос эдийн засгийн зарим үзүүлэлтүүдийг авлаа. 2020 онд хасах 4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5000 ам долларт хүрч, улсын төсөв 1.1 их наядаар даван биелж, валютын нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрч ханш тогтворжиж, төлбөрийн тэнцэл эерэг гарч, экспорт цар тахлын өмнөх түвшинд хүрлээ.
2022 оны арванхоёрдугаар сард “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, 2023 оны тавдугаар сард “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өрийг бүрэн төлж, Монгол Улс гадаад өрийн дампуурлаас гарч, зээлжих зэрэглэлээ “B тогтвортой” түвшинд хадгалж чадлаа.
Нэн эгзэгтэй цаг үед ачааны хүндийг нуруундаа үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэсэн.
Тэгэхээр энэхүү 22 дахь удаагийн “ТОП-100” аж ахуйн нэгжийн шалгаруулалтаас нэг зүйл тодорхой харагдлаа. Төр либералчлагдах нь тодорхой болж байх шиг байна. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо, олон нийтийн хяналтыг сайжруулж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаат компани болгох ажлыг үе шаттай эхлүүлээд байна. Мэдээж энэ ажил Хөрөнгийн биржээс өөрөөс нь эхлэх нь ойлгомжтой. Төр өөрөө ресторан,зоогийн газар, амралт сувиллын газар ажиллуулж, хувцас оёж, машин засахаас эхлээд хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг үе шаттай өөрчилж байна. Төрийн хэмнэлтийн хуулиас эхлээд Төрийн ордонд GS25 ажиллаж байгаа зэрэг олон шүүмжлэл дагуулж байгаа ч энэ бол зөв хандлагын эхлэл юм. Төр, хувийн хэвшил хамтран богино хугацаанд шийдэл гаргаж чаддагийн энгийн нэг илэрхийлэл нь өнгөрсөн жилийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн явдал байлаа. Төр цаашид уул уурхайн олборлолт, төрийн эзэмшлийн банкууд, онгоцны нислэгийн менежментийг дэлхийн түвшинд нийцүүлэн үндэсний болон олон улсын мэргэжлийн багаар удирдуулах ажлыг энд ондоо багтаан зохион байгуулах болно” гэлээ. Бас “Бид хоорондоо биш дэлхийтэй, хийрхлээр биш хиймэл оюун ухаанд суурилсан урт хугацааны шийдлээр, хоосон амлалт, худал популизмаар биш, үнэн байдал, прагматик чиг хандлагаар л богино хугацаанд хөгжиж чадна. Үндэсний их баяр наадмын үеэр “Welcome to Mongolia” уриан дор “Монголын эдийн засгийн форум” зохион байгуулагдаж, дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид манай улсыг зорин ирэх болно.
Дэлхийн хөгжингүй улс орнууд, Азийн баруудын үсрэнгүй хөгжлийн гарааны эхлэл цэг нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10.000 ам.доллар байсан билээ.
Бид 5000 ам.долларт хүрлээ. Одоо хамтдаа ганцхан том алхах үлдсэн. Эдийн засгийн өсөлтөө жил бүр 8-10 хувьд хадгалахын төлөө, экспортоо төрөлжүүлэн хөгжүүлэхийн төлөө, валютын нөөцөө таван тэрбум ам.долларт хүргэхийн төлөө, төлбөрийн тэнцлээ жил бүр эерэг байлгахын төлөө, үнийн өсөлтийг нэг оронтой тоонд барихын төлөө, 50 их наядын эдийн засгийн эргэлтээ 100 их наядад хүргэхийн төлөө, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10.000 ам.долларт хүргэхийн төлөө иргэд, аж ахуйн нэгж, төр засаг хамтдаа өглөө бүр эртлэн босч, өдөр бүр идэвхитэй ажиллацгаая” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, өчигдрийн үйл ажиллагааны талаар “ТОП-100”-д ингэж “салхи” орсноор Төр либералчлагдах нь тодорхой болов” гэсэн дүгнэлтийг экспертүүд хийж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 100 (7085)