Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Цар тахал болон бусад хүчин зүйлсээс шалтгаалан өнгөрсөн онд ам.долларын ханш 3500 төгрөгтэй тэнцсэн. Үүнийг дагаад иргэд төгрөгийн хадгаламжаа валютын хадгаламж болгох нь ихэссэн. Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сард төгрөгийн хадгаламж 12.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэсээ 2.7 тэрбум төгрөгөөр багассан юм. Харин валютын хадгаламж 4.6 их наяд болж өмнөх үеийнхээс 611 тэрбумаар нэмэгджээ. Гэвч он гарсаар эдийн засаг сэргэж ам.долларын эсрэг төгрөг чангарч эхэллээ. Тэгвэл хадгаламжаа валют болон төгрөг болгохын аль нь ашигтай байна вэ.
Валютын ханш чангарахын хэрээр ам.доллар аваад тодорхой хугацааны дараа эргүүлэн зарж ашиг олох сэдэл олон нийтийн дунд байдаг. Цар тахлын үед төгрөгийн хадгаламжаа ам.долларынх болгосон нь ч олон. Гэвч сүүлийн үед буюу дөрөвдүгээр сараас эхлэн ам.долларын ханш өдөрт 1-5 төгрөгөөр буурч эхэлсэн. Тэгвэл валютын хадгаламжтай иргэд хадгаламжаа хэрхэх вэ. Цаашид ам.доллар өсөхийг хүлээх үү гэдэг эргэлзээ төрж байгаа байх. Тэгвэл манай улсад ам.доллароор ашиг олох санхүүгийн бүтээгдэхүүн бараг байдаггүй юм.
Энэ тухай эдийн засагч Г.Батжаргал “Гадаад худалдаа нэг тэрбум ам.долларын ашигтай гарлаа гэсэн мэдээтэй зэрэгцэн арилжааны банкнууд Монголбанканд ам.доллар худалдан авах хүсэлт биш албан ханшаас доогуур үнээр ч хамаагүй зарах хүсэлт тавих нь ихэссэн. Энэ нь төгрөг эргэж чангарахын дохио. Ханш ч буурсаар байна. Өнгөрсөн жил хүмүүс төгрөгийн хадгаламжаа валютынх болгох нь нэмэгдсэн. Гэхдээ ам.доллароор ашиг олох санхүүгийн бүтээгдэхүүн Монголд бараг байхгүй. Тиймээс ханш суларч иргэд ам.долларын хадгаламжаа буцаагаад төгрөг болгож, төгрөгийн өгөөжтэй бүтээгдэхүүн сонирхох эсвэл хавар болж бизнесийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбоотой байж магадгүй. Нөгөө талаар нүүрсээ биржээр зарах, Оюу толгойн далд уурхайн үйл ажиллагаа эхлэх, гадаад худалдаа ашигтай гарч байгаа зэрэг нь цаашид төгрөг чангарах хүлээлтийг нэмэгдүүлж байна. Арилжааны банкууд юань, ам.доллар зарах хязгаартай байхад өмнө ийм арга хэрэглэж байсан ч тодорхой хугацаанд хэрэгжээд ханш тогтворжихоор хэвийн болдог. Харин хадгаламжийн хувьд одоогийн байдлаар төгрөгийн хадгаламжийн өгөөж нь илүү байна” гэсэн юм. Харин инфляцтай тэмцэх зорилгоор төв банк мөнгөний хатуу бодлого явуулсан. Ингэснээр бодлогын хүү 2017 оны зургадугаар сараас хойшхи хамгийн өндөр түвшин буюу 13 хувьд хүрээд буй. Тодруулбал, банкуудын шинээр татаж буй хадгаламжийн хүү цар тахлын үеэс 4-5 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Тодруулбал, валютын ханш тогтворжиж, төгрөгийн хадгаламжийн хүү өндөр болжээ. Үүнийг дээрх Хаанбанкны хадгаламжийн хүснэгтээс харж болох юм.
Төгрөгийн хадгаламжийн хүү 9.5 хувь байгаа бол валютынх 1.8 байна
Хүснэгтээс харахад төгрөг болон гадаад валютын хүүний зөрүү гурван сарын хадгаламжийн хувьд хамгийн бага буюу жилийн 7.7 хувь байна. Өөрөөр хэлбэл, гурван сарын хугацаанд харгалзах хүүгийн зөрүү 1.925 хувь байгаа юм. Гурван сарын дотор ам.долларын ханш 66 төгрөгөөс ихээр өссөн тохиолдолд л уг шийдвэр ашигтай байх боломжтой. Харин нэг жилийн хугацаатай хадгаламж хийнэ гэж үзвэл ам.долларын ханш жилийн дараа 3795 төгрөг буюу түүнээс өндөр болсон тохиолдолд ам.доллароор хадгалах нь оновчтой байхаар байна. Тэгвэл цаашид ам.долларын ханш хэр өсөх боломжтой вэ.
Банкууд болон Монголбанкны гуравдугаар сарын дундаас хойш ам.долларын ханш 60 гаруй төгрөгөөр буурсан. Төв банкны захад оролцох оролцоог илтгэх үзүүлэлт болох гадаад валютын улсын нөөц 2023 оны дөрөвдүгээр сарын байдлаар 3.691.3 сая ам.долларт хүрч, оны эхнээс 291.6 сая ам.доллар буюу 8.6 хувиар өсөөд байна. Үүнд дараах хүчин зүйлс нөлөөлжээ. Нүүрсний экспорт нэмэгдсэн болон төлбөрийн тэнцэл, Засгийн газар бондыг амжилттай арилжаалж эргэн төлөлтийн дарамтыг бууруулсан нь нөлөөлсөн юм.
2023 оны эхний гурван сарын урьдчилсан байдлаар төлбөрийн тэнцэл 79.6 сая ам.долларын ашигтай гарахаар байгаа юм. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.0 тэрбум орчим ам.доллароор сайжирсан үзүүлэлт юм. Түүнчлэн энэ оны эхний гурван сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос өсөж 5.704 сая ам.долларт хүрсэн. Үүнд экспорт 94 хувиар буюу 1.822 сая ам.доллароор, импорт 15 хувиар буюу 249 сая ам.доллароор өссөн нь нөлөөлөв. Экспортын орлого нэмэгдэх нь төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөлж байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 98 (7083)