Ц.БАЯР

Биткойны үнэ өнгөрсөн долоо хоногт 10 гаруй хувиар буюу 26800 ам.доллар хүртэл унав. Ингэснээр үнэ энэ оны гуравдугаар сарын 17-ны өдрөөс хойших хамгийн доод хэмжээндээ хүрсэн. Лхагва гарагт зарласан АНУ-ын өнгөрсөн дөрөвдүгээр сарын инфляцын мэдээгээр үнэ 28400 ам.доллар хүртэл өссөн боловч аажмаар эргэн унасан. Этэриум (Eth) болон бусад алткойнууд мөн уналтын байдалтай байлаа.

/2023.05.15  15:30 цагаар /

Биткойн сүлжээний ачаалал нэмэгдэв

Хэдийгээр биткойны үнэ уналттай байсан хэдий ч биткойн блокчэйн сүлжээ өнгөрсөн долоо хоногт өндөр ачаалалтай байлаа. Учир нь биткойн сүлжээн дээрх нэг өдрийн гүйлгээний тоо түүхэн дээд хэмжээндээ буюу 682 мянгад хүрэв. Гүйлгээний хэмжээ ийнхүү өссөн шалтгаан нь биткойны хамгийн жижиг нэгж болох сатоши-г1 бүртгэж, дугаарлаж, түүнийг текст, зураг бүхий дата-гаар хангаж “амилуулах” замаар дижитал контент буюу биткойн сүлжээнд NFT бүтээдэг протокол болох биткойн ординалыг олборлох, минтлэх, арилжих эрэлт эрс өссөнтэй холбоотой. Этэриум блокчэйн сүлжээнд бүтээгдсэн уламжлалт NFT-гээс ялгаатай нь биткойн ординал протокол нь дөнгөж 2023 оны нэгдүгээр сард бий болсон, харьцангуй шинэ бүтээгдэхүүн юм.

Нэг бүхэл биткойн бүхий хэтэвчний тоо нэг сая-ын босгийг давав

Нэг бүтэн биткойн бүхий крипто хэтэвч (хаяг)-ний тоо өнгөрсөн Бямба гарагт нэг саяд хүрсэн тухай блокчэйн судалгааны Glassnode платформ мэдээлэв. Гэхдээ нэг хөрөнгө оруулагч хувь хүн, байгууллага хэдэн ч хэтэвч эзэмшиж болох бөгөөд хэтэвчний тооны өсөлт нь биткойн эзэмшигчдийн тооны өсөлтийг шууд илэрхийлэхгүй юм. Крипто судалгааны CoinGlass байгууллагын мэдээлснээр зах зээл дээр одоогоор 19 сая орчим биткойн эргэлдэж байгаа бөгөөд үүний 1.89 сая (50 орчим тэрбум ам.долларын үнэ бүхий) нь Binance, Coinbase гэх мэт томоохон крипто биржүүд дэх хэтэвчнүүдэд байршиж байна. Мөн биткойны нийт нийлүүлэлтийн 17 хувь буюу гурван сая орчим биткойн (80 тэрбум ам.дол-ын үнэ бүхий) сураггүй алга болсон байна.

Binance бирж Канадыг орхив

Гүйлгээний хэмжээгээр дэлхийд хамгийн том Binance бирж Канад дахь үйл ажиллагаагаа зогсоохоор шийдсэн байна. Ийнхүү тус бирж Канадаас гарах болсон үндсэн шалтгаан нь тус улсын хууль эрх зүйн орчин ажээ. Бид Канадын блокчэйний ирээдүйд ихээхэн найдлага тавьж байна. Харин стэблкойн болон крипто биржүүд дэх хөрөнгө оруулагчдын хязгаарлалтууд нь биднийг энэ удаа үйл ажиллагаагаа зогсооход хүргэж байна гэж Баасан гарагт мэдэгдэв.

Канадын Үнэт цаасны хороо энэ оны хоёрдугаар сард шинэ журам гаргасан бөгөөд уг журмын дагуу тус улсад үйл ажиллагаа явуулж буй крипто биржүүд тус хорооны тусгай зөвшөөрөлгүйгээр хэрэглэгчдэд стэблкойн худалдан авах, стейклэхийг хориглосон байна. Уг тусгай зөвшөөрлийг авахын тулд биржүүд тодорхой хуулийн шаардлагуудыг хангах ёстой ажээ. 

Эх сурвалж: Corex newsletter